А.Ундраа: М.Энхболд даргаас болоод намайг дуугарч чаддаггүй гэж хардах нь зохисгүй хэрэг
2018.06.15

А.Ундраа: М.Энхболд даргаас болоод намайг дуугарч чаддаггүй гэж хардах нь зохисгүй хэрэг

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-М.ОЮУНЧИМЭГ ГИШҮҮН САНАЛЫН ХУУДСАА НАДАД ХАРУУЛСАН 
ГЭДЭГ НЬ ХУДЛАА-

-Хаврын чуулганаас өмнө амжиж батлах учиртай олон чухал хууль шил дараалан хүлээж байхад парламент хүчирхийлэлд нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хоёр долоо хоног дараалан хэлэлцэж байгаа нь танд хэр зохистой санагдаж байна вэ? 

-Улсын Ерөнхий прокуророос ирсэн хүсэлт нь Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх замаар хууль хяналтын байгууллага ажлаа хийх боломжийг бүрдүүлж өгнө үү гэсэн ерөнхий утгатай байсан. Энгийн иргэний нэгэн адил хуулийн өмнө тэгш байх зарчим дээр тулгуурласан хүсэлт гэсэн үг. Мэдээж таны хэлсэнчлэн, олон чухал хууль хүлээгдэж байгаа нь үнэн. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүй, хариуцлагын асуудал ч бас чухал сэдвүүдийн нэг. Тиймээс ч прокурорын хүсэлтийг цаг алдалгүй, хуулийн хугацаанд нь хэлэлцсэн явдлыг зарчмын хувьд дэмжсэн.

-Прокурорын хүсэлт парламент дээр унахад эмэгтэй гишүүний хувиар хэрхэн хүлээж авав?

-УИХ-аас хоёр гишүүнийг түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэр гарахаас өмнө эмэгтэй гишүүд хэвлэлийн бага хурал хурал хийсэн. Ер нь олонхи эмэгтэй гишүүд түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн санал дээр байр суурь нэгдмэл байсан. Энэ нь эмэгтэй гишүүд Д.Мурат, Д.Гантулга нарын мууг үзье гэж улайрсан хэрэг биш юм. Гол нь, УИХ гишүүн өндөр ёс зүй, хариуцлагатай байх учиртай. Хүчирхийллийн хэрэгт нэр холбогдоно гэдэг нь өөрөө ёс зүйгүй асуудал. Гэхдээ УИХ шүүх биш. Хуулийн байгууллагаар гэм буруутай эсэхээ тогтоолгох ёстой. Энэ үүднээс эмэгтэй гишүүд асуудалд хандсан. Биднийг мэдээлэл хийсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороон дээр түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн санал дэмжигдсэн хэдий ч чуулган дээр уначихсан. Эмэгтэй гишүүний хувьд энэ нь надад маш харамсалтай санагдсан. Харин даваа гаригт эмэгтэй гишүүд хамтарч, Ерөнхийлөгчид хандан, УИХ-аас гаргасан уг шийдвэрт хориг тавих хүсэлт хүргүүлэхээр шийдсэн юм. Ер нь энэ асуудал дээр эмэгтэй гишүүд хатуу байр суурьтай байсан хэдий ч бидний тоо цөөдөж, хүч сулдсан тал байгаа.

-Гэхдээ эмэгтэй гишүүд нэг цул болж чадаагүй. Энэ нь эрх баригч намын 32/33-ын бүлгийн хуваагдлыг илүү томруунаар харуулж өгсөн явдал боллоо?

-Өнгөрсөн хагас сайн өдөр танай Мэдээ.мн сайт энэ асуудал дээр анализ гаргасан байсан. Дүгнэлт нь миний байр суурьтай дөхөм харагдаж байна лээ. Мэдээж хувь гишүүн энэ асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлэх эрхтэй. Тэр утгаараа эмэгтэй гишүүдийн олонхи түдгэлзүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсныг олон нийт ч харсан. Миний хувьд ч тэр, түдгэлзүүлж байгаад асуудлыг нь шалгах ёстой гэсэн байр сууринаас асуудалд хандсан.

-Олон нийтийн сүлжээнд та М.Оюунчимэг гишүүнтэй хурцаар маргалдсан. Яг М.Оюунчимэг гишүүний хэлсэнчлэн “түдгэлзүүлэх нь зүйтэй” гэсэн саналыг “дэмжихгүй” томьёоллоор зурчихаад танд харуулсан нь үнэн юм уу? 

-М.Оюунчимэг гишүүн саналын хуудсаа надад харуулсан гэдэг нь худлаа. Нууц санал хураалт байсан учраас би хэний ч саналыг хараагүй. Тийм байхад надад саналын хуудсаа харуулсан мэтээр бүлэг дээр ярьсан нь зохисгүй санагдсан. Би тэр үед бүлгийн хурал дээр байгаагүй. Гэхдээ олон нийт, тэр дундаа сэтгүүлчид бидний хэн бэ гэдгийг сайн мэддэг гэж хувьдаа ойлгож байгаа. Ялангуяа сэтгүүлчид нэгнээ ямар хүн бэ гэдгийг илүү сайн мэдэж байгаа болов уу.

-Хүчирхийллийн асуудал дээр эмэгтэй гишүүд байр сууриа нэгтгэж чадаагүй нь харамсалтай. Та хэд нэгдэж байж, нийгэмд үйлчлэх хэмжээний том хүч үүсгэнэ шүү дээ?  

-Ер нь эмэгтэй гишүүдийн оролцоо, идэвхи санаачилга нийгэмд ямар чухал үүрэгтэй байгааг энэ үйл явдал харууллаа гэж би хувьдаа ойлгосон. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар Үндэсний статистикийн хорооноос олон улсын донор байгууллагуудтай хамтран, нэлээд урт хугацаа шаардсан судалгаа хийж, тайлангаа гаргасан. Яг энэ тайлан танилцуулагдсан өдөр гишүүнийг чөлөөлөх асуудлаар санал хураалт явагдаж таарлаа. Цаанаасаа нэг түүхэн тохиол гэмээр ч юм шиг. Энэ тайланд маш олон сэтгэл өвтгөм мэдээлэл дурдагдсан байна. Судалгааны мэргэжилтэн айлд ороход “Та нар 10 жилийн өмнө хаана байсан бэ” гээд гэрийн эзэгтэй уйлсан байх жишээтэй. Хүчирхийлэл өнөөдөр ийм сэтгэл өвтгөм хэмжээнд очсон байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд насан туршдаа үүнийг гэтлэн давж чадахгүй байх тохиолдол ч байгаа. Ийм нөхцөлд бид гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөөд сууж байна. Энэ нь энгийн нэгэн айл өрхөөс өгсүүлээд төрийн өндөр хэмжээнд хүртэл хүчирхийллийн эсрэг маш тууштай ажиллах шаардлага үүссэнийг нь харуулж байгаа юм. Мэдээж аль ч гишүүний хувийн байр суурьд бид хүндэтгэлтэй хандах учиртай. Тиймээс хувь гишүүдийг шууд байдлаар буруутган, нэр цохож яримааргүй байна. Тийм сонирхол ч алга. Гол нь бид энэ тулгамдаж байгаа асуудлаа яримаар байна. Нийгмээрээ энэ бэрхшээлийг даван гарч, эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэдийн эрхийг төр засгаас хангаж өгөх  хэрэгтэй. Үүний тулд бид эв нэгдэлтэй, асуудалд зарчимтай, шинжлэх ухаанч хандаж хэвших учиртай л гэж хэлмээр байна.

-НАМАЙГ ТВИТТЕРТ ЯНЗ БҮРЭЭР “ТАЙРАХ” ГЭЖ ОРОЛДСОН-

-Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод, хоёр жил парламентад суучихлаа. Эмэгтэй гишүүн шинжлэх ухаанч, бодитой байдлаар асуудалд хандаж, тодорхой нөлөөлөл үзүүлж ажиллах боломж парламентад хэр нээлттэй байна вэ? 

