Хөгжлийн бодлогыг тодорхойлсон шинэ бүтээлтэй танилцаарай
“Хөгжлийн хөтөч” цуврал
2014.01.15

Хөгжлийн бодлогыг тодорхойлсон шинэ бүтээлтэй танилцаарай

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

Сүүлийн 20 гаруй жил Монгол Улс өөрийн гэсэн хөгжлийн төлөвлөлтгүй явж ирснийг улстөрчид хүлээн зөвшөөрч, аль ч Засгийн газрын үед савладаггүй нэгдмэл бодлоготой байхыг эрхэмлэж буй. Тэгвэл эл асуудалд хувь нэмэр оруулсан номын нээлт өчигдөр "Интер ном"-д боллоо. Эх орныхоо хөгжлийн чиг хандлагын талаар санаа бодлоо солилцож, мэтгэлцэж, сэтгэл зовниж явдаг хэсэг судлаач, бодлого боловсруулагч, улстөрчид хамтран “Хөгжлийн хөтөч” цувралыг гаргаж буй бөгөөд үүний нэгээхэн хэсэг нь эдгээр гурван ном юм.

Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын санаачлан байгуулсан “Хөгжлийн хөтөч” клубээс хөгжлийн эдийн засаг, философи, улс төрийн талаар орчин үеийн нэрт онолчид, судлаачдын номыг орчуулж, захиалж бичүүлэн олон нийтэд түгээх ажлыг хийж байна. Энэхүү цувралын анхных нь “Капитализмын тухай танд хэлдэггүй 23 зүйл” ном юм. Харин удаах номууд болох “Нордик загвар”, “Финляндын нийгмийн 100 шинэчлэл”, “Нийгмийн хөгжлийн загварын тухай” ном ийнхүү олны хүртээл болж байна.

Номын нээлтэд

Номын нээлтэд “Хөгжлийн хөтөч” цуврал номын ерөнхий редактор Б.Ганбат, "Финляндын нийгмийн 100 шинэчлэл”, “Нийгмийн хөгжлийн загварын тухай” номын зохиогч, орчуулагч Б.Энхмандах, улс төр, хөгжлийн асуудлаар мэргэшсэн судлаачид оролцлоо.

Монголчууд хөгжих, дэвжих өөрийн гэсэн загвараа тодорхойлоход дэлхийн улс орнуудын хөгжлийн загвар, бодлогын онцлог, нарийн ур ухааныг шингээсэн энэхүү орчуулгын номууд тус болох нь дамжиггүй. Улсдаа тохирох хөгжлийн онцлог жорыг олсон улс төрч, хэрэгжүүлж чадсан улс төрийн хүчин эх орондоо хөгжлийн гайхамшгийг авчирдгийг Сингапурын Ерөнхийлөгч Ли Куан Ю, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хи болон Нордик улсуудын туршлагаас харж болно.

Тиймээс хөгжлийн бодлогынхоо ачаар хөгжиж чадсан улсуудын тэргүүн туршлагыг шууд хуулбарлах бус авах гээх монгол ухаанаар асуудалд хандаж ажил хэрэг болгоход улс төрийн хүчнүүдийн хамтын ажиллагаа хамгийн чухал юм.