С.Чинзориг 2018.08.24 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвд ШААРДЛАГАТАЙ нэмэлт САНХҮҮЖИЛТИЙГ шийдэхээ амлав

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвд ШААРДЛАГАТАЙ нэмэлт САНХҮҮЖИЛТИЙГ шийдэхээ амлав

Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр /2018-08-23/ тус улсын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажилтай танилцлаа. 

Энэ төв Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд 21 аймаг, нийслэлээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээж авч оношлогоо, эмчилгээ, нөхөн сэргээх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори, физик эмчилгээний кабинет, фитнесс, эмчилгээний усан сан, 2502 хүүхдийг хэвтүүлж эмчлэх ортой байх юм.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилга байгууламж, техник тоног төхөөрөмж зэрэг бүхий л асуудлыг дээрх буцалтгүй тусламжаар шийдвэрлэхээр тогтсон бөгөөд 250 ортой тус төвийн барилга угсралтын ажил 2016 оны есдүгээр сард эхэлсэн, одоогоор ажлынхаа 80 хувийг нугалаад байгаа төдийгүй гэрээний хугацаанаас өмнө буюу 2019 оны хоёрдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа гэдгээ гүйцэтгэгч компанийнхан танилцуулж байлаа. 
Ван И сайдыг барилгын явцтай танилцах үед уг төслийн дагалдах бүтээн байгуулалтын ажил тухайлбал, гүүрэн гарц, ногоон байгууламж, хашаа, хаягжуулалтын зардал, эмнэлэг сувилгааны тоног төхөөрөмж худалдаж авах зэргээр нэмэлт санхүүжилт шаардлагатай байгааг танилцуулахад айлчлалын багт хамт яваа Худалдааны яамны дэд сайд болон Монголд суугаа Элчин сайддаа асуудлыг яаралтай шийдэх үүрэг өгсөн. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг 350 хүн ажиллах бөгөөд тэднийг сургах, дадлагажуулах ажлыг одооноос хийх хэрэгтэй байгаа. Энэ ажилд мөн Ван И сайдаас дэмжлэг хүсэхэд асуудлыг шийдэхээ амласан. 

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйл ажиллагааг иж бүрнээр нь явуулах улсын хэмжээний цогцолбор төв ирэх оноос ажиллаж эхлэхэд ямар ч асуудалгүй боллоо.