У.Хүрэлсүх 2018.06.25 | МИАТ сэтгүүл

У.Хүрэлсүх: Монголчуудын олон жилийн хүсэл биеллээ олж байна

У.Хүрэлсүх: Монголчуудын олон жилийн хүсэл биеллээ олж байна

Энэ сарын 22-нд буюу өнгө­рөгч баасан гарагт Дорно­говь аймгийн Алтан­ширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барил­гын ажлын суурийг тавьсан түүхэн үйл явдал боллоо. 

Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байгаа билээ. Тодруулбал, БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэх юм. Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх манай оронд айлчлан ирж, биечлэн оролцлоо.

Тэрбээр, “Жар гаруй жилийн дипломат хамтын ажиллагааны түүхтэй манай хоёр орны хувьд энэхүү төсөл нь шинэ түүх болж байна. Харилцаа хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны хөгжилд үсрэнгүй дэвшил авчирч, стратегийн түншлэлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Монголчуудын хувьд олон жил хүсэн хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүллээ. БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх биечлэн оролцож байгаад талархал илэрхийлье. Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэр. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжлийг шинэ шатанд гаргаж байгаа үйл явдал болж байна.

Монголын ард түмэн, Дорноговийн иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе” гэлээ. Энэхүү газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж байна. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Сэтгүүлч Б.Өнөртогтох

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn