Ц.Цогзолмаа 2019.03.11 | medee.mn

Ц.Цогзолмаа: Би У.Хүрэлсүх сайдад гомдоогүй

Ц.Цогзолмаа: Би У.Хүрэлсүх сайдад гомдоогүй

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд асан Ц.Цогзолмаатай нэг сарын өмнөхөн болж өнгөрсөн өөртэй нь холбоотой үйл явдлыг тойрч ярилцлаа.

Ажиллаж буй Засгийн газраа огцруулахыг дэмжсэн нь өөрийг нь сайдын албан тушаалаас нь огцруулахад хүргэсэн. Харин тэрбээр энэхүү үйлдлээ “Би хувь улс төрчийн ёс зүйд үндэслэж шийдвэр гаргасан” гэж тайлбарласан.

Мөн огцрохынхоо өмнө УИХ-ын чуулганы танхимаас яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы эсрэг мэдэгдэл хийсэн гээд хэсэг хугацааны өмнө тэрбээр олны анхаарлыг оройд нь хүртэл татаж байв. Эдгээр болон бусад сэдвээр түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авч уншина уу.

-Б.БАЯРСАЙХАН АЛЬ Ч ТАЛААРАА МИНИЙ ШААРДЛАГАД НИЙЦЭЭГҮЙ-

-Тантай холбоотой мэдээллийн хамгийн сүүлийнхээс яриагаа эхэлмээр байна. Та БСШУС-ын шинэ сайд Ё.Баатарбилэгт ажлаа хүлээлгэн өгөхдөө юуг аминчлан захив. Өөрийн хийж эхлүүлсэн зарим ажлыг үргэлжлүүлэхийг хүссэн үү?

-Төрийн ажил залгамжтай байх ёстой. Сайд сайн санаачлагыг хэрэгжүүлэх нь зөв ч ерөнхий суурийг тогтвортой байлгах ёстой юм. Аль нэг сайд томилогдож ирээд салбарын суурь бодлогыг хөдөлгөөд байвал тогтворгүй байдал бий болох эрсдэлтэй. Тиймээс Ё.Баатарбилэг сайд залгамжийг үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Би ажлаа хүлээлгэн өгөхдөө боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гээд салбар бүрт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулсан. Мөн сургуулийн өмнөх боловсрол, ЕБС, их дээд сургуулиуд гээд бүхий л салбарт анхаарах зүйлийг нь нарийвчлан хэлж үлдээсэн.

-Ер нь Ё.Баатарбилэг сайдыг БСШУС-ын сайдаар томилсныг хэр оновчтой томилгоо гэж харж байгаа вэ?

-Харьцангуй төрийн ажлын туршлагатай хүн БСШУС-ын сайдаар томилогдсон. Сайдаар томилогдохоосоо өмнө Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар бүтэн нэг жил ажилласан салбарын мэдлэг, мэдээлэлтэй хүн.

-Таныг огцруулсаны дараа та анхаарал татах зүйлийг УИХ-ын чуулганы танхимаас хэлсэн. Тодруулбал, яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг төрийн ажлыг хийх чадваргүй гэж хэлээд чөлөөлж өгөхийг хүссэн. Үүнээс үзэхэд та хоёрыг таарамжгүй харилцаатай юм байна гэж дүгнэж болохоор байна. Та хоёрын харилцаа юунаас болж ингэж хүндэрсэн юм бэ?

-Миний сайдын цаг дууссан. Би ажиллах хугацаандаа бодлогоо тодорхой болгож боловсон хүчнийхээ асуудлыг шийдсэн учраас одоо янз бүрийн гомдол хэлэх эрхгүй. Хүн өөрийнхөө цаг хугацаанд л ажиллах ёстой. Уг асуудалд шинэ сайд ямар бодлого барьж ажиллахаа өөрөө л мэдэж, шийдэх байх. Би Б.Баярсайхантай холбоотой үлгэр, домог шиг зүйл ярьмааргүй байна. Миний тавьсан шаардлагад тэр хүн аль ч талаараа нийцээгүй. Ёс зүй, ажлын туршлага, мэдлэг боловсрол гээд бүхий л талаар нийцээгүй.

-Тэр хүн ажилчидтайгаа үнэхээр төвөгтэй харилцаа үүсгэдэг байж магадгүй. Тийм учраас яамны газрын дарга нар нь Б.Баярсайхан даргыг огцруулахыг шаардсан бичгийг Засгийн газарт хүргүүлсэн байх. Гэхдээ Б.Баярсайхан дарга төрийн албаны хуулийг илтэд зөрчөөгүй биз дээ?

