“Дархан арьс ширний цогцолбор”-ын ажлын явц 40 хувьтай байна
2020.09.15

“Дархан арьс ширний цогцолбор”-ын ажлын явц 40 хувьтай байна

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 180 га талбай хамруулан барьж байгаа “Дархан арьс ширний цогцолбор”-ын ажлын явц 40 хувьтай байна. Цогцолборын шугам хоолойн ажил 80, дэд станцын ажил 90 хувьтай байгаа.

Арьс ширний цогцолбор ашиглалтад орсноор төвийн бүсийн арьс ширний бүх үйлдвэрийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлнэ. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нараар ахлуулсан ажлын баг Дархан-Уул аймагт ажиллахдаа цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцан, мэдээлэл солилцов.

Монгол Улсад жилд дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлэх нөөцтэй ч бэлтгэх тогтолцоо, тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас түүхий эдийн үнэ цэнэ, бэлтгэн нийлүүлэлт, нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдэхүүний хэмжээ хангалтгүй байгаа. Үүнийг шийдвэрлэхээр "Дархан арьс ширний цогцолбор" ХХК нь 2015 оноос туршилт, судалгааг, мөн ХХААХҮЯ-тай хамтран цогцолборын барилга барих төслийг 2018 оноос эхлүүлсэн. Төслийн хүрээнд жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос боловсруулах, ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалт, цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжийг барих юм. Тухайлбал, бог малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт есийг, бод малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт дөрвийг, ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр хоёрыг, эсгийний хоёр, желатин уургийн хоёр үйлдвэр, мөн судалгаа хөгжил, инновацын төв, үйлдвэрийн зориулалттай цэвэрлэх байгууламж, цахилгаан дамжуулах дэд станц зэргийг барихаар төлөвлөжээ.

Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арьс ширний цогцолбор байгуулснаар 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим иргэн байнгын ажлын байртай болох боломжтой.