-Ямар ч асуудал дээр бодитой хандаж, судалгаа шинжилгээтэй нь танилцаж явах нь гишүүдийн үндсэн үүрэг. Би өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Баяжуулсан хүнсний тухай хуулин дээр ажилласан. Энэ хуулийг батлуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, мэргэжлийн хүрээний хүмүүсийг сонсох, үйлдвэрүүдтэй танилцах хооронд “Хүн амын хүнс тэжээлийн тавдугаар судалгаа” гарсан юм. Судалгааны дүн оны эхээр гарч, нэлээд сайн уншиж судалсан. Хуулийг хэлэлцэх хугацаанд гишүүд ч судалгааны тайланг идэвхитэй уншиж, асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандсан нь надад таалагдсан. Гэхдээ бүх зүйл дээр гишүүд сайн ажилладаг гэвэл зохисгүй. Бид одоо “попрох” гэдэг үгийг түгээмэл хэрэглэж байна. Популист байдлаар олон нийтэд таалагдах гэсэн утгатай үгийн эхний гурван үсгийг авч  байгаад “попрох” гэсэн шинэ үйл үг үүсгэчихсэн байгаа юм. Энэ “попрох” гэдэг үг асуудалд судалгаатай, ул суурьтай хандах алхмын эсрэг зүгт явдаг. Тухайлахад, намайг хүчирхийллийн асуудлаар ярихаар “Өмнө нь дуугарч байхгүй яасан юм бэ” гэхчилэн дайрч байгаа юм. Өмнө нь энэ асуудлаар би уг нь дуугарч л байсан юм. Хэвлэлээр нэг их яриа өгөөд байдаггүй л дээ. Олон дуугараад байя гэхээсээ илүү ажлаа хийгээд явах л зарчим барьдаг. Магадгүй би яриагаа сошиал орчинд сайн идэвхижүүлж, нэг асуудлаар олон давтамжтай ярих ёстой байсан байж болох юм. “Би дэндүү аяархан ярьчихав уу” гэж эргэцүүлж бодсон. Ер нь эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо өндөр болсон. Энэ нь олон хүний дургүйг хүргэх тохиолдол ч байна. Би түүнийг алхам тутамдаа мэдэрч байна.

-Эсрэгээрээ олон нийтэд “попорч” байгаа гишүүд “сайхан” харагдаад, асуудалд нухацтай ханддаг мөртлөө цөөн дуугардаг гишүүдийг “Хуралдаа суудаг юм уу” гэж лавладаг. Уг нь асуудалд шинжлэх ухаанч, илүү ул суурьтай ханддаг хэсэг нь түлхүү яривал олон нийт ч соён гэгээрээд явах сайн талтай. Тухайлахад, та яагаад чуулган дээр төдийлөн дуугардаггүй юм бэ?  

-Олон жил эрдмийн ажил хийсэн хүний онцлог. Нэг хүн бүх асуудлаар төгс мэдлэгтэй болох боломжгүй. Мэдэхийн тулд маш их хугацаа шаарддаг. Мэддэг гэсэн итгэлтэй байж л түүн дээрээ дуугарах учиртай. Мэдэхгүй, цухас мэдлэгтэй мөртлөө асуудал бүр дээр дуугараад ирэхээр үнэмшилгүй болгочихдог. Тэгж ярих нь ч өөрөө зохисгүй юм. Гэхдээ зарим мэдээллийг ойр ойрхон хуваалцаад явах нь зөв юм байна гэж надад санагдаж байгаа. Энэ бүхэнд би суралцаад л явж байна. Яг нэг бодоод байгаа зүйлийг та хөндөж асуулаа. Би дуугарахдаа хэт “зөөлхөн” дуугараад байгаа. Гол нь би нэг асуудлаар яриад орхичихдоггүй. Тууштай бариад, цаашаа явдаг.

-Твитерт таныг “дуугарсангүй” гэж шүүмжилсэн?

-Намайг твитерт янз бүрээр “тайрах” гэж оролдсон. Гэхдээ би асуудалд амархан буугаад өгдөг хүн биш. Багшийн маань намайг “Тууштай” гэж тодорхойлсон үг байдаг. Би жендерийн энэ асуудал дээр яг тууштай явна. Шүүмжлэх, эс шүүмжлэх надад хамаагүй.

-Таныг УИХ-ын дарга М.Энхболдын “ойрын хүн” гэж тодорхойлдог. Тиймээс ч та асуудалд шүүмжлэлтэй хандаж, хурцаар дуугарч чаддаггүй юм биш үү? 

-Тийм зүйл байхгүй дээ. М.Энхболд даргаас болоод, намайг дуугарч чаддаггүй гэж хардах нь зохисгүй. Би өөрийн гэсэн бодолтой хүн. Тэр үүднээсээ л асуудалд ханддаг. Бүхнийг мэддэг мэргэн бөөдий шиг биш. Судалж байгаа, асуудалд хандъя л гэж боддог. Сонгогчид маань ч ажлаа хийгээд байгаа мөртлөө дуугарахгүй байна гэж хэлсэн удаа ч бий.

-“ЗА, ЗА. АЖЛАА ОЛЧИХСОН ЮМ БАЙНА” ГЭЖ ХЭЛЭЭД Л ӨНГӨРЧ БАЙЛАА-

-Таны талаар төрөөс өндөр тэтгэлэг авч, гадаадад сурсан мөртлөө ирээд  гэрээнийхээ хүрээнд ажиллаагүй гэх мэдээлэл гарсан. Энэ яг ямар учиртай юм бэ?

