Байр суурь8 мин унших
Бидэнд улстөржихгүй байх цөөн хэдэн эрх ашиг байх ёстой

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.
-Бондын тухай улстөрийн намууд өөрөөр байр суурьилэрхийлж, Засгийн газар дааж давшгүй их өр тавьчихлаа гэж танай намынхан шүүмжлээд байгаа. Энэ шүүмжлэл бодит юм уу эсвэл зүгээр л улстөржөөд байгаа юм уу?
-Бид улстөржөөгүй ээ. Харин ч сөрөг хүчний үүднээс хяналт тавих үүргээ л биелүүлж байна. Ингэх бүрэн эрхтэй. Энэ парламент, Засгийн газарт хүчтэй сөрөг хүчний хяналт хэрэгтэй байна. Тийм учраас бондыг үр ашигтай зарцуулах тал дээр бид дуугарах ёстой. Алдаа гаргасан зүйл дээр нь үг хэлэх эрхтэй гэж бодож байна. Энэ бондын өрийн эхний хэсгийг манай улс таван жилийн дараа төлнө. Арван жилийн дараа үлдсэн хэсгийг нь төлж дуусна. Үндсэн өрөөс гадна хүү бодож байгаа шүү дээ. Энэ 1.5 тэрбум ам.долларын бонд ашиглах нийт хугацаанд зөвхөн өрийн бичгийн хүүд 615,6 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 861,9 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлөх болж байна.
Ийм их мөнгөн хөрөнгө манай улсын эдийн засгаас гадагшилна гэсэн үг. Үүн дээр Хөгжлийн банкны 580,0 сая ам.долларын өрийн бичгийн нэг жилийнх нь хүү 33 сая 350 мянган ам.долларыг нэмбэл ирэх таван жилд жил тутам 105 сая 225 мянган ам.доллар буюу өнөөгийн ханшаар ирэх онд 147 тэрбум 315 сая төгрөгийг төлөх болно. Цөөнхийн бүлгийн гишүүний хувьд энэ асуудалд нэлээд анхаарал тавьж байгаа. Манай бүлгээс бондын асуудал дээр ажлын хэсэг гарсан. Мөн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа. Монгол Улсын өрийн хэмжээ хэд болов, өмнөх жилүүдэд гаргасан бондын үр дүнгийн талаар тодруулсан. Үнэндээ бидний тооцоогоор Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-д эзлэх зохимжтой харьцаанаас хэтэрчих нөхцөл бүрдээд байна.
-Та УИХ-ын гишүүн болоод хагас жилийн нүүрийг үзлээ. Төрийн түшээ байхын жаргал зовлонг мэдэрсэн л байх?
-Шинээр сонгогдсон гишүүний хувьд суралцах зүйл их байна. Шийдвэр бүрийн цаана улс орны эрх ашиг байгаа болохоор хэлэлцэж байгаа хууль болгоныг судлахад их цаг хугацаа шаарддаг юм байна. УИХ-ын Тамгын газар, байнгын хороогоо чадварлаг багаар бэхжүүлэх зайлшгүй шаардлага байна. Гишүүдийн зөвлөх багийг чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх, санхүүгийн боломжийг нь давхар шийдвэрлэх шаардлагатай. Байнгын хорооны гишүүдийн тоог хуучнаар нь болгож сая хууль баталлаа. Энэ нь сайшаалтай. Үүнээс өмнө үнэнийг хэлэхэд нэг байнгын хороонд таван гишүүн ирц бүрдүүлээд тэднээс гурав нь хуралдаад л улс орны хувь заяаг шийдэх чухал асуудлуудыг шийдээд хэсэг явлаа шүү дээ. Дээрээс нь УИХ-аас ихэнх сайд нар томилогдчихсон болохоор байнгын хорооны хурал болон чуулгандаа суух гишүүд бараг олдохгүй. Зарим үед ирц нь хүрэхгүй тарж байсан. Заримдаа чуулганы хурал үдээс хойш эхэлж байлаа. Ийм цалгар байдал газар авч байсанд тухайн үедээ шүүмжилмээр санагддаг байсан. Ер нь байнгын хорооны хуралдааныг хэвлэл мэдээллийн төлөөлөлгүй хийдэг болбол илүү ажил хэрэгч орчин бүрдэж, сайн хууль гарах бололцоо байна гэж харж байгаа.
-Танай намынхан тэртэй тэргүй бүлэггүй юм чинь хуралд суугаад нэмэргүй гэдэг юм уу барагтаа хуралд ирж харагддаггүй байсан. Уг нь ард түмний төлөө ажиллана гээд эрхээ авчихсан хүмүүсийн хувьд үүргээ биелүүлэх л хэрэгтэй юм шиг санагддаг...
-УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүн бүхэнд бүрэн эрх нь бий. Тиймээс аль ч байнгын хорооны хуралд суух эрхтэй. Дуртай ажлын хэсэгтээ орж ажиллах эрх нь нээлттэй байгаа. Нэгэнт ард түмний эрх ашгийн төлөө ажиллах мандат авчихсан учраас ямар нэгэн шалтаг тоочоод хойш суух эрх бидэнд байхгүй. Миний хувьд байнгын хороодын хуралд идэвхтэй оролцдог. Одоогоор Хадгаламжийн даатгалын тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиудыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт орж ажиллаж байна. Шинэ гишүүний хувиар туршлагатай парламентчдаас суралцах хэрэгтэй юм байна гэж боддог учраас бүлэггүй байхад нь ч бүх хуралд суухыг хичээдэг байв.
-Та УИХ-ын гишүүн болсноосоо хойш энд тэнд нэг их ярилцлага өгөөгүй санагдана. Ер нь яагаад нэр дэвших болсон юм бэ?
-"Товчхондоо гэвэл улс орныхоо хегжилд хувь нэмрээ оруулах, тодорхой ажлуудыг гардан хийж Хөвсгөл аймгаа хөгжлийн арай өөр түвшинд хүргэхийн төлөө зүтгээд үзэх хүсэл тэмүүлэл намайг хөтөлсөн гэж болно л доо. Бас Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн даргаар 2009 оноос хойш ажиллаж нутаг орондоо хэрэгтэй олон ажлуудыг санаачилж эхлүүлсэн нь олны сэтгэлд хүрсэн болохоор маш том итгэл хүлээлгэсэн болов уу. Зөвхөн Хөвсгөл гэлтгүй, улс орныхоо эрх ашгийн төлөө улс төрд оръё гэсэн бодол байсан.
Миний хувьд байнгын хороодын хуралд идэвхтэй оролцдог
Монгол Улс эдийн засгийн хувьд нэлээд эрчимтэй хөгжих замдаа орчихлоо. Тийм учраас улс төрд улс орныхоо баялгийн ихэнх хувийг бүтээдэг хувийн хэвшлийн төлөөлөл түлхүү ороосой гэж боддог. УИХ-ын гишүүн болоод хэд хэдэн хууль батлуулах ажлын хэсэгт орж ажиллаж байна. Одоо ажиллаж байгаа хуулийн төслүүдийн талаар тухай бүрдээ ярилцлага өгөөд байр сууриа илэрхийлээд явж байгаа. Харин танай сонинд ярилцлага өгөөгүй юм байна. Ер нь ярихаас илүү хийх нь дээр биз дээ.
Сэтгүүлч Unursaikhan
