Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх нийтээрээ амрах хэрэгтэй юу?
УИХ-ын чуулганы хуралдаан
2012.12.20

Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх нийтээрээ амрах хэрэгтэй юу?

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/-ын анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр О.Баасанхүү гишүүн асуулт асуув.

Тэрээр асуухдаа: “Машинаар тоолох тухай мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд  өг гэж УИХ-ын дарга З.Энхболд үүрэг болгосон тэр яасан бэ. Хоёрдугаарт сая болж өнгөрсөн Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг машинаар тоолчихоод буцаад бүгдийг нь гараар тоолж шалгаж байна. Тэр 20 сая хүнтэй улс гараар тоолоод байхад манай улс яагаад гараар тоолохоос болгоомжлоод байгаа юм бэ” хэмээн асуув.

Гишүүний асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариулахдаа: “Хяналтын тооллогын материалыг ирэх долоо хоногт хүргүүлье. Солонгосын хувьд гараар тоолох, машинаар тоолохыг хослуулдаг холимог тогтолцоог ашигладаг. Эхлээд том машинаар ялгаж сортлоод, үүнийгээ дахин гараар тоолдог гэсэн үг. Бид анх Солонгосоос машин оруулж ирсэн ч авлигатай тэмцэх газраас шалгаад бөөн юм болж байсан. Тиймээс Америкийн машиныг оруулж ирсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Үүний дараа байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор нийт 20 санал дээр санал хураалт явууллаа.

Гаргасан бүх санал дэмжигдсэн бөгөөд харин тус хуулийн төслийн 8.3-дах зүйлийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэсэн заалтыг  Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Н.Энхболд нарын гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлж цөөнх болжээ.

Заавал ажлын өдөр бүх нийтийн амралт болгох шаардлагагүй.

Энэ талаар Д.Лүндээжанцан гишүүн ярихдаа: “Ер нь ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн асуудлаас шалтгаалж ажлын өдөр сонгууль явуулахаар оруулж ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд манай иргэдийн ирц гайгүй байна гэж бодож байгаа. Тиймээс заавал ажлын өдөр бүх нийтийн амралт болгох шаардлагагүй.

Энэ чинь зургаан сарын нэг өдрийн бүтээн байгуулалтыг алдуулж, улс орны хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүнд ямар хэмжээгээр нөлөөлөх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Аж ахуй нэгж байгууллагууд ч нэг өдрийн ажлаа алдаад, ажилчид ч гэсэн нэг өдрийн цалин алдаад байх юм гэж өмнөх сонгуулиар ярьж байсан. Энэ бүгдийг бодолцоод төрийн тэргүүний сонгуулийг зургаан сарын сүүлчийн долоо хоногийн аль нэг амралтын өдөр болох боломжтой гэсэн саналыг гаргаж байна”.

Цөөнхийн санал зүйтэй байсан ч гэлээ олонхийн саналаар буюу гишүүдийн 60 хувь нь ерөнхий сонгуулийн санал хураалт явуулах өдрийг бүх нийтийн амралт болгохыг дэмжсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.