Д.Оюунхорол 2019.03.08 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол-ын "Сайхан Монгол ээж" арга хэмжээнд хэлсэн үг

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол-ын "Сайхан Монгол ээж" арга хэмжээнд хэлсэн үг

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтсан  “Сайхан Монгол ээж” 1000 ээжийн баяр өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг УИХ-ын эмэгтэй гишүүд санаачилж, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор зохион байгуулсан. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхоролын мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын сайхан ээжүүд ээ,
Эрхэмсэг хатагтай нар аа,
Хүрэлцэн ирсэн Хүндэт зочид оо
Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, хангай дэлхий уярч, хөдөлмөр бүтээл ундран өрнөх, хавар цагийн  баяр, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ны баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье ээ. 
Эх хүн, эмэгтэй хүн ямагт хайр элбэрэл, халамж, тусламж, сайн сайхан, зөв үйлийн төлөө санаа сэтгэлээ зориулж явдаг аа. Монголын  үе үеийн хөгжлийн хамгийн үнэ цэнтэй суурь сургаал, эрх чөлөөтэй байж, эвийг эрхэмлэх, шударга журамтай байх язгуур үзэл санаа нь чухамхүү эмэгтэй хүний өр нимгэн, өгөөмөр зөөлөн зан авираас урган гарсан гэж боддог. Эх хүний энэрэнгүй сэтгэл, нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгт ч эмэгтэйчүүд маань оройлж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.
Монгол төрд хаан ухаан, хатан ухаан хосолж хасаг тэрэгний хоёр дугуй мэт зүтгэх учиртай гэдэг  мэргэн үг чухамхүү үүнээс эхтэй биз ээ. Нийгмийн ёс суртахууны үндсийг гэрийн хүмүүжлээр олгодог, гэрийн сургаалыг эхнэр хүн,  эх хүн хөтлөн явуулдаг эртний сайхан уламжлал нь соён гэгээрүүлэгчид, эрдэм боловсрол, туршлага, чадвараа эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад зориулж ирсэн эгэл баатрууд байсныг гэрчлэн баталдаг.
Монголын эмэгтэйчүүд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, айл гэрийн амьдралаа өөд татаж авч явах талаар ямагт манлайлсаар ирсэн.  Одоо үеийн охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд, эхчүүд маань гоо үзэсгэлэнтэй, өндөр боловсролтой, бүтээх чадвартай, тэгш эрхтэй болсоноороо бид бахархаж байдаг.  Дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа шинжлэх ухаан, урлаг спортын алдартнууд, чадварлаг мэргэжилтэн, тэргүүний сэхээтэн эмэгтэйчүүд олон байна. Гэвч нийгмийн сорилт, салхинд хамгийн түрүүнд өртдөг эмзэг хэсэг нь бас л эмэгтэйчүүд бөгөөд ядууралд илүү өртсөөр байна.
Үүнийг өөрчлөх төр засгийн эрхэм зорилго ахиц дэвшил, огцом өөрчлөлтийг авчирч чадахгүй байгаад бодитой дүгнэлт хийх ёстой. Үр хүүхэд төрүүлж өсгөн, сурган хүмүүжүүлж, хүн болгож Монгол Улсдаа идэвхтэй иргэн бэлтгэж байгаа буянт эх хүн  ямар ч уурхай, баялаг, эрдэнэсийн сан нээснээс илүү үнэтэй хөрөнгө оруулалтыг эх орондоо хийж байгаа гэж би боддог. Хүүхдээ төрүүлж, эрүүл саруул өсгөн, зөв сурган хүмүүжүүлэх нөр хөдөлмөрийн амаргүй атлаа хариуцлагатай, хүндэтгэлтэй  үүрэг чухамхүү ээжүүдэд, эхчүүдэд оногддог.