-Энэ асуудлыг улс төржүүлээд, нэлээд дайрсан. Би тухайн үед Төрийн сангаас тэтгэлэг авч суралцсан. Гэхдээ манай нэр томьёонд тэтгэлэг гэж байхгүй. Тэр үгийг зээл гэж нэрлэдэг. Тэр үед нэлээд олон хүн тэтгэлэг авсан байдаг. Тэдгээр дотроос эдүгээ олны танил болсон, улс төрийн өндөр амбицтай яваа хүмүүсийг ч би нэрлэж чадна. Энэ бол Монголын төр засгаас монгол хүмүүсийн оюун санаанд оруулсан хөрөнгө оруулалт гэж би хувьдаа хардаг. Тэдгээр азтай хүмүүсийн нэг нь би. Тиймээс ч би тэтгэлгээр суралцсан явдалдаа үргэлж талархалтай явдаг.

-Гэрээний нөхцлөөрөө та ирээд эзэмшсэн мэргэжлээрээ тухайлсан яаманд ажиллах ёстой байсан юм биш үү?

-Гэрээний нөхцөл нь юуны өмнө тухайн мэргэжлээрээ амжилттай суралцах ёстой. Эргэж ирээд таваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах ёстой гэсэн заалтууд байсан. Би АНУ-д суралцах хугацаандаа маш их мэрийсэн. Төгсөхдөө докторын эрдмийн ажлыг минь “Онцгой сайн” гэсэн ангилалд оруулж, тусгай шагнал олгож байлаа. Нэг ёсондоо гэрээнийхээ чухал нөхцлийг биелүүлсэн гэсэн үг. Энэ нь өөрөө миний хүмүүжилтэй холбоотой. Монголд ирээд Боловсролын яаман дээр очиж уулзсан. Тухайн үедээ Гадаад харилцааны яаманд ажилд орсон байв. “Би  сураад ирлээ. Одоо яах ёстой вэ” гэж асуухад минь “За ирчихсэн бол болно” гэж хариулсан юм. Тэгэхээр нь би “Уг нь гэрээгээрээ Боловсролын яаманд ажиллах ёстой” гэвэл миний уулзсан хүн “Боловсролын яаманд ажил байхгүй. Өөрөө ажлаа олоод хий” гэж нэлээд ууртай хэлсэн.

-Хэдэн оны үед гэсэн үг вэ?

-2010 онд юм. Намайг Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаагаа хэлтэл “За за, ажлаа олчихсон л юм байна” гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд гурван жилийн дараа Боловсролын яамны надтай уулзсан хүн нас барсан гэж сонссон доо. Тухайн үед ийм л процесс болоод өнгөрсөн. Намайг тэтгэлгээр сурчихаад алга болчихсон гэж ярьдаг. Би хэзээ ч алга болоогүй. Өнөөдөр би төрийн түшээ болчихоод, ажлаа хийгээд л явж байна.

-Тэтгэлгийн хэмжээ нь өндөр байсан юм уу?

-Бусдын л адил хоёр жилийн хугацаатай тэтгэлэг байсан. Гэхдээ тэтгэлэг авчихаад, сургуульдаа сураагүй маш олон хүн байдаг. Тухайн чиглэлээрээ сураагүй хэсэг ч байна. Сурчихаад хаана байгаа нь мэдэгдэхгүй, алга болчихсон нь ч бий. Энэ бүхэн Монголын төр иргэддээ оюуны хөрөнгө оруулалт хийчихээд, араас нь хөөцөлдөггүйн нэг илрэл. Тэдгээр хүмүүс ч хаана яваагаа мэдэгддэг, тэтгэлгийн үр дүнгээ тайлагнадаг байх ёстой юм. Би УИХ-ын гишүүн болчихсон учраас тэтгэлгээр суралцсан маань бусдын анхаарлыг татсан.

-ГИШҮҮДИЙН КАМЕРЫН ӨМНӨХ БА ХОЙД ДҮРИЙГ ХАРАХ 
НАДАД “ШОК” БАЙСАН-

-Хаврын чуулган завсарлахад маш цөөхөн ажлын хоног үлдлээ. Та энэ хугацаанд ямар хуулиудыг амжиж батлагдан, хэрэгжээсэй гэж бодож байна вэ?

