УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Энэ хуулийг дэмжиж байна. Хуулийн үр дүн ямар байх вэ? Хууль нийгэмд үйлчилснээр иргэний нийгмийн байгууллагын бололцоог хангаж, дэмжлэг үзүүлж явах ёстой. Төрийн зүгээс иргэний нийгмийн байгууллагыг дэмжих гол зам нь татвараас чөлөөлөх явдал юм. Тэгэхээр уг хуулийн төслийг хэлэлцэхдээ татварын хуультай уялдуулсан зүйл заалтыг тодорхой болгох хэрэгтэй гэж үзэж байна. Төрийн зүгээс ИНБ-ыг дэмжих, зохицуулах гэсэн үг өгүүлбэр Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд харагдана. Гэтэл Иргэний нийгмийн байгууллага нь төрийн үйл ажиллагааг хянах, хийж чадахгүй байгаа зүйлсийг хийх институц. Тэнцвэртэй байх ёстой хоёр институц бие биенээ хянана гэхээр юу гэсэн үг вэ? Миний бодлоор ИНБ-ын явуулж болохгүй зүйлсийг нь тодорхой заагаад бусдыг нь чөлөөтэй болгомоор байна.
2022-01-06
УИХ-ын өнөөдрийн /2022.01.06/ нэгдсэн хуралдаанаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Өнөөдрийг хүртэл ТББ-ын хэлбэрийг зөв тодорхойлж чадаагүй. Төрийн бус байгууллагын хууль нь Сангийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүйгээс бусад хуультай уялдахгүй байна. Иймээс Сангийн тухай хуулийг тусгайлан хууль болгох гэж буй саналыг дэмжиж байна. Гэхдээ бичигдээд ороод ирсэн хууль "түүхий" байна. 2021 оны эцсийн дүнгээр 27 мянга орчим ТББ бүртгэгдсэн. Үүний 1800 орчим нь сангийн хэлбэртэй байна. Бүртгэгдсэн ТББ-ын 50 орчим хувь нь үйл ажиллагаа явуулдаг. Нийт ТББ-ын 20 орчим хувь нь Сангийн яамд тайлангаа хүргүүлдэг аж. Сангийн үйл ажиллагаа, тоо өсөлттэй холбоотойгоор харилцааг Төрийн бус байгууллагын хуулиар бүрэн зохицуулж чадахгүй байгаа учраас Сангийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлэх нь чухал байгаа юм. Энэ хуулиар Засгийн газрын тусгай сан, хөрөнгө оруулалтын сан, Иргэний нийгмийг дэмжих сан зэрэг олон улсын сангууд энэ хуулиар зохицуулагдахгүй. Сангуудын үйл ажиллагааг төлбөртэй үйлчилгээ үзүүлэх, олсон орлогоо зарцуулах, шинэчлэх чиглэлийг хуульд яаж тусгасан бэ? Бүртгэлтэй төрийн бус байгууллага, сангийн 50 гаруй хувь ажилладаггүй гэнэ. Тэдний хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг яаж тусгасан бэ? Манай сангууд олон улсын байгууллагаас хандив, тусламж авдаг. Цугларсан хандивын тайланг хуулийн төсөлд яаж тусгасан бэ? Төрийн чиг үүргийг Сангаар дамжуулан гэрээлэн гүйцэтгэх зарчмыг хэрхэн тодорхойлж байгаа вэ? Сангууд ашгийн төлөө бус байгууллагаар халхавчилж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа нь нууц биш. Хуулийн төсөлд хэрхэн тусгах вэ? Сангуудаар дамжуулж мөнгө угаах, далд эдийн засгийг бий болгож байгаа тухай ярьдаг. Үүнийг яаж зохицуулах вэ? Зогсоох арга бий юу? Түүний асуултад ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: “Энэ хуулиар Засгийн газрын тусгай сан, Хөрөнгө оруулалтын сан, Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих сан, Олон улсын болон гадаад улсын сангийн салбар төлөөлөгчийн газар болон Холбооны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахгүй болно” гэж бичсэн байна. Дээд боловсролын тухай хуулиар Дээд болон Их сургууль нь дэргэдээ endowment сантай байж болно гэсэн хуулийн төсөл Засгийн газраас өргөн баригдаж, ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа юм. Тэгэхээр энэ хуулиар endowment сан гэдэг нь зохицуулагдах уу гэдгийг нэгдүгээрт асууя. Хуулийн үзэл баримтлалд сан нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, төлбөртэй үйлчилгээ үзүүлэх, дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл журмыг нарийвчлан тогтооно гэжээ. Тэгэхээр сан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох юм бол ашгийн бус хуулийн этгээд гэдэгтээ орохгүй болчих юм бишүү? Үүнийг гайхаж байна. Тиймээс хариулт авья. Ч.Ундрам гишүүний асуултад ХЗДХ-ийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариуллаа. Түүний дараа Ч.Ундрам гишүүн тодруулга хийсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: ТББ-ийн статустай, ашгийн хэв шинжтэй ажиллаад байгаа боловсролын байгууллагууд чинь шинээр өргөн барьсан 2 хууль хоёрын алинд нь орох юм бэ? Өөрсдөө бол ашгийн төлөө бус гэж тайлагнаад яваад байгаа. Энэ асуудлыг яаж зохицуулах ёстой юм бэ. Үүнд мэргэжлийн хүмүүсээс хариулт авмаар байна. Таны өөрийн чинь ярьсан Их сургуулиуд, цэцэрлэг, сургуулиуд нь ТББ-ийн статустай, ашгийн хэв шинжтэй, хажуудаа компани байгуулсан дундуур нь санхүүгийн үйл ажиллагаагаар мөнгө гүйлгээд явж байгаа энэ асуудал яаж шийдэгдэх юм бэ?