Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа
2009.06.24

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ дагуу Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үүднээс “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн төсөл санаачлан боловсруулсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив.

Гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар шийтгүүлсэн 18 насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд, ял эдэлж байхдаа бие махбодидоо санаатайгаар гэмтэл учруулснаас бусад шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 18 насанд хүрээгүй ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг, хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус өршөөн хэлтрүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Мөн хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас 4 жилийг, онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас 3 жилийг өршөөн хасахаар заажээ.

Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан этгээдийн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг, хорих ялыг нь тэнссэн этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг, хорих газраас тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг, насанд хүрээгүй хүүхэд болон жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх ажиллагааг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор тусгажээ. Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгасан байна.

Харин цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн ял нь уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан этгээд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн бол энэ хуульд хамааруулахгүй юм байна.
Энэхүү хуулийн төсөлд хууль үйлчлэх хугацааг 2009 оны долдугаар сарын 11-ний өдрөөс /долдугаар сарын 10-ны 24.00 цагаас/ өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарахаар, уг хуулийг 2009 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна. Мөн хорих болон баривчлах газарт ял эдэлж байгаа ялтанд энэ хуулиар өршөөл үзүүлэх ажлыг 2009 оны долдугаар сарын 30-ны дотор багтаан гүйцэтгэхээр төсөлд тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.