1990-ээд оны шилжилтийн үед олон хүүхэдтэй гэх үндэслэлээр 35-45 насандаа хөдөлмөрлөх эрхээ хасуулж тэтгэвэрт гарсан 83 мянга 300 ээжийг  Монголын төр хэлмэгдүүлсэн гэж үзэж байна. Энэ бол амьнаасаа амь тасалж, биенээсээ бие салгаж Монгол улсын хүн амыг өнөөгийн 3,0 саяд хүргэсэн эхчүүдийн хувьд дэндүү шударга бус шийдвэр болсоон. Энэ ээжүүд өнөөдөр тэтгэврийн насанд хүрсэн ч тэтгэвэр тогтоолгох болзол нөхцөлийг хангаагүй 18 мянга 600 ээж хувь тэнцүүлсэн буюу хамгийн бага тэтгэвэр авч байна.
  • Эдгээр ээжүүдийн тэтгэврийг нэмэгдүүлж бүрэн тэтгэврийн дундаж  хэмжээнд хүргэхээр УИХ-ын эмэгтэй гишүүд холбогдох хуулийн төслийг өргөн барьсан гэдгээ та бүхэндээ дуулгахад таатай байна.
  • Мөн 1991-1995 онд тэтгэвэр тогтоолгосон ч 1997 оны тогтоолоор тэтгэврийн насны болзол, нөхцөлийг хангаагүй 44,4 мянган ээжийн тэтгэврийг нь түдгэлзүүлж, “тэтгэвэр, нөхвөрийн нийлбэрийн хэмжээтэй тэнцэх нөхөн олговор” олгож хохироосон. Эдгээр ээжүүдэд Монголын төр “нэг удаагийн нөхөн олговор олгох ёстой” гэж үзэж холбогдох хуулийн төслийг боловсруулан, өргөн барихад бэлэн болсноо дуулгахад таатай байна аа.
Энэ санал бол мянга мянган ээжүүдийн олон жилийн санал, хүсэлт, захиас, даалгавар байсан. Эмэгтэйчүүд маань төр, хууль, шүүх, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр, хувийн хэвшил, бизнесийн  гээд бүхий л салбарт эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн хамтран хөдөлмөрлөж байна. Жижиг дунд үйлдвэрлэл, гэр бүлийн бизнест ч эмэгтэйчүүд хамгийн их оролцож үнэлэгдээгүй хөдөлмөрийг эрхэлж амьдрал ахуйгаа өөд татах, тэтгэх гол ажлыг хийж гүйцэтгэж байна. 
Миний бие 2011 онд Эмэгтэйчүүдийн банк байгуулсан тухай олон улсын дэвшилтэт туршлагыг судлан хүүгүй, урт хугацаатай зээлийг барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгох  тухай анхлан санал санаачилга гарган өнөөдрийг хүртэл хөөцөлдөн ажиллаж ирлээ.
Үе үеийн Засгийн газарт өргөн барьж байсан “барьцаа хөрөнгө шаарддаггүй, хүү багатай, урт хугацаатай “Итгэлийн зээл”-ийг өрхийн аж ахуй, жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох” төслийг маань энэ удаагийн УИХ, ЗГ дэмжиж, Холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийг миний бие ахлах болсон. 
Ингэснээр бид дундаж орлоготой иргэдийг дэмжсэн банкны тогтолцоог бий болгож ажилгүйдэл, ядуурлыг бодитойгоор бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй хөдөлмөрлөсөн хүн бүхний аж амьдрал өөдлөн дэвжиж байдаг жамтай.  Эдгээр бодлого чиглэлийг дэмжин ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нартаа Монголын нийт эмэгтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
 
Үр хүүхдээ зөв сайн хүмүүжүүлж, ар гэрээ төлөв төвшин авч яваа, гэрт нь гэгээ татсан тэр л өрх гэрээс Монголын ирээдүй, улс орны хувь заяа шалтгаалдаг.  Эх хүний өрөвч энэрэнгүй сэтгэлээр уулзан учирсан бүхнийг билэгтэй ерөөлөөр угтан, сэтгэлдээ ерөөж, төрийн сүлдэндээ залбирдаг Монгол ээжүүд, эхчүүдийн гоо үзэсгэлэн, цэцэн ухаан үргэлж гийж, үйлс нь өөдрөг, үг нь ерөөлтэй, элэг бүтэн тайван амгалан байхын өлзийтэй ерөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.