-Үгүй, хууль зөрчсөн шүү дээ. Монголын төрд хамгийн багадаа 10 жил ажилласан хүн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах ёстой. Төрийн албаны мерит зарчмын дагуу төрийн албанд хамгийн доод шатнаас нь эхэлж ажилласан, бэлтгэгдсэн хүн л Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах ёстой. Аль ч талаасаа шаардлага хангахгүй хүн. Би Б.Баярсайханы талаар дахин ярьмааргүй байна.

-М.ЭНХБОЛДЫН БАГААС БИ ГАНЦААРАА ҮНЭНЧ ҮЛДЭЖ ЧАДСАН-

-Би Б.Баярсайхан даргатай холбоотой олон асуултыг таниас асуух төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ таныг хүссэн учраас орхиё. Та ажиллаж буй Засгийн газраа огцруулахыг дэмжиж гарын үсэг зурахдаа үнэхээр ёс зүйдээ дийлдсэн үү. Эсвэл өөр яриа яригдсан уу. Тухайлбал, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулчихаад дараагийн Засгийн газрыг байгуулахдаа таныг БСШУС-ын сайдаар тань үлдээнэ гэдэг тохироо явагдсан уу?

-Тийм яриа огт яригдаагүй. Хүмүүс ингэж хардах эрхтэй. Миний цэвэр итгэл үнэмшил, ёс зүйдээ тулгуурлаж гаргасан шийдвэр. Эмэгтэй хүн хань ижил, үр хүүхэд, найз нөхөддөө үнэнч байдаг. Үүний нэгэн адилаар би сайн, муу хэлүүлээд М.Энхболд гэдэг хүнтэй 20 жил хамт явсан учраас үнэнч үлдэхийг хүссэн. Хүнд хэцүү цагт найз шиг байх ёстой юм. Энэ утгаараа би багаас нь ганцаараа үлдэж чадсан. Тэгээд яахав дээ, цагийн аясаар өнгөө, үзэл бодлоо хувиргадаг хүмүүс олон болсон гэдгийг харлаа.

Зарим хүн надад “Төрийн сайдыг нэг өдөр, нэг цаг ч болов хийе гэж зүтгэдэг байхад чи татгалздаг тэнэг үү, солиотой юм уу” гэж хэлж байсан. Би сайдын ажлыг хамгийн удаандаа хоёр жил хийхээр байна. Гэхдээ би 20 жилийн харилцаагаа нэгдүгээрт тавьсан. Тэр хүний удирдлагад би дүүрэг удирдаж байсан. Мөн Хотын орлогчоор ажиллаж байсан. Тэр хүний удирдлагад намын залуучуудын холбоо, эмэгтэйчүүдийн холбооны даргаар ажилласан. Тиймээс хэрэгцээтэй үедээ үнэ, цэнэтэй зүйлийг нь сурч хамт байчихаад “Одоо хэрэггүй боллоо. Салхины аясаа дагая” гэсэн өөдгүй зан гаргахыг хүсээгүй. Ядаж өөртөө үнэнч үлдэхийг хүссэн.

-Тухайн үед таны ойр, дотны найз нөхөд муу талаа илүү харуулжээ. Тухайн үед эмэгтэй хүний хувьд маш хүнд мэдрэмжийг мэдэрсэн байх?

-Миний хувьд УИХ-д анх удаа сонгогдсон шинэ гишүүн. Гэхдээ би улс төрийн тогоонд харьцангуй удаан чанагдсан. 1988 онд МАН-д элссэнээс хойш 30 жил улс төрд ажилласан. Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллах үеэс л доромжлол, захиалгат дайралтыг үзээд туулчихсан. Сая тун нь илүү байсан. Гэсэн ч улс төрчийнхөө хувьд сонгосон зам учраас даваад л гарна гэсэн сэтгэл зүйтэй байсан. Хүмүүсийн ярьж, хэлж буй шиг хүн биш гэдгээ харуулахын тулд даваад гарах ёстой шүү дээ. Сошиал орчин, нийгмийн давлагаагаар гэр бүл, хувийн амьдрал руу минь дайрсан. Бид харыг цагаан, цагааныг хар болгодог туйлын дунд амьдарч байгаа нь харамсалтай юм. Уг нь хар, цагаан өнгөний хооронд улаан, цэнхэр, шар гээд маш олон гоё өнгө бий. Эдгээр гоё өнгийг амьдралаас мэдэрдэг хүний хувьд заавал хар, цагаанд нь багтмааргүй байна. Бусад хүнд байх бүхий л өнгө надад байна. Гэхдээ би өөрийнхөө мөн чанарт үнэнч үлдэнэ. Цаашид УИХ-ын гишүүн, сайд болчихгүй бол үхчих гээд байгаа биш улайрах шаардлага алга. Амьдрал дуусч байгаа юм шигээр загнах шаардлагагүй.

