Нийтийн сонсголын тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2014-07-08

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахад оршино.

2 дугаар зүйл..

Нийтийн сонсголын тухай хууль тогтоомж

2.1.Нийтийн сонсголын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.

Үндсэн зарчим

3.1.Нийтийн сонсголыг зохион байгуулахад ардчилсан ёс, хууль дээдлэх, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах, үр нөлөөтэй байх зарчмыг удирдлага болгоно.

4 дүгээр зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Дараах этгээд нийтийн сонсголыг зохион байгуулахдаа энэ хуулийг дагаж мөрдөнө:

4.1.1.Хууль санаачлагч;

4.1.2.төрийн байгууллага, албан тушаалтан;

4.1.3.нутгийн өөрөө удирдах байгууллага.

4.2.Дараах асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулна:

4.2.1.хууль болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулах, батлах;

4.2.2.энэ хуульд заасан нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргах;

4.2.3.хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх;

4.2.4.төсөв, татвар батлах, тэдгээрийн зарцуулалтад хяналт тавих;

4.2.5.Улсын Их Хурлаасалбан тушаалтныг томилох;

4.2.6.энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах.

4.3.Энэ хуулийн 4.2-т зааснаас бусад асуудлаар нийтийн сонсгол явуулахад энэ хуульд заасан зарчим, журмыг баримтална.

5 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1."нийтийн сонсгол/цаашид "сонсгол" гэх/" гэж хууль болон захиргааны хэм хэмжээний акт тогтоох, энэ хуульд заасан бусад асуудлаар шийдвэр гаргахын өмнөх шатанд төрийн байгууллага, албан тушаалтан, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсхүл тухайн асуудлаар иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс мэдээлэл авах, санал сонсох, олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааг

5.1.2."сонсгол даргалагч" гэж тухайн сонсголын дэгийг сахиулахаар сонгогдсон, эсхүл томилогдсон албан тушаалтныг;

5.1.3."мөрдөн шалгах" гэж тодорхой асуудлыг нягтлан шалгахад туслах зорилгоор Улсын Их Хурлаас байгуулагдсан түр хороо энэ хуульд заасан журмын дагуу баримт сэлт цуглуулах үйл ажиллагааг;

5.1.4."мэргэжлийн холбоо" гэж нийтийн ашиг сонирхолтой нийцсэн, мэргэжлээрээ эвлэлдэн нэгдсэн иргэдийн сайн дурын байгууллагыг.

СОНСГОЛЫН ТӨРӨЛ, ТЭДГЭЭРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

6 дугаар зүйл.

Сонсгол, сонсголын төрөл, хэлбэр

6.1.Сонсгол нь шийдвэр гаргахад бэлтгэх зорилготой мэдээлэл авах үйл ажиллагаа бөгөөд сонсгол явуулах, шийдвэр гаргах үйл ажиллагаа тусдаа байна.

6.2.Сонсгол нь дараах төрөлтэй байна:

6.2.1.хууль тогтоох

6.2.2.ерөнхий хяналтын;6.2.3.төсвийн хяналтын;

6.2.4.мөрдөн шалгах;

6.2.5.томилгооны;

6.2.6.захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн;

6.2.7.орон нутгийн.

6.3.Сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлын хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.

6.4.Энэ хуулийн 6.2.6-д заасан сонсгол зохион байгуулах үндэслэл, журмыг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулна.

7 дугаар зүйл..

Хууль тогтоох сонсгол

7.1.Хууль санаачлагч нь дараах тохиолдолд хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийг боловсруулахад хууль тогтоох сонсголыг заавал явуулна:

7.1.1.хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх;

7.1.2.нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэх.

7.2.Энэ хуулийн 7.1-д зааснаас бусад асуудлаар хууль тогтоох сонсгол явуулахаар бол тухайн байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй саналаар шийдвэрлэнэ.

7.3.Аливаа этгээд нь хууль тогтоох сонсгол явуулах хүсэлтийг Улсын Их Хурлын тухайн асуудал хариуцсан байнгын ба дэд хороонд хандан гаргана. 

7.4.Хууль санаачлагч хуулийн төслийг боловсруулах үе шатанд олон нийтээр тухайн асуудлыг хэлэлцүүлсэн нь хууль тогтоох сонсголыг явуулахгүй байх үндэслэл болохгүй.

8 дугаар зүйл..

Ерөнхий хяналтын  сонсгол

8.1.Улсын Их Хурал нь хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулна.

8.2.Улсын Их Хурал нь дараах тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна

8.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан;

8.2.2.Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан

8.2.3.тухайн байнгын хорооны нийт гишүүдийн олонхи нь хүсэлтгаргасан;

8.2.4.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал хариуцсан хороо хэлэлцэн хүлээн авсан

8.2.5.энэ хуулийн 8.5-д заасан тогтмол явуулах хяналтын сонсгол.

