Учрал.Н 2019.06.13 | Vip76.mn

"Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай" хуулийн ач холбогдлыг танилцууллаа

"Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай" хуулийн ач холбогдлыг танилцууллаа

Өнөөдөр хуульчдын форум "Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо" сэдвийн хүрээнд явагдлаа. УИХ-ын гишүүн Н.Учрал форумд оролцож "Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай" хуулийн ач холбогдлыг танилцууллаа.

Оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Патентийн тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Инновацийн тухай зэрэг хэд хэдэн хууль батлагдан, мөрдөгдөж байгаа ч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг тэр бүр хүртэж чадахгүй, төрөөс оюуны өмчийг дэмжих ажиллагаа нь нэгдсэн зохицуулалтгүй, оюуны өмчийн байгууллагын эрх зүйн статус болон чиг үүргийг нэгдсэн байдлаар тодорхойлсон хууль байхгүй байна.

Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөгдөж байгаа хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг.

Тухайлбал, оюуны өмч нь патент, гэрчилгээ, хуулиар хамгаалагдсан ч эдийн засгийн үнэлэмж сул тул хуулийн этгээдэд оюуны өмчөөр хөрөнгө оруулах, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх байдлыг бий болгож байгаа юм.