-Гэр бүл, үр хүүхэд рүү тань хүртэл дайрч байсан?

-Би дөрвөн хүүхдээ боловсролтой, сайн хүн болгохын тулд зүтгэж ирсэн. Нөхөр бид хоёр хүүхдүүдийнхээ нэгийг нь ч төрийн сангийн мөнгөөр сургаагүй. Найз, нөхдөөсөө зээлээд сургалтын төлбөрийг нь төлж байсан. Хүүхдүүд минь зорилгоо биелүүлж сайн сурч төгссөн. Одоо ч сайн мэргэжилтэн. Миний охин мэргэжилтнээс ажиллаж эхлээд ахлах болтлоо дэвшсэн. Зөвхөн өөрийнхөө хүчээр ажиллаж ирсэн. Ц.Цогзолмаагийн охин учраас Монголд ажиллахгүй гадаадад ажиллах ёстой биш дээ. Хүлгийн сайныг унан байж мэддэг. Хүний сайныг нөхөрлөн байж мэддэг гэдэг. Нэг хүний тодорхойлолтыг нийтээрээ дамжуулж авсан мэдээллээрээ харлуулж, дүгнэж болохгүй. Би өөрийгөө хэзээ ч муу хань, ээж гэж боддоггүй. Мөн муу эмэгтэй гэж боддоггүй. Учир нь би сайн аав, ээжийн сайн хүмүүжлээр өссөн.

Хүн өөрөө хичээвэл сайн боловсролтой болж болно. Харин хүмүүжлийг гэр бүл, эцэг, эхээсээ олж авдаг. Миний аав Ховд аймгийн “Эрчим хүчний өндөр Цэдэнбал” гэж нэр хүндтэй, сайхан хүн байсан. Надад эцэг, эх хоёрынхоо нэрийг сайн авч явах бодол байна. Түүнээс алдаа гаргаж нэрийг нь муугаар дуудуулахыг боддоггүй юм. Хамгийн сайн боловсрол бол хүмүүжил. Энэ утгаараа би хүүхдүүдээ бусдад тусалдаг бай, эд мөнгөнд битгий шуна, шударгаар ажиллаж амжилтад хүр, доод шатнаас нь эхлэн ажлыг хийж сур гэж хүмүүжүүлж ирсэн. Энэ манай гэр бүлийн үнэт зүйл. Намайг таньдаг, мэддэг, хайрладаг хүмүүс минь миний мөн чанарыг таньж байвал боллоо гэж боддог болсон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэлүүлж болох бүхий л муухай үгээр хэлүүлсэн ч би өөрчлөгдөөгүй. Хуучны Ц.Цогзолмаа хэвээрээ л байгаа. Харин ч сэтгэл зүйн хувьд илүү хаттай болсон.

айдын ажлаа хүлээлгэж өгсөн чинь нуруун дээрээс тань хүнд ачаа авчихсан юм шиг санагдсан уу?

-Нэг бодлын сайхан амарсан байна. Гэхдээ би бэртэгчин хүн биш. Би Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Тийм учраас энэ дүүрэгт одоо ч хайртай. Ажилд нь туслахыг хичээдэг. Үүнтэй адил боловсролын сайдаар ажилласан учраас энэ салбарын төлөө би үргэлж санаа тавьж байх болно.

-У.ХҮРЭЛСҮХ САЙД БИД ХОЁРЫН ААШ, ЗАН ТӨСТЭЙ УЧРААС
УЛСТӨРИЙН УРТ ЗАМАА ТУУЛНА ДАА-

-Танхимаасаа явуулж, таныг огцруулах шийдвэрийг гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд та гомдсон уу. Танд намын удирдах байгууллагаас хариуцлага тооцож магадгүй гэх мэдээлэл ч байгаа шүү дээ. Ер нь та хоёр цаашид нэг намд ажиллахад ямар нөхцөл байдал бий болоод байгаа вэ?

