Занданшатар.Г 2019.05.17 | Vip76.mn

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг сонслоо

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг сонслоо

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гишүүд Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг сонсож байна.

Хүний эрх, эрх чөлөөний талаарх 18 дахь илтгэлийн танилцуулгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж танилцууллаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг билээ.

"Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-ийг 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр, П.Оюунчимэг нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барисан юм.

Энэ жилийн илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” гэсэн үндсэн 6 сэдвийн хүрээнд боловсруулжээ. Илтгэлээр дамжуулан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар Монгол Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар 25 санал хүргүүлж байна.

Байнгийн хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. Илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

ХЭҮК-оос өмнө нь боловсруулж байсан 17 илтгэлээс ердөө хоёрыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн бөгөөд үлдсэнийг нь зөвхөн Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байсан юм. Өнөөдөр 18 дахь илтгэлийг хэлэлцсэнээр гурав дахь нь боллоо. Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.