С.Бямбацогт: Бид хөгжлийн бодлого, зураглалаа шинэчлэн тодорхойлох цаг болжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.01.13

С.Бямбацогт: Бид хөгжлийн бодлого, зураглалаа шинэчлэн тодорхойлох цаг болжээ