-У.Хүрэлсүх сайд бид хоёр залуугаасаа энэ намд зүтгэсэн. Хорин хэдхэн настайгаасаа намынхаа залуучуудын байгууллагад орж өнөөдрийг хүртэл хамт явж байна. Энэ намын ялалт, ялагдал гээд түүхийн маш олон жилүүдэд бид хамт байсан. Хувь хүнийх нь хувьд надад гомдох шалтгаан үгүй. Улс төр хатуу. Улс төрийн хатуу үйл явдлыг ойлгоод л цаашаа явна. Нэг их айхтар надад хатуурхахгүй байх гэж бодож байна. У.Хүрэлсүх сайд өөрөө түс, тас хүн. Бид хоёрын зан, ааш ижил учраас ойлголцоод улс төрийн урт замаа туулна гэж бодож байна.

-Та БСШУС-ын сайдаар ажилласнаар энэ салбарт ямар өөрчлөлтийг хийж чадсан бэ. Өөрийгөө хэр сайн ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

-Сайн, муу ажилласныг цаг, хугацаа харуулна. Миний гаргасан шийдвэрүүд хэр бодитой байсан бэ гэдгийг ч цаг хугацаа харуулна. Ямартай ч олон жил яригдсан багш нарын цалинг нэмэх асуудлыг шийдвэрлэж чадсан. Ганц боловсролын салбар бус соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг нэмсэн. Харьцангуй төрийн ажлын туршлагатай учраас аль асуудлыг эхний ээлжид шийдвэрлэх ёстой вэ гэдгийг мэдэж байсан. Нэг сайн шийдвэр бусад олон шийдвэрт эерэгээр нөлөөлнө. Хууль эрх зүйн хувьд хүлээгдсэн олон шийдвэрийг хурдан шуурхай гаргахаар ажиллаж байсан. Мөн саад, тотгор болсон олон шийдвэрийг хүчингүй болгосон. Мэргэжлийн хүмүүстэй хамтраад эрх зүйн шийдвэр гаргах үйл явцад ахиц гаргасан гэж бодож байна.

-Боловсролын салбарт тулгамдсан олон асуудал байна. Тухайлбал, багшийн ур чадвар, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, их дээд сургуулиудын чанар гээд төвөгтэй асуудал бий. Энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлд хэрхэн ажилласан бэ?

-2018 оныг “Багшийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан. Боловсролын салбарыг өөд нь татахын тулд багшаа л хөгжүүлэх ёстой юм. Өнөөдрийн багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүйгээс ирээдүйн сайн мэргэжилтэн төрөх үгүй нь тодорхой болно. Мөн багшийн ёс зүйн дүрмээ баталсан. Багш ажлын байрандаа мэргэжлийн ямар ёс зүйг баримталж ажиллахыг тодорхой болгосон. Энэ ажлын үр дүн өнөөдөр биш гэхэд ирээдүйд гарна. Багшийн нийгэм дэх нэр хүндийг өсгөх нь маш чухал. Үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд багшийн мэргэжлээр элсэгчдийн шалгалтын босго оноог өсгөсөн. Онц сурлагатан нь МУИС, ШУТИС, АУИС-д орчихоод муу сурлагатан нь багш болж байна. Тэгэж болохгүй шүү дээ. Одоо сайн сурлагатан багшаар суралцдаг болсон. Мөн 40 гаруй сургууль дураараа багш бэлтгэж байсныг цензуртай болгосон. Яг энэ хөтөлбөрийн дагуу шаардлага хангасан сургууль багш бэлтгэнэ гэдгийг зааж өгсөн. Суурь ажлыг нь хийсэн учраас үр дүн нь гарах байх. Мөн иргэд сонсоод арай худлаа байлгүй дээ гэмээр нэг асуудал байсан.

-Тэр нь юу вэ?

