2018.05.12

“МNC” телевизийн “Мөнхтөрийн цаг” ярилцлагад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ оролцлоо

 “МNC” телевизийн “Мөнхтөрийн цаг” ярилцлагад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрээр улс орныхоо хөгжлийн талаар ярилцав.

-          Та 2005 онд “Алсын хараа” гэдэг ном бичсэн. Тэр номонд Бүргэд өндөрт нисэх тусмаа алсыг хардаг гэж бичигдсэн байдаг. Үүнээс хойш 13 жил өнгөрсөн байна.  Одоо тэр бүргэд өндрөөс Монгол орны хөгжлийг харж байгаа болов уу? гэж ойлгож байна. Харьцуулаад бодоход танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-         Тэр номын сүүлийн хуудсанд 10 жилийн дараа улс орныхоо алсын харааны талаар ном ахин бичнэ гэж амлаж байсан. Тиймээс улс орныхоо ирээдүйн 25 жилийг төсөөлөх судалгааны ажлыг хийж эхэлсэн.  Мөн зөвхөн Монголдоо хүмүүстэй уулзаад туйлын зөв юм гэж бодож болохгүй  тул алсыг зорих хэрэгтэй болсон. Хамгийн зөв сонголт Харвардын их сургууль байсан.  Тэнд дэлхийн 132 орны залуустай уулзах, ярилцах боломж олддог.  2005 оноос хойш улс  орон маань өөрчлөгдсөн байна.  Миний хувьд ч гэсэн их өөрчлөлт гарлаа. 2040 он гэхэд Монгол улс минь ийм байгаасай гэсэн мөрөөдөл байдаг. Түүнийгээ "Азийн хөлөг улс" гэдэг нэртэй бүтээл болгож хэвлүүлсэн.