Л.Болд 2018.10.26 | Vip76.mn

Л.Болд: Цаазын ялтай, ялгүй 2 улсын гэрээ хооронд ямар асуудал үүсэх вэ?

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

Ялтан шилжүүлэх асуудлын хүрээнд манай улс 2014 онд хоёр иргэнээ, 2016 онд нэг иргэнээ дипломат шугамаар шилжүүлж авчээ. Энэ оны 10 дугаар сарын байдлаар манай улсын 6 иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсад ял эдэлж байгаа бөгөөд тэднээс нэг  нь эх орондоо шилжих хүсэлт гаргаад байгаа юм байна.

Уих-ын гишүүд ажлын хэсэг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Болд:

“Цаазын ялтай холбоотой эерэг сөрөг байр сууриуд их байна. Казахстан улсад цаазын ял байдаг уу? Ард иргэдэд мэдээлэл өгөх шаардлагатай. Хэрвээ цаазын ялтай бол гэрээ хэрхэн хэрэгжих вэ? Монгол Улсын иргэн Алтантуяаг Малайз улсад хөнөөсөн. Захиалагч бус гүйцэтгэгч нь шийтгүүлээд өнгөрсөн. Захиалагч Австрали улсад зугтан гарсан. Цаазын ялын асуудал 2 улсын хооронд гэрээ байгуулахад асуудал үүсэх магадлалтай.”

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

“Эрүүгийн хууль бол тухайн улсын бүрэн эрхт байдлын баталгаа. Аливаа улсын байцаан шийтгэх ажиллагаа 2 улсын хил дээр дуусдаг. Ялтан шилжүүлэхэд нөгөө улс цаазын ял оноохгүй гэж үзвэл шилжүүлэх улс гэрээ байгуулсан ч шилжүүлэхгүй байх эрх нь бий. Монгол Улсад ял эдэлж байгаа 8 улсын 20 иргэн байна.

БНХАУ - 6

Вьетнам - 2

АНУ - 1

Австрали – 1

ОХУ – 7

БНСУ – 1

Нигер – 1

Бангладеш – 1

Яллагдагчаар татагдсан: БНСУ – 1, Тайвань – 1, БНКазУ-ын 1 иргэн байна.”