Д.Сарантуяа:Архи үйлдвэрлэгчид төрд суух гэсэн санаархлаасаа ичих хэрэгтэй
2011.12.14

Д.Сарантуяа:Архи үйлдвэрлэгчид төрд суух гэсэн санаархлаасаа ичих хэрэгтэй

Архи үйлдвэрлэгчдийг төрөөс "арчиж", нийгмээ эрүүлжүүлье гэсэн уриалгыг Алкоголийн бус хүнс үйлдвэрлэгчдийн холбооноос гаргав. Энэ талаар тус холбооны тэргүүн Д.Сарантуяатай ярилцлаа.

-Алкоголийн бус хүнс үйлдвэрлэгчдийн холбоо гэсэн нэрнээс нь харахад л танай байгууллага архины эсрэг чиглэсэн гэдэг нь ойлгогдож байна. Нийгэмд хандсан ямар ажил хийж байна вэ?

-Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаа бус бусад хүнс үйлдвэрлэгч томоохон үйлдвэрийнхэн нэгдэж энэ холбоог байгуулсан. 2006 оноос хойш архины эсрэг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ оны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архинаас татгалзаж, сүү өргөж байх тухай уриалга гаргасантай холбоотойгоор холбооны үйл ажиллагаа улам эрчимжиж дүүргийн байгууллага, иргэн нийлсэн 30 мянган гишүүнтэй болсон. Хэдийгээр төрийн бус байгууллага, холбоод архины эсрэг тэмцэж байгаа ч төр нь архинаас татгалзаагүй, иргэдээ уриалаагүй, архи үйлдвэрлэгчид нь хууль батлалцаж, өөрсдийгөө өөгшүүлсээр байгаа тохиолдолд тодорхой үр дүнд хүрч чадахгүй л дээ.

-Тэгэхээр ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын санаачилсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлторуулах төсөлд УИХ-д архи үйлдвэрлэгч байх ёсгүй гэсэн санаа агуулагдаж байгааг дэмжиж байна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Архичидтай тэмцээд үр дүнд хүрэхгүй гэдэг нь тодорхой. Харин архи үйлдвэрлэгчидтэй тэмцэж байж архидалтыг, архинаас үүдэлтэй гэмт хэргийг бууруулж чадна. Архи үйлдвэрлэгчдэд тодорхой хязгаар тогтоож өгөх нь ус, агаар шиг хэрэгтэй. Х.Баттулга сайдын саналыг манай холбооны 30 мянган гишүүн 100 хувь дэмжиж байгаа. Нийг-мээрээ архийг үзэн ядаж, жигшиж байгаа нь Ерөнхийлөгч уриалга гаргасны дараа тод харагдсан. Гэвч архи үйлдвэрлэгчид төрийн сэнтийд сууж, ил далд хэлбэрээр алкоголийн төрлийн бүтээгдэхүүн сурталчилж байгаа тохиолдолд бид тэмцээд нэмэргүй л дээ. Тиймээс УИХ-ын эрхэм гишүүд болон ард иргэдийгээ Х.Баттулга сайдын саналыг дэмжихийг холбооныхоо нийт гишүүний өмнөөс уриалж байна.

-Сайдын санаачилсан төсөл цагаа олжээ гэж хэлэх гээд байна уу?

-Сайд ийм төсөл санаачилсан нь сайн хэрэг. Хууль зүй, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарынхан аль эртнээс санаачилж болох байсан ч тэгээгүй нь гайхалтай. 2008 онд ОХУ архинаас татгалзая гэж ярьж байхад манайх ч шүүрээд энэ асуудлыг цэгцэлж болох байсан шүү дээ. Тэгсэн бол гэмт хэрэг, архидалт туйлдаа хүртэл хурцдахгүй байсан гэж боддог юм.

-Танай холбооны ажил нэлээд эрчимжсэн гэж дээр дурдсан. Ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Архины эсрэг зургаан сарын аян дүүргүүдийн хэмжээнд зохион байгуулж саяхан дүгнэсэн. Дүгнэхдээ гол нь биш л дээ үр дүн нь чухал. Энэ аяны хугацаанд гишүүн байгууллагуудад архинаас болж ажлаас халагдсан, зөрчил дутагдал гаргасан тохиолдол гараагүй. Ухуулга сурталчилгааг хүмүүс маш сайн хүлээж авсан. Ийм аяныг Төв, Өвөрхангай аймагт ч зохион байгуулсан. Төрийн оролцоотойгоор орон нутаг нийгэм бүхэлдээ архины эсрэг хөдөлгөөн өрнүүлбэл архидалтыг бууруулах бус бүр таслан зогсоох боломжтой ч байж мэднэ. Архи үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн нь нийгэмд ямар хор уршиг тариад байна гэдгийг ухамсарлаж, наад зах нь үр хүүхдээ бодож улс төрд орох гэсэн санаархлаасаа ичих ичих хэрэгтэй.

Эх сурвалж:Ардчилал

Г.Тунгалаг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.