Саранчимэг.Б 2018.05.14 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Олимпийн алдар" одонгоор шагнагдлаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Олимпийн алдар" одонгоор шагнагдлаа
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Итали Улсын Кальяри хотноо зохион байгуулагдсан “Шатар сонирхогчдын Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон билээ.

Түүний амжилтыг үнэлэж Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч баяр хүргэн, Монголын үндэсний олимпийн хорооны "Олимпийн алдар" одонгоор шагналаа.

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган,Дэлхий шатрын холбооны эмэгтэй мастер Д.Мөнхзул, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Дашрамд мэдээлэхэд: Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг хүүхэд байхаасаа шатрын спортоор хичээллэсэн нэгэн.

Мөн сүүлийн хоёр жил гишүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулж байгаа “Цэцэн түшээ”шатрын тэмцээний “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор хоёр жил дараалан тодорсон юм.

Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, “ОЮУНЛАГ ТҮШЭЭ”-гээр мөн шалгарсан.

Б.Саранчимэг гишүүн өөрөө шатар тоглож, хичээллэхээс гадна шатрын спортыг хөгжүүлэх, тэр дундаа хүүхдүүдийг шатраар хичээллэхийг хөхүүлэн дэмждэг.

Тухайлбал, өнгөрсөн жилээс өөрийн нэрэмжит “НОГООН БЭРС"өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг хагас жил тутам зохион байгуулж байна.  

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа