У.Хүрэлсүх 2018.11.06 | Vip76.mn

Шатахууны үнийн өсөлтийн талаар Ерөнхий сайд юу хэлэв?

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм. Харин хэлэлцүүлгийг үеэр Ерөнхий сайд шатахууны үнэ, долларын ханшны өсөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр цаашид үнэ тогворжуулах алхам хийлгүйгээр нефтийн үйлдвэрээ хурдан босгож, урт хугацааны арга хэмжээ авна гэдэг байр суурин дээр хатуу зогсож байгаагаа мэдэгдсэн юм. 2022 он гэхэд Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болохоор зорьж ажиллаж байгаа аж.

Тэрээр: "Шатахууны үнэ, долларын ханш өсч байгаа нь хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг би маш их мэдэрч байна. Харамсалтай нь шатахууны үнэ, долларын ханш Монголчууд бидний эдийн засгаас шууд хамаарахгүй. Энэ бол гадны хамааралтай зүйл. ОХУ-д Ерөнхий сайд Засгийн газрын кабинеттээ дотоод бензиний үйлдвэрлэлийн үнийг өсгөхгүй байх талаар хатуу үүрэг даалгавар өгсөн.

Бидний зүгээс монголдоо шатахууны үнийг цаашид тогтвортой барих, үнэ ханшийг буурах чиглэлээр Засгийн газар өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдээ авсан. Бензин шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Цаашдаа ч шатахууны үнийг буулгах чиглэлээр ОХУ-ын Үйлдвэр худалдааны сайд Роснефттэй яриа хэлцэл хийж байна.

Урт хугацаандаа бид нэг л зүйл хийх ёстой.

Энэ бол газрын тосны үйлдвэрээ байгуулах. Энэ л биднийг авч гарна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар газрын тосны үйлдвэрийг байгуулах ажлыг маш шуурхай эхэлсэн. Саяхан газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан.

Газрын тосны үйлдвэр байгуулах дэд бүтцийн ажил, эрчим хүчний ажил 90 хувьтай явж байна. Авто замын ажил 30-40 хувьтай явж байна. Ирэх жилийн намар дэд бүтцийн ажлыг дуусгана. Ингээд үйлдвэр байгуулах ажлууд эхэлж, 2022 он гэхэд газрын тосны үйлдвэртэй болно. Дотоодын хэрэгцээг 100 хувь дотоодынхоо нефь шатахуунаар хангах гэсэн зорилтыг дэвшүүлж байна.

Шатахууны үнэ ханшийн асуудал ганцхан У.Хүрэлсүхийн Засгийн газартай холбоотой асуудал биш. Энэ бол бүхий л Засгийн гарын тэргүүний толгойны өвчин болж ирснийг бид бүгд мэднэ. Нэг зүйлийг хатуу хэлэхэд би үнэ тогтворжуулах ажил хийхгүй. Би тэгж цаасан мөнгө хэвлэж ард түмнээ хуурахгүй. Ерөнхий сайдаар ажиллахын төлөө ард түмнээ хуурч, эдийн засгийн суурь үзүүлэлтийг үндсээр нь эвдэх сонирхол байхгүй. 2012-2016 онд 8 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж гаргасны үр дүнд улсын эдийн засаг дампуурсан. Тухайн цаг үедээ нефть шатахууны болон зарим нэг бараа таваарын үнийг төр засаг хатуу барьж байсан боловч харамсалтай нь энэ нь эдийн засгаа унагаах, сууриар нь хямралд оруулах үндэс суурийг тавьсан. Тиймээс цаасан мөнгө хэвлэж, ард түмнээ хуурч, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй. Харин нефтийн үйлдэвэрээ хурдан барьж, дотоод хэрэгцээгээ хангаж, монгол төгрөгөөр неть шатахуунаа худалдаж авдаг боломж нөхцөлийг Засгийн газар бүрдүүлнэ. Нефтийн үйлдвэрийг бариулахгүй байх хүч бий. Би олон хүндрэлтэй тулгарч байна. Энэ бүхнийг таслан зогсоож, давж гарна.

Энэ үйлдвэрийг байгуулснаар бид жилдээ 1.5 сая тонн нефть шатахуун гаргана. Түүний 800 мянган нь дизелийн түлш, 300 мянга нь бензин, 40 мянга нь онгоцны түлш болон бусад бүтээгдэхүүн байна. Ингэж чадвал бид долларын хашийг ч барина, дотооддоо 1 тэрбум долларыг шингээж чадна.

Цаашдаа нефтийн үнэ ханшаа тогтвортой барьж явна. Ингэж урт хугацааны эдийн засгийн бодлогыг хийнэ үү гэхээс түр зуурын гал унтраах байдлаар хандахгүй. Энэ бол улсаа хорлосон, ард түмнээ хуурсан хэрэг болно. Би ард түмэндээ үнэнийг хэлнэ."