Алтанхуяг.Н 2013.09.12 | Сонин: Үндэсний Шуудан

Самуурай бондоос 500 сая доллар босгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан ёсны айлчлалаа эдийн засгийн томоохон түнш Япон улсаас эхлүүллээ. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар тус улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайдад Япон улсын иргэн Минорү Сайто гэр бүлийнхэнтэйгээ бараалхлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 1990-ээд оны эхээр Япон улсад богино хугацааны сургалтад суухдаа Сайто гуайнд зочилж байжээ. Тухайн үед Японы Засгийн газрын урилгаар сургалтад хамрагдаж байсан Монголын Социал демократ намын ерөнхий нарийн бичгийн дарга 20 гаруй жилийн дараа улсынхаа Ерөнхий сайд болон албан ёсны айлчлал хийж байгаа нь энэ.

“Самуурай” бондоос 500 сая ам.доллар босгоно гэсэн мэдээлэл байгаа билээ.

Ерөнхий сайд Сайто гуайнд зочлохдоо залуухан улстөрч ирж байснаа дурсаад, дахин уулзаж байгаадаа талархаж буйгаа илэрхийлэв. Харин Минорү Сайто сан “Таныг айлчлах гэж байгаа тухай сонссон. Харин уулзах боломж гарна гэж бодоогүй.

Манай Гадаад харилцааны яамнаас яриад тантай уулзуулна гэхэд маш их баярласан. Энэ өдрийг тэсэн ядан хүлээж байлаа” хэмээв. 80 нас шүргэж яваа хоёр бууралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрүүл энхийг ерөөлөө.

Энэ уулзалтын дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөгчидтэй уулзаж санал солилцлоо.

Айлчлал өнөөдөр үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Хөгжлийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банк нь улсынхаа технологийн бүтээгдэхүүнүүдийг экспортолдог компаниудад зээл олгодог бөгөөд манай улсад хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүддээ найман тэрбум ам.долларын зээл олгохоор болсон юм байна. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд “Самуурай” бонд гаргах асуудал хөндөгдөх бөгөөд дээрх банк нь бонд гаргахад баталгаа гаргах юм.