Бямбацогт.С Оюундарь.Н Ш.Раднаасэд Л.Мөнхбаатар 2018.09.19 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинг сайжруулна

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинг сайжруулна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нарын зэрэг 14 гишүүн өөрсдийн санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсад гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсч ирсэн ба гэмт хэргийн улмаас 2014 онд 148.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол   2017 онд 198.1 тэрбум төгрөг болж өссөн, 2017 онд улсын хэмжээнд 32.2 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5.0 мянга буюу 18.7 хувиар өссөн, гэмт хэргийн улмаас 37.2 мянган хүн хохирсноос 4.7 хувийг нь хүүхэд, 48.8 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оноос 500 орчмоор нэмэгдсэн нь гэмт хэргийн учруулж байгаа хохирол, хор уршиг жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.

Улс орны хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй байгаа нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан хууль тогтоомжуудын уялдаа, хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхийг зүй ёсоор шаардаж байна.

Судалгааны тайлангуудад гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, гэмт явдалтай тэмцэх нэгдсэн бодлого, төлөвлөгөө бий болгох, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор тэмцэх, урьдчилан сэргийлэх, криминологийн шинэ арга, туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай талаар санал, зөвлөмж тусгасан байгаа нь цаашид урт хугацаанд үр нөлөөтэй үйлчлэх хэм хэмжээ үгүйлэгдэж байгааг илтгэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 8 бүлэгтэй юм.

Нэгдүгээр бүлэгт: хуулийн төслийн зорилт, хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын тодорхойлолт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго, үндсэн зарчмыг;

Хоёрдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг;

Гуравдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын болон тодорхой засаг захиргааны нэгжийн хэмжээнд уялдуулан зохицуулах талаарх зохицуулалтыг;

Дөрөвдүгээр бүлэгт:  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх Засгийн газар, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нутгийн захиргааны байгууллагууд болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн оролцооны талаарх зохицуулалтыг;

Тавдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах хэлбэрийг;

Зургадугаар бүлэгт: гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тавихтай холбоотой зохицуулалтыг;

Долдугаар бүлэгт:  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийн талаарх зохицуулалтыг;

Наймдугаар бүлэгт: бусад зүйл буюу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхлэх болон хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг тус тус тусгасан байна. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn