Анхмаа.Ш 2019.05.07 | НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба

Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг ҮЦХ-д сүндэрлүүллээ

Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг ҮЦХ-д сүндэрлүүллээ

Нэрт эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн дурсгалын хөшөөний нээлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, “Болор цом”-ын эзэн, Үндэсний төв номын сангийн дарга Б.Ичинхорлоо, яруу найрагчдын төлөөлөл, Дорнод аймгийн нутгийн удирдлагуудын төлөөллөөс бүрдсэн хүндэт зочид  оролцлоо.

Ц.Дамдинсүрэн нь Монгол Улсын төрийн дууллын үг, Монголын нууц товчоо зохиолыг орчин цагийн хэлнээ хөрвүүлсэн, Монгол-Орос хэлний толь бичгийг Лувсанвандан докторын хамт зохиосон, олон арван гадаадын зохиолыг эх хэлнээ хөрвүүлсэн хэл шинжлэлийн эрдэмтэн хүн байв.

Хөшөөг Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт, барималч А.Очирболд урласан байна. Дурсгалын хөшөөнд нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнг таван метрийн өндөртэй, монгол дээл, гуталтай, зүүн гартаа судар барин суугаагаар дүрслэн урлажээ. 

XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, эрдэмтэн Ц.Дамдинсүрэн агсан нь 1908 оны есдүгээр сарын 14-нд Дорнод аймгийн Матад суманд төржээ.