ЖДҮХС-ийн зээл олгох  журмын төслийн хэлэлцүүлэг боллоо
2019.03.22

ЖДҮХС-ийн зээл олгох журмын төслийн хэлэлцүүлэг боллоо

   Өнөөдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуй нэгжийн болон иргэдийн төлөөлөл оролцож энэхүү журмын төсөлд санал санаачлаг гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.-т “нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санал бодлыг журамд  тусгах, оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  

Хэлэлцүүлэгт оролцож чадаагүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ХХААХҮЯ-ны цахим хуудсаар /www.mofa.gov.mn/ дамжуулан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саналаа өгөх боломжтой юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах чиглэлээр журамд өөрчлөлт оруулах үүрэг болгосон.

Үүргийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны А/50 дугаар  тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.  Ажлын хэсэгт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Жижиг, дунд үйлдвэрлэл худалдааны манлайлал холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл орсон уг ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах, төсөлд тавигдах шаардлага, хороо болон дэд хорооны эрх, үүрэг, бүрэлдэхүүнийг тодорхой болгох, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зэрэг чиглэлээр ажлын хэсгийн гишүүдийн гаргасан санал, санаачилгыг тусган дараах гол өөрчлөлтийг оруулан журмын  төслийг боловсруулжээ. Үүнд:

  1. Банкаар дамжуулан олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах зарим эрхийг орон нутагт шилжүүлэх;
  2. Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг тодорхой болгож, төрийн бус байгууллагын төлөөллийг нэмэгдүүлэх;
  3. Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банканд тавигдах  шаардлагыг тодорхой болгох;
  4. Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр тодорхой болгох;
  5. Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тодорхой цаг хугацаа өгдөг зохицуулалтыг хийх;
  6. ЖДҮЭ-ийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж, хариуцлагыг нэмэгдүүлэх;
  7. Хөнгөлөлттэй зээл авсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, санхүүжүүлж буй байгууллага хоорондын уялдааг сайжруулах, харилцан уялдаатай, хяналт тавих боломжийг бүрдүүлэн ажиллах;
  8. ЖДҮХС,  зээлдэгчийн зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор даатгалд хамруулдаг байх;
  9. Төсөл хүлээн авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн хялбаршуулах  зэрэг.