Даваасүрэн.Ц 2013.11.22 | Сайт: Vip76.mn

Шинийн 3-ныг амралтын өдөр болгох хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.11.21/ хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Су.Батболд танилцуулсан.

Өвөг дээдсийн үе улиран уламжилж ирсэн төрт ёсны хамгийн том баяр болох Цагаан сарын шинийн 1, 2-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан боловч өргөн уудам газар нутагт тархан суурьшдаг онцлогтой манай ард түмний хувьд ураг төрлөөрөө төрт ёсоо хүндэтгэн үндэснийхээ онцлог, өв түүх,

ёс жудгаа хадгалан үлдсэн монгол түмний баярын энэ өдрүүдэд аав, ээж, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх, нутаг усандаа очих нь залуу хойч үед хүмүүжлийн болон ёс суртахууны ихээхэн ач холбогдолтой хэмээн гишүүн танилцуулгадаа онцолсон.

Нөгөө талаас цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх амралтын өдрийг нэг өдрөөр нэмж, нийтдээ гурван өдөр нийтээрээ амрахаар хуулийн төсөлд тусгажээ. Дээрх хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд дэмжсэн байна.

Өндөр ёс зүйтэй иргэдтэй байна гэдэг улс орны хөгжилд ихээхэн тустай.

Хуулийн төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Зарим орнуудад Христийн мэндэлсний өдрийг жил бүр тэмдэглэдгийн адил бид ч бас Бурхан багшийн мэндэлсэн өдрийг ёс зүйн төлөвшлийг бий болгох өдөр болгон тэмдэглэдэг больё гэсэн санал хэлсэн. Өндөр ёс зүйтэй иргэдтэй байна гэдэг улс орны хөгжилд ихээхэн тустай гэж тэрбээр хэлж байлаа.

Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.