8.3.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараах тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна

8.3.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгчид хүсэлт гаргасан;

8.3.2.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэн хүлээн авсан.

8.4.Ерөнхий хяналтын сонсголыг явуулах тухай иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлт нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:

8.4.1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага;

8.4.2.өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тухай болон сонсголыг зохион байгуулах үндэслэл, шаардлагыг тодорхой заасан байх.

8.5.Хууль, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор хяналтын сонсголыг тогтмол явуулах бөгөөд тухайн хууль, захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор эхний хяналтын сонсголыг,  дараагийн сонсголыг 5 жил тутамд нэгээс доошгүй удаа заавал зохион байгуулна.

8.6.Ерөнхий хяналтын сонсголыг явуулснаас хойш 1 жилийн дотор тухайн асуудлаар дахин сонсгол явуулахгүй.

8.7Хүний эрхийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах бол Хүний эрхийн үндэсний комиссоор дүгнэлт гаргуулж болно.

8.8.Аливаа этгээд ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг энэ хуулийн 8.1-т заасан байгууллагад хандан гаргана.

9 дүгээр зүйл..

Төсвийн хяналтын сонсгол

9.1.Улсын Их Хурал улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар дараах тохиолдолд сонсголыг явуулна:

9.1.1.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хүсэлт гаргасан

9.1.2.Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан.

9.2.Төсвийн хяналтын сонсгол явуулах бол Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

9.3.Засгийн газар, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага дараах чиглэлээр төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулна:

9.3.1.Улс, орон нутаг, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсөв;

9.3.2.Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв;

9.3.3.Засгийн газрын тусгай сангийн төсөв;

9.3.4.Засгийн газар, орон нутгийн өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгсэл;

9.3.5.Засгийн газар, орон нутгийн гадаад болон дотоод зээл, буцалтгүй тусламж;

9.3.6.Засгийн газар, орон нутгийн баталгаа болон төсвийн өр, авлага үүсгэх аливаа бусад шийдвэр.

10 дугаар зүйл..

Мөрдөн шалгах сонсгол

10.1.Улсын Их Хурал түр хороо байгуулж тодорхой хяналт хэрэгжүүлэх хүрээндээ мөрдөн шалгах сонсгол зохион байгуулна.

10.2.Мөрдөн шалгах сонсголыг олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хууль зүй, улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлыг тодруулахаас гадна Улсын Их Хурлын гишүүн болон Улсын Их Хурлаас томилогдсон албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор зохион байгуулж болно.

10.3.Мөрдөн шалгах сонсголыг Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн саналаар, эсхүл холбогдох байнгын хорооны саналаар явуулна.

10.4.Энэ хуулийн 10.3-т заасан саналыг Улсын Их Хурал хэлэлцэн хүлээн авсан бол мөрдөн шалгах сонсголоор хэлэлцэх баримт сэлтийг цуглуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулна.

10.5.Улсын Их Хурлаас байгуулагдсан мөрдөн шалгах түр хорооноос бусад байнгын болон дэд хороо мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хориглоно.

10.6.Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа асуудлаар Улсын Их Хурал мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж болохгүй.

10.7.Монгол Улсын иргэн мөрдөн шалгах сонсгол явуулах хүсэлтээ Улсын Их Хуралд гаргаж болно.

11 дүгээр зүйл..

Томилгооны сонсгол

11.1.Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна.

11.2.Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага холбогдох албан тушаалтныг томилохдоо энэ хуулийн 11.1-д заасан жишгээр томилгооны сонсголыг зохион байгуулж болно.

11.3.Улсын Их Хурал, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага томилгооны сонсгол явуулах журмыг баталж мөрдөнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

СОНСГОЛД ОРОЛЦОГЧ ЭТГЭЭД, ТЭДГЭЭРИЙН ЭДЛЭХ ЭРХ, ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

13 дугаар зүйл.

Сонсголд оролцогч

13.1.Гэрч, шинжээч, ажиглагч, хүсэлт гаргасан бусад этгээдийг сонсголд оролцогч гэнэ.

13.2.Ажиглагчийн эрх зүйн байдлыг энэ хуулийн 19.6-д заасан журмаар тогтооно.

14 дүгээр зүйл..

Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг оролцуулах

14.1.Сонсголд тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг заавал оролцуулна.

14.2.Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг сонсголд оролцуулах асуудлыг энэ хуулийн 19.6-д заасан журмаар нарийвчлан зохицуулна.

15 дугаар зүйл..

Сонсголд оролцогчийн иргэний эрх зүйн чадвар, чадамж

15.1.Сонсголд иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй боловч сонсголд зайлшгүй оролцуулах шаардлагатай бусад этгээд оролцох эрхтэй.

15.2.Сонсголд оролцогчийн иргэний эрх зүйн чадамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.3-т заасны дагуу тодорхойлно.

16 дугаар зүйл..

Сонсголд оролцогчийн эрх, үүрэг

16.1.Сонсголд оролцогч нь дараах нийтлэг эрх эдэлнэ:

16.1.1.энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу тайлбар, санал, дүгнэлт гаргах;

16.1.2.сонсголын тэмдэглэл, гарсан шийдвэртэй танилцах;

16.1.3.энэ хуульд заасны дагуу бусад холбогдох хууль тогтоомжид заасан эрхийг эдлэх.

16.2.Сонсголд оролцогч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

16.2.1.сонсгол зохион байгуулагчийн дуудсанаар сонсголд хүрэлцэн ирэх;

16.2.2.сонсгол явуулах журам, дэгийг сахих;

16.2.3.сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

16.2.4.сонсголын асуудлаар гаргасан тайлбар, санал, дүгнэлт үнэн бодитой байх.

16.3.Гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн эрх зүйн байдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-60 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлно.

17 дугаар зүйл..

Сонсгол зохион байгуулагч, түүний эдлэх эрх, хүлээх үүрэг

17.1.Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголыг тухайн асуудлыг хариуцсан байнгын хороо, дэд хороо, түр хороо, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас зохион байгуулах сонсголыг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба, Засгийн газраас зохион байгуулах сонсголыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцан явуулах бөгөөд бусад байгууллагаас зохион байгуулах сонсголыг Тамгын газар, түүнтэй адилтгах нэгж зохион байгуулна.

17.2.Сонсгол зохион байгуулагч нь сонсголын бэлтгэл ажлыг бүрэн хангах, сонсголыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах үүрэгтэй.

18 дугаар зүйл..

Сонсгол даргалагч, түүний эдлэх эрх, хүлээх үүрэг

18.1.Сонсгол даргалагч нь сонсголыг хуульд заасны дагуу удирдан зохион байгуулах, сонсголын асуудлыг тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоох, сонсголд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, сонсголын дэгийг сахиулах үүрэгтэй.

18.2.Сонсгол даргалагчийг сонгох, томилох асуудлыг  энэ хуулийн 19.6-т заасан журмаар зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

СОНСГОЛЫН НИЙТЛЭГ ЖУРАМ

Сонсголын нийтлэг журам

19.1.Оролцогчид сонсголын үеэр хуралдаан даргалагч, бусад оролцогчоос  асуулт асуухгүй.

19.2.Сонсголын асуудалтай холбогдуулан бичгээр ирсэн санал, хүсэлт, мэдээллийг уншиж танилцуулан тэмдэглэлд тусгаж болно.

19.3.Согтууруулах ундаа, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн этгээдийг сонсголд оролцуулахыг хориглоно.

19.4.Нээлттэй сонсголд хэвлэл, мэдээллийн төлөөллийг заавал оролцуулна.

19.5.Албан тушаалтан нь сонсголын асуудлаар хариу тайлбар гаргаж өгөөгүй буюу мэдэгдэл хүргүүлсээр байхад сонсголд ирээгүй бол түүнийг Улсын Их Хурлыг үл хүндэтгэсэн хэмээн үзэж хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

19.6.Хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны болон мөрдөн шалгах сонсголын нарийвчилсан журмыг Улсын Их Хурал, захиргааны сонсголын нарийвчилсан журмыг Засгийн газар батална.

20 дугаар зүйл..

Сонсголын тэмдэглэл

20.1.Сонсгол зохион байгуулагч нь сонсголын тэмдэглэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд нийцүүлэн хөтлөх бөгөөд энэ хуулийн 19.6-т заасан журмаар нарийвчлан зохицуулна.  

20.2.Хаалттай явуулснаас бусад сонсголын тэмдэглэл нийтэд ил байна.

21 дүгээр зүйл..

Сонсголын тов

21.1.Сонсгол зохион байгуулагч нь сонсголыг зохион байгуулах товыг тогтооно. 

21.2.Шаардлагатай тохиолдолд сонсголыг ажлын бус өдөр явуулж болно.

21.3.Сонсгол зохион байгуулагч нь сонсголын товыг дараах хугацаанд тогтооно

21.3.1.хууль тогтоох сонсголыг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өргөн мэдүүлснээс хойш, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээс өмнө

21.3.2.ерөнхий хяналтын сонсгол болон төсвийн хяналтын сонсголыг тухайн хүсэлтийг эрх бүхий байгууллага хэлэлцэн, хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор;

21.3.3.мөрдөн шалгах сонсголыг тухайн хүсэлтийг эрх бүхий байгууллага хэлэлцэн, хүлээн авснаас хойш 12 сараас илүүгүй хугацаанд

21.3.4.томилгооны сонсголыг тухайн албан тушаалтныг томилогдохоос өмнөх хугацаанд;

21.3.5.захиргааны сонсголыг Захиргааны үйл ажиллагааны ерөнхий хуульд заасан хугацаанд;

21.3.6.бусад сонсголыг тухайн хүсэлтийг эрх бүхий байгууллага хэлэлцэн, хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор.

21.4.Сонсголын товыг тогтоосны дараа товыг зайлшгүй хойшлуулах шаардлагатай бол тухайн сонсголыг нийтэд зарласан арга хэрэгслээр дахин зарлана.

21.5.Албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй нь сонсголын товыг хойшлуулах үндэслэл болохгүй.

Сонсголыг нийтэд зарлах

22.1.Сонсголын товыг олон нийтийн телевиз, радио болон сонсгол зохион байгуулагчийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 19.6-т заасан журмаар тогтоосон давтамж, арга хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

22.2.Төрийн албан тушаалтанд сонсголын зарыг бичгээр буюу бусад нотлогдох боломжтой арга хэрэгслээр хүргүүлнэ.

22.3.Орон нутагт зохион байгуулах сонсголын зарыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргын Тамгын газар болон хүн ам олноор үйлчлүүлдэг соёлын ба үйлчилгээний газруудын зарын самбарт байрлуулна.

23 дугаар зүйл..

Сонсголд оролцох хүсэлт гаргах, оролцогчдыг бүртгэх

23.1.Сонсголд гэрч, ажиглагчаар оролцох иргэн, хуулийн этгээднь сонсголын товоос ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүсэлтийг сонсгол зохион байгуулагчид хүргүүлнэ.

23.2.Сонсголд ажиглагчаар оролцох хүний тоо, бүртгэл дуусгавар болох хугацаа, сонсгол зохион байгуулах үйл ажиллагааны журмыг энэ хуулийн 19.6-т заасан журмаар нарийвчлан зохицуулна.

25 дугаар зүйл..

Сонсголыг хойшлуулах

25.1.Сонсголын үеэр мэргэжлийн шинжээч, гэрч нь сонсголыг хойшлуулах шалтгаан, хугацааг тодорхой дурдаж, энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгуулан сонсголыг 1-3 удаа  хойшлуулж болно.

25.2.Хойшлуулах үндэслэл, шалтгаанаас хамааран хойшлуулах хугацаа ажлын 5-аас илүүгүй өдөр байна.

26 дугаар зүйл.

Мөрдөн шалгах сонсголын журам

26.1.Мөрдөн шалгах сонсголыг хөтлөн явуулах зорилгоор даргалагчийнхажууд дэгийн зөвлөгч ажиллуулж болно.

26.2.Мөрдөн шалгах сонсголд энэ хуулийн 12.1-д заасан этгээдээс гадна баримт сэлтийг үнэлэх чиг үүрэг бүхий тусгай этгээдийг томилж ажиллуулна.

26.3.Тусгай этгээдтэй холбоотой харилцааг энэ хуулийн 19.6-д заасан журмаар нарийвчлан зохицуулна.

26.4.Мөрдөн шалгах түр хороо тухайн асуудлаар шаардлагатай мэдээ мэдээлэл, баримт сэлтийг иргэн, байгууллага, албан тушаалтнаас саадгүй гаргуулан авна.

26.5.Мөрдөн шалгах түр хороо нөхцөл байдлыг шалгаж тогтоолгох зорилгоор холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар өгч болно.

26.6.Мөрдөн шалгах сонсголд шаардлагатай шинжээч, орчуулагч, хэлмэрчийг татан оролцуулж болно.

26.7.Гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч нь сонсгол зохион байгуулагчийн дуудсанаар ирж, энэ хуульд заасны дагуу эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана.

26.8.Мөрдөн шалгах түр хорооны дүгнэлтийг шүүх хянахгүй.

26.9.Мөрдөн шалгах сонсголтой холбогдсон бусад харилцааг энэ хуульд заасан нийтлэг журам болон энэ хуулийн 19.6-д заасан журмаар зохицуулна.

Бусад зүйл

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

27.1.Сонсгол зохион байгуулагч нь Нийтийн сонсголын тухай хууль тогтоомжийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг ногдуулах хүсэлтийг үндэслэл бүхий тайлбарын хамт  шүүхэд гаргана.

27.2.Нийтийн сонсголын тухай хуулийг төрийн албан тушаалтан зөрчсөн бол Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хууль, Сонгогдсон болон Улсын Их Хурлаас томилогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуульд заасан хариуцлагыг ногдуулна.

28 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

28.1.Энэ хуулийг ... оны .. дугаар сарын ... - ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.