-Ерөнхий боловсролын сургууль стандартгүй байсан. Сургуулийн гал тогоо, биеийн тамирын заалны стандартаас эхлээд сурагчдын эрүүл мэндийг хэрхэн хамгаалах тухай тодорхой дагаж мөрдөх бичиг баримтгүй байсан. Тиймээс би яамны мэргэжилтнүүдээ 21 аймаг, есөн дүүрэг рүү хэд, хэдэн удаа явуулж байж сургуулийн эрүүл ахуй, гадна орчны стандартыг боловсруулж ажлаа өгөхийн өмнө Стандарт хэмжил зүйн газарт өгсөн. Энэ бол Ерөнхий боловсролын сургууль руу чиглэсэн том ажил. Өргөн уудам нутагт тархай, бутархай оршин сууж байгаа нь Монгол орны онцлог. Баян-Өлгий аймгийн Булган суманд амьдарч буй хүүхдүүдийг Улаанбаатарын хүүхдүүдтэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай. Хөдөө орон нутгийн ялгааг арилгана гэж ярьдаг ч яаж гэдгээ тодорхой болгоогүй байсан. Энэ чиглэлд би мэргэжилтнүүдтэйгээ хамтраад сургуулийн дотуур байрны стандартыг боловсруулж Стандарт хэмжил зүйн газарт өгсөн. 21 дүгээр зуунд өвлийн хүйтэнд хүүхдүүд гадаа жорлонд бие засч байна.

-НАМАЙГ САЙН, МУУ АЖИЛЛАСАНЫГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА-

-Сургуулийн дотуур байрны хүртээмж өөрөө бас асуудалтай биз дээ?

-Стандарт батлагдвал шинээр баригдах сургууль, дотуур байр бүгд дотроо нойлтой болно. Дотуур байранд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд тус, тусдаа өрөөнд усанд ордог болно. Энэ ахиц мөн. Дотуур байранд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх хэрэг их гардаг болсон. Тиймээс урьдчилан сэргийлж 50 хүүхэд тутамд нэг багш байхаар сая боловсруулсан стандартад тусгаж өгсөн. Одоо 300 хүүхдийн дунд нэг багш ажиллаж байна. Стандарт батлагдвал 300 хүүхэдтэй дотуур байранд зургаан багш ажиллана гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн эрх зөрчигдөхгүй болно.

-Чанаргүй их, дээд сургуулийг цэгцлэх талаар ярихгүй өнгөрч болохгүй. Ё.Баатарбилэг сайд ч чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөлнө гэж мэдэгдсэн?

-Их, дээд сургуулийг чанартай болгох нь нийгмийн захиалга. Үүнийг Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэгийн аль нь байсан ч хийх ёстой. Чанаргүй их, дээд сургуулиар бид залуусаа хохироож байна. Би нэг жилийн хугацаанд ажиллахдаа 10 сургуулийн эрхийг цуцалсан. Зарим сургуулийг нэгтгэсэн. Манай улс хүн амын тоотойгоо харьцуулбал хэт олон их, дээд сургуультай. Дээд сургууль нь боловсролоор бизнес хийж байна гэх шүүмжлэл байдаг. Үүнийг ч би шударга шүүмжлэл гэж боддог.

-Нэг сайд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гээд олон салбарыг удирдах нь хэтийдсэн ачаалал шиг санагддаг. Та үүнд ямар байр, суурьтай байдаг вэ?

-Нэг хүнд хэтийдсэн ачаалал. Үүнээс үзвэл зарим салбар орхигдож байна гэсэн үг. Дэлхийн улс орнуудын жишгийг харахад соёлын бодлогоо аялал жуулчлалын салбартайгаа маш сайн хослуулан хөгжүүлж байна. Түүх, хэл соёл, урлаг уран сайхнаа сурталчлах нь аялал жуулчлалын салшгүй нэг хэсэг болсон байна. Аялал жуулчлалын салбар нь соёл, спорттойгоо хамт байх ёстой. Учир нь спорт аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон. Олимпийн аварга, тивийн аваргаа сурталчлаад аялал жуулчлалаа хөгжүүлж байна. Тиймээс Засгийн газар цаг үетэйгээ нийцсэн өөрчлөлтийг хийх шаардлага байна. Би хүнд нэрийн хуудсаа өгөхөөс ичдэг байсан. Бүхнийг чадагч юм шиг санагддаг. Гадныхан миний нэрийн хуудсыг хараад “Энэ салбарууд хамтдаа байх боломжгүй шүү дээ” гэдэг. Тэгэхээр нь би “Монгол улс цөөн хүн амтай. Нэг хүнд энэ их ажлын ачаалал байхаас өөр аргагүй юм” гэж тайлбарладаг. Цаашид бүтэц зөв болох ёстой. Даяарчлагдаж буй цаг үед манай улс хэл, соёлтойгоо үлдье гэвэл соёл, спортын бодлогоо ядаж бие даасан агентлаг болгох ёстой.

-Ярилцсанд баярлалаа.