Б.Дэлгэрсайхан 2019.05.17 | Vip76.mn

2019 онд Дорноговь аймагт 98 бүтээн байгуулалт, засварын ажил хийгдэнэ

2019 онд улсын болон орон нутгийн 103 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 98 бүтээн байгуулалт, засварын ажил хийгдэнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 онд эхлүүлсэн “Их бүтээн байгуулалтын жил”-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сайншанд суманд зохион байгуулж байна.

Нээлтийн арга хэмжээний хүрээнд Сайншанд суманд 1000 хүний суудалтай спорт цогцолбор, Сайншанд суманд 4, 5-р багт 300 метр хатуу хучилттай авто зам, 3 дугаар багийн Иргэдийн хөгжлийн төв, Цэвэрлэх байгууламж, Хамарын хийд хүртэлх 6,8 км авто зам, 5-р багийн Усан бассейны нээлтийг хийж байна. 

Өнгөрсөн онд Их бүтээн байгуулалтын жилийн хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, Нутгийн зөвлөл, хувийн хэвшлийн 38,8 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ бүтээн байгуулалт болон өргөтгөл, засварын нийт 67 ажил хийгдсэн.

Энэ онд улсын болон орон нутгийн 103 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 98 бүтээн байгуулалт, засварын ажил хийнэ.

Тухайлбал: Алтанширээ, Даланжаргалан, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ, барилга байгууламж, 

Иххэт сум нийтийн эзэмшлийн орон сууцын байруудын дээвэр, гадна фасад, дулаалга, зоорийн болон гадна инженерийн шугам сүлжээний засвар, ахмадын өргөөний барилга,

Алтанширээ, Сайншанд, Замын-Үүд, Мандах сумдад хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэ суманд дотуур байр, Сайншанд суманд 1000 хүний суудалтай соёл, спорт цогцолбор, Замын-Үүдсуманд 100 хүний ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Айраг, Улаанбадрах, Хөвсгөл сумдад Соёл спортын төв зэрэг бүтээн байгуулалтыг хийнэ.

Мөн Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих Бүс нутгийн автозам хөгжүүлэх төслийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу хучилттай авто зам, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замаас Ханбаянзүрх чиглэлийн 6.85 км хатуу хучилттай авто замыг барихаар төлөвлөсөн.