Эдийн засаг, худалдааны 8 дугаар хуралдаан зохион байгуулагдлаа
2018.03.22

Эдийн засаг, худалдааны 8 дугаар хуралдаан зохион байгуулагдлаа

Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хамтарсан хорооны хуралдааныг монголын талаас Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, туркийн талаас Шадар сайд Хакан Чавушолу нар тус тус тэргүүлэн оролцов.

Турк Улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийх айлчлалын өмнөхөн болсон энэ хуралдаан айлчлалын бэлтгэл, бодит үр дүнг хангахад чухал үүрэгтэй байлаа.

Талууд таван жилийн дараа зохион байгуулж байгаа хамтарсан хорооны энэ удаагийн хуралдаанаар сүүлийн жилүүдэд хоёр талын харилцааны хүрээнд яригдаж шийдэл хүлээж байсан олон асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдал, чиглэлийн талаар яриа хэлцэл хийв.

Хоёр талаас дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлцэл, арга хэмжээг тэдгээрийн ач холбогдол, цаг үеийн шаардлагын дагуу ойр давтамжтай хийж байхаар тохирсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбарт өргөжүүлэхэд хамтран ажиллахаа нотлов.