-Татварын багц хуулиуд УИХ-аар хэлэлцэгдэж байна. Гишүүд боловсруулалт дутуу байна, дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжээгүй байна, тэдэнд гадныхнаас илүү хатуу хандаж болохгүй гэх зэргээр шүүмжилж байгаа. Хуулийн төсөл нь өөрөө чухал хэдий ч гишүүдийн санаа бодлыг сайн тусгаж, батлах учиртай. Миний хувьд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг батлагдаасай гэж хүсч байна. Иргэдийн эх оронч төлөвшил, орон нутгаа бэхжүүлэх, батлан хамгаалах асуудал маш чухал байна.  Цэрэг дайны аюул манайд бага боловч уламжлалт бус  аюул манай улсад өндөр байна. Тухайлахад, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн дутагдал зэрэг асуудлаа бид яаралтай зохицуулах хэрэгтэй. Энэ мэтээр олон чухал асуудлыг чуулганаар хэлэлцэж байгаа хэдий ч бүх асуудлаа хэлэлцэж амжихгүй болов уу. Таны хэлсэнчлэн УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, хоригийг хүлээж авах эсэх асуудлууд нэлээд цаг авахаар байгаа нь үнэн. Уг нь энэ хоёр гишүүн маань асуудалд ороогүй бол бид энэ хугацаанд илүү чухал хуулийн төслүүдээ ярих байсан гэдэгтэй санал нэг байна.

-Танд УИХ-ын гишүүн болоод, парламентад орж ирэхэд “Ингэж л ажилладаг болов уу” гэсэн  ерөнхий төсөөлөл байсан байж таарна. Парламентын өнөөгийн байдал таны тэр хүлээлттэй хэр нийцэж байна вэ?

-Тодорхой тохиолдолд ажил хэрэгч хандах хандлага дутуу байгаа гишүүд бий. Камерын өмнө нэг зүйл ярьдаг. Цаана нь тэс өөр байдлаар асуудалд ханддаг. Энэ нөхцөл байдалтай би огт эвлэрч чадахгүй юм билээ. Үүнийгээ ч ойлгосон. Нөгөөтэйгүүр гишүүдийн камерын өмнөх ба хойд дүрийг харах надад “шок” байсан.

-Улс төрийн их дүйвээн дундуур Оюутолгойн асуудал замхраад байгаа юм шиг харагдлаа. УИХ-аас байгуулагдсан Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хянах ажлын хэсэг ямар түвшинд ажиллаж байгаа вэ?

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нэлээд өргөжсөн. Хэт өргөжсөн нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан ч асуудалд илүү бодитой хандах нэг нөхцөл бүрдсэн гэж харж байгаа. Ажлын хэсгээс дүгнэлтээ гаргаж, хаврын чуулганы төгсгөлд УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн чигтэйгээр бид ажиллаж байгаа. Ер нь асуудал руу гүн ороод, гэрээний хэрэгжилтийг харахаар Монголын талд ашиггүй олон заалт байгаа нь харагдсан. Бид ашиг олж болох маш олон эрхээсээ татгалзсан байна. Усны нөөцийн асуудал, газрын үнэлгээ зэрэг эргэж харах ёстой маш олон асуудал байгаа нь үнэн. Чуулганы төгсгөлд УИХ-аас тодорхой шийдвэр гаргаж, Засгийн газарт чиглэл өгөгдөх болов уу. Асуудал гээндээ ч бий, гоондоо ч бий. Гишүүд 34 хувиа зарах, 51 болгон нэмэгдүүлэхгэхчилэн олон хувилбар дэвшүүлж байна. Онолын хувьд энэ нь боломжтой хэдий ч бидэнд хэн итгэх вэ гэхчилэн олон асуудал бий. Миний хувьд энэ асуудал дээр байр сууриа эцэслээгүй байна.

-Хөрөнгө оруулагч талаас Ажлын хэсэгт багтсан гишүүдтэй уулзах санал тавьсан, лоббидох оролдлогууд хийсэн гэх мэдээлэл явсан. Энэ хэр бодитой бол?

-Би ажлын хэсэгт яг эхнээс нь багтаж ажилласан. Надад ийм асуудал тохиолдоогүй. Ажлын хэсгээс уурхайтай танилцах, орон нутагт ажиллах зэргээр уулзалтууд тасралтгүй хийж байна. Ингэж байж бид мэдээлэл авч, ажлаа урагшлуулж байна. Үүнийг зөв талаас нь харах ёстой болов уу.

-Хангалттай мэдээлэл авч чадаж байгаа юу?

-Ер нь бол чадаж байна. Гэхдээ зарим чиглэлд мэдээллээ хангалттай авч чадаагүй тохиолдол бий. Тухайлахад, ханган нийлүүлэлттэй холбоотой асуудал байна.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН