Бямбацогт.С 2018.10.11 | Vip76.mn

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэв

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэв

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Тус хуулийг  УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 09 сарын 19-нд өргөн мэдүүлжээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

    Нийт 8 бүлэг бүхий хуулийн төслийн зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим,үндсэн чиглэл, зохион байгуулалт, уул ажил дахь төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав. Төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын болон тодорхой засаг захиргааны нэгжийн хэмжээнд уялдуулан зохицуулах талаархи зохицуулалтыг төсөд тусгасан байна. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаархи Засгийн газар, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нутгийн захиргааны байгууллагууд болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн оролцооны талаарх зохицуулалтыг тусгажээ. Уг үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, ял эдэлсэн этгээдийг хянах асуудлыг, энэ төрлийн үйл ажиллагааны санхүүжилтийн талаар болон хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар төсөлд тусгасан болох С.Бямбацогт гишүүн танилцууллаа. Төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

Хуулийн төслийг ХЗБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. 

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авлаа.

Ийнхүү төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь дэмжив. Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.