Ц.Нямдорж Ж.Бат-Эрдэнэ 2018.05.08 | Сайт: Vip76.mn

Монголын тээвэрчид гуравдагч улс уруу тээвэрлэлт гүйцэтгэх,дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой боллоо

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг УИХ-ын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар баталсан юм.

Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Киргиз, Беларусь, Латви улстай байгуулж, олон улсын хэмжээнд авто тээврийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн ХОЁР жилийн тээвэрлэлтийн статистик үзүүлэлтээс харахад нийт тээвэрлэсэн зорчигчийн 98  орчим хувийг, тээсэн ачааны 47 хувийг АВТО ТЭЭВРЭЭР гүйцэтгэсэн бөгөөд тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээг ӨРГӨЖҮҮЛЭХ боломж, шаардлага үүсч байна.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хавсралтад “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тусгагдсаны дагуу гурван улсын төлөөлөл ОХУ-ын Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Уг хэлэлцээр нь 20 зүйл, 3 хавсралтаас бүрдэх бөгөөд уг хэлэлцээрийн хамрах хүрээ, нэр томьёоны тайлбар, талуудын эрх, үүрэг, тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл, ерөнхий шаардлагууд, тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээ, тээвэрлэгчийн үүрэг, хариуцлага, татвар, даатгалын асуудал, тээвэрлэгч, жолоочийн хүлээх хариуцлага, хамтарсан хороо байгуулах, хорооны ажлын удирдамж, чиг үүрэг зэрэг тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалт, баримтлах шаардлага, нөхцөлүүдийг зохицуулсан билээ.

Хэлэлцээрийн үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих. Мөн авто тээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх явдал юм

 Засгийн газар хоорондын энэхүү гурван талт хэлэлцээр соёрхон батлагдсанаар дараах ач холбогдолтой.
  • Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэнэ. Ингэснээр ачааг анхны цэгээс эцсийн цэг хүртэл саадгүй, аливаа хяналт шалгалтгүй, шуурхай хүргэдэг болно.
  • Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэгээр нөлөөлнө.
  • Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө.
  • Авто замын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэхтэй холбогдуулан Азийн авто замын сүлжээний АНЗ болон АН4 авто замд орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах системийг нэвтрүүлэх, олон улсын авто замын дагуу жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төвүүдийг байгуулах боломж бүрдэх юм байна.

Гэхдээ манай улсын хувьд олон улсын дамжин өнгөрөх авто тээвэрлэлтэд замын эвдрэл, гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ, камержуулалт, жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгал гээд олон асуудлыг олон улсын жишиг шаардлагад нийцүүлж сайжруулах асуудал тулгарч байгаа. Энэ асуудлыг яаж шийдэх талаа хууль хэлэлцэх үед  гишүүд салбарын мэргэжилтнүүдээс тодруулж байсан.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Б.ЦОГТГЭРЭЛ:

Олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх АН3 авто замын чиглэл нь ОХУ-ын Улан-Үд-Хиагтаас манай улсын Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайшанд, БНХАУ-ын Эрээн хотоор дамжин Тяньжин боомт хүрэх юм. Энэ чиглэлд 2016 оны 09 дүгээр сард гурван улсын туршилтын тээвэр хийгдэж, манай улсын дугаартай манай улсын автомашин Тяньжин боомтод хүрч ачаа тээвэрлээд ирсэн. Энэхүү тээвэрлэлтийн үр дүнгийн тайлангаар манай улсын тухайд замын эвдрэл, гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ,  камержуулалт, жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгал гээд олон асуудлыг олон улсын жишиг шаардлагад нийцүүлж сайжруулах асуудал тавигдсан. Тиймээс Азийн хөгжлийн банкны зээлээр Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн олон улсын авто замын шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсон. Энэ хүрээнд хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлд тодорхой асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байгаа гэсэн хариултыг өгсөн.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АВТО ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА С.БАТБОЛД

Эдийн засгийн үр өгөөжийн тухайд хэлэлцээр соёрхон батлагдаж хэрэгжсэнээрманай улсын гадаад худалдаа 20 орчим хувиар нэмэгдэнэ, мөн 200 орчим жолооч байнгын ажлын байртай, олон улс дамнасан зам тээврийн дэд бүтцийг дагаад 3000-4000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо хийгдсэн. Түүнчлэн Алтанбулаг, Замын Үүдийн чөлөөт бүсүүд жинхэнэ утгаараа хөгжих боломж нээгдэнэ. Мөн олон улсын авто замын АН4 чиглэлээр дотоодын бараа, түүхий эдийг тээвэрлэхэд Цагааннуурын чөлөөт бүс чухал үүрэгтэй гэж үзэж, бэлтгэл ажлыг хангахад анхаарч байгаа гэдгийг хэлж байсан юм.

Ийнхүү Засгийн газар хоорондын энэхүү гурван талт хэлэлцээр соёрхон батлагдсанаарМонголын тээвэрчид гуравдагч улс уруу тээвэрлэлт гүйцэтгэх,дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрхзүйн зохицуулалт бий болж байна.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа