Ж.Батсуурь: ”Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан”
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2013.09.03

Ж.Батсуурь: ”Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан”

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэж байгаа. Өмнө нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн хуулийн төслийг баталсан нь эдийн засгийг хүндрүүлээд байгаа гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Эдийн засгийн нөхцөл байдал, 2012 оны улсын төсвийн орлого тасарсан. Хоёр ч удаа төсөвт тодотгол хийж бууруулсан байдаг. Харин энэ оны төсвийн орлого 1.5 их наядаар тасарч байна гэсэн мэдээлэл байна. Энэ мэдээллээс харахад өмнөө тавьсан зорилгоо биелүүлж чадахгүйд хүрч байгаа юм.

Үүнд нэлээд олон хүчин зүйл нөлөөлсөн л дөө. Гол нь байгалийнхаа баялгийг зөв зохистой ашиглах, дэлхийн зах зээлд эргэлтэд оруулах байдлаар давуу талдаа тулгуурлаж бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Томоохон бүтээн байгуулалтыг хийхийн тулд биднээс их хэмжээний хөрөнгө шаардагдана. Үүнийг байнга тусламж, хөнгөлөлттэй зээлээр хийж дийлэхгүй.

Тэгэхээр уул уурхайн салбарт зөв зохистой хандахгүй бол өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй байдалд хүрээд байгаа юм. Эдийн засгийн хүндрэл, валютын ханшийн өсөлт зэрэг нь уул уурхайн салбарт зөв бодлого явуулаагүйгээс болсон гэж бодож байна. Өмнө нь 68 хувийн татварын хууль гаргаж байсан.

Мөн “Урт нэртэй” хуулийг 2009 оны долоодугаар сард баталсан. Уг хуулийг батлахдаа том алдаа гаргасан л даа. Учир нь байгаль эх дэлхийдээ хайр гамтай хандах ёстой гээд гадаадын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаагаа явуулж буй компаниудад хүнд цохилт үзүүлж болохгүй юм. Тэгтэл өнөөдрийг хүртэл уг хуулийг хэрэгжүүлж чадахгүй л байна шүү дээ.

Хэрэгжих нөхцөл бололцоо нь ч бүрдээгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг гэнэт зогсоох нь маш балмад үйлдэл. Үүнээс болж гадны хөрөнгө оруулагчид зугтдаг. Түүнчлэн 2010 оны долоодугаар сард Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийг оруулж байсан. Энэ бол хөрөнгө оруулагчдад хүнд цохилт болсон юм.

-Таныхаар гадаадын хөрөнгө оруулалтад хэрхэн хандах ёстой юм бэ?

-Хөрөнгө оруулалт шаардлагатай улс орнууд хөрөнгө оруулалт орж ирэхэд нь таатай нөхцлийг бүрдүүлэх ёстой. Гэхдээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эсэхийг нь харах хэрэгтэй л дээ. Хэрэв тийм зүйл байхгүй тохиолдолд, хэдийн үйл ажиллагаагаа явуулж байхад нь хууль гаргаад зогсоогоод байж болохгүй.

Манай улс хоёр том гүрний дунд байгаа учир гадны хөрөнгө оруулагчиддаа уян хатан бодлого гаргах зайлшгүй шаардлага байсан. Монголчуудын хандлага ч гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй байдлыг үүсгэдэг.

Үүнийх нь үр дүнд олон үйлдвэр аж ахуйн нэгжүүд зогсоно, экспортолдог бараа бүтээгдэхүүний үнэ унаж байна. Тиймээс бидний нөлөөлсөн хүчин зүйл их байгаа л даа. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг үг байдаг даа.

-Тэгэхээр таныхаар гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд юу хийх ёстой гэж харж байна вэ?

-Бид хөрөнгө оруулалт орж ирэхэд таатай, олон улсын жишигт нийцсэн нөхцлийг бүрдүүлэх ёстой юм. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад заавал Засгийн газар оролцож, гэрээ байгуулна гээд байвал болохгүй. Энэ нь олон улсын жишигт байхгүй.

Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг гэнэт зогсоох нь маш балмад үйлдэл.

Тэгэхээр үүнийг өөрчлөх хэрэгтэй байна. Мөн хуулиа мөрдөх ёстой. Татварын орчныг тогтвортой мөрдөх шаардлага улс оронд бий. Эрхзүйн таатай орчныг бий болгох хэрэгтэй юм. Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг зогсоочихоод байгаа.

Ашиглалтын лиценз олголтыг зогсоосон. Энэ бол маш том эрсдэлийг дагуулж байгаа юм. Одоо залруулга хийлээ ч нэгэнт итгэл алдарсан хөрөнгө оруулагчид “Энэ улсад хөрөнгө оруулбал эрсдэлтэй юм байна” гэсэн бодолтой болчихсон. Энэ бодол тийм амар засарчихгүй байх гэж бодож байгаа.

-Эрхзүйн орчноо өөрчилж буй нөхцлийг улстөрчидтэй холбон тайлбарлаж, засаг солигдох байдлаар улс орныг удирддаг гэх нь бий?

-Үүнээс болж байгаа зүйл бий. Зарим бүлэглэл явцуу эрх ашигтай хөтлөгдөж байх шиг байна. Ялангуяа “Урт нэртэй” хуулийг баталсны дараа ядаж нэмэлт өөрчлөлт оруулъя, хууль батлагдсан өдрөөс өмнө үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хамааралгүй болгоё гэсэн. Хуулийн төсөл өргөн барьсан боловч авч хэлэлцээгүй л дээ.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг баталснаар хөрөнгө оруулагчдыг татаж чадах болов уу?

-Би бүрэн чадна гэхэд итгэлгүй байна. Учир нь манай улс итгэлцэл гэдэг зүйлийг алдчихсан. Түүнээс гадна энэ хуулиас гадна маш олон хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа.

Хөрөнгө оруулагчидтай зах зээлийн зарчмаар л хандах ёстой. Төр сайхан орчин бүрдүүлж дэмжиж чадахгүй ч, сүүдэр битгий тусгаасай гэж компаниудын удирдлага ярьдаг.

-Мөн Оюутолгойн хувьд далд уурхайгаа хааснаас болж манай улсад нэлээд хүндхэн байдал үүсчихлээ шүү дээ?

-Энэ бол миний хэлээд байгаа итгэлцлийн л асуудлаас болсон гэж боддог. Манай улс уул уурхайгаа хөгжүүлэх шаардлага бий.Уул уурхайгаа хөгжүүлье гэхээр байгалиа хамгаалах сэтгэлгүй болчихдог.

Байгалийн баялгийг ашиглахгүй гэхээр эх орондоо хайртай болдог юм биш. Зөв зохистой ашиглах асуудал чухал шүү дээ. Байгалийг ашиглаж байж хамгаалдаг болохоос хав дарснаар үр дүнд хүрнэ гэж байхгүй.

-УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд шинэчлэлийн Засгийн газарт хэд хэдэн шаардлагыг тавиад байгаа. Шаардлага хэр зөв бэ?

-Үүнтэй санал нийлж байгаа. Энэ Засгийн газар дорвитой ажил хийхгүй, намын бодлогоор, боловсон хүчний асуудлаар хөөцөлдөх, хэн нэгэнд өш хонзон тооцож Авлигатай тэмцэх газраар айлгах гэсэн л ажил хийгээд байгаа юм шиг санагдаад байх шиг байна. Үүнийгээ анхаарах ёстой л доо.