М.Санжаа: Жолооч нарыг хохироож байгаа даатгалын компаниудыг олон нийтэд зарлах хэрэгтэй

М.Санжаа: Жолооч нарыг хохироож байгаа даатгалын компаниудыг олон нийтэд зарлах хэрэгтэй

“Жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн М.Санжаатай ярилцлаа.

Танай холбоо хэзээ байгуулагдсан вэ? хэдэн гишүүнтэй вэ?

Манай холбоо байгуулагдаад 5 жил болсон . Энэ хугацаанд 800 гаруй гишүүнтэй болжээ. Гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үйлчилдэг.

Албан журмын даатгал төлж байгаа жолооч нарын цөөнгүй  хэсэг нь даатгалын үр дүнг хүртэж чадахгүй байна гэсэн гомдолтой байдаг. Танай холбоо жолооч нарын эрх ашгийг хамгаалах тал дээр  ямар ажил хийж байгаа вэ?

Албан журмын даатгалын хууль гараад таван жил болчихлоо. Жолооч нар даатгалаа төлж хэвшиж байна. Даатгалын компаниуд  жолооч нарын хохирлыг барагдуулж чадаж байна уу? гэдэг нь өнөөдөр асуудал болоод байна. Бид хохирол барагдуулахгүй, жолооч нарыг хохироож байгаа  даатгалын компаниудын талаар зохих ёсны байгууллагуудад  хандаж, олон нийтэд нэрийн зарлах хэрэгтэй гэж үзэж байгаа.

Жолооч нар маань аль даатгалын компани ямар зөрчил гаргаж байгааг маш тодорхой, баримт нотолгоотой мэдээллийг бидэнд өгч болно. Ийм үед бид иргэний гомдлыг холбогдох газруудад нь дамжуулж өгдөг. Мөн нийтийн эрх ашиг талаас бид дуу хоолойгоо хүргэж ажилладаг.

Ер нь бол даатгалын компаниуд даатгалаа борлуулахдаа аман сурталчилгаа сайтар хийж, жолооч нартай гэрээ байгуулдаг. Ингэчхээд дараа нь хохирол барагдуулах тал дээрээ сул ажиллаж байна. Жолооч даатгалын компанитай гэрээ хийж, даатгалын хураамжаа төлсөн бол даатгалын компаниуд хохирлыг барагдуулах ёстой.

Албан журмын даатгал хохирогчийг хамгаалдаг, жолооч нарт хэрэгтэй даатгал. Гэтэл жолооч нар албан журмын даатгалд сэтгэл дундуур байгаа энэ байдлыг та хэрхэн харж байна вэ?

Даатгалын компаниуд урамшууллаа ил тод болгох хэрэгтэй. Аваар, осол гаргаагүй 3 жил болсон жолооч нарыг урамшуулна. Татварын хувь хэмжээг багасгана гэдэг ч юм гэх байдлаар.

Гэтэл өнөөдөр даатгалын компаниудын урамшуулал нь  дандаа далд явагддаг,  үйл ажиллагаа  нь тодорхой бус байна. Энэ нөхцөл байдлаас болж жолооч нарын албан журмын даатгалд хандах хандлага сайнгүй байгаа.

Жолооч нар бага хэмжээний зөрчил гаргасан үед замын цагдаа дуудаж байж асуудлыг шийднэ гэсэн даатгалын компаниудын шаардлагаас болж жолооч нар цагдаад торгуулах, оноогоо хасуулах зэргээр хохирч байна гэсэн гомдол гарч байна?

Жолооч нар анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Жижиг хэмжээний зөрчил гарахад замын цагдааг хүлээх шаардлагагүй. Даатгалаа дуудаад асуудлаа шийдвэрлүүлж болно.

Мэдээж даатгалын компаниудад шуурхай алба заавал байх ёстой.

Жолооч нараас даатгалын хураамж авсан л юм чинь үйлчилгээгээ үзүүлэх л ёстой. Даатгалын  систем хөгжсөн оронд  даатгал нь цагдаагаасаа түрүүлж ирдэг. Манайд замын цагдаа ирсний дараа даатгал ирэх нь элбэг. Ийм байж болохгүй.

Даатгалын шуурхай алба ослын газарт ирээд үзэлгээ хийж,  зургаараа баталгаажуулаад явахад л болно шүү дээ. Энэ асуудалд холбогдох газрууд нь анхаарах шаардлага байгаа.

Зарим судлаачид жолооч нарын төлж байгаа даатгалын хэмжээг нэмж байж, жолооч нарт чанартай үйлчилгээ хүрнэ гэж ярьж байсан. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?  

Даатгалын хэмжээг нэмж болохгүй. Даатгалын компаниуд дээр 1-5 тэрбум төгрөг төвлөрдөг. Энэ мөнгө бүгд даатгалд зориулагдахгүй байгаа шүү дээ. Бүх жолооч нар осол гаргахгүй нь ойлгомжтой.

Санхүүгийн зохицуулах хороо үүн дээр хяналт тавих ёстой. Эрсдэлийн сантай байж ямар ч тохиолдолд хохирлыг барагдуулах ёстой. Даатгалын компаниуд мөнгө байхгүй гэж хэлэх эрх байхгүй.

Албан журмын даатгалд хамрагдаж байгаа шинэ жолооч нарт юу гэж зөвлөх вэ?

Жолооч нар аль болох осол, аваар гаргахгүй хариуцлагатай явахад анхаарах хэрэгтэй. Хэрэв осол аваар гаргасан тохиолдолд даатгалаар хохирлоо барагдуулах бүрэн эрхтэй. Даатгалын компаниудтай гэрээ байгуулахдаа  надад ямар үйлчилгээ үзүүлэх вэ?  шаардлагатай үед яаж туслах юм, зам тээврийн осол гаргаагүй тохиолдолд ямар урамшуулал авах вэ? гэж тодорхой асуу.

Энэ талаар гэрээнд яаж тусгасныг уншиж байж гэрээгээ байгуул. Манай жолооч нар гэрээтэйгээ танилцаагүй гарын үсэг зурдаг. Энэ бол там алдаа.

Танай холбоо жолооч нарын эрх ашгийн төлөө ажилладаг. Цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбоо ганц л байгаа. Цаашдаа холбооныхоо гишүүн жолооч нартайгаа  илүү ойр ажиллах зорилготой. Жишээ нь хөдөө орон нутагт явж байгаад цасанд суучихлаа, дугуйн хагарчихлаа гэхэд манай холбооны гишүүн бол очиж туслах жишээний.

Гишүүнчлэлээ нэмэх хэрэгтэй байгаа. Жолооч нарын эрх яаж зөрчигдөж байна энэ асуудалд мөн анхаарлаа хандуулна. Жолооч нартай холбоотой бүх хуулиудыг сурталчилна таниулах ажлыг хийхээр төлөвлөж байна.

Ярилцсан

Vip76.mn Ц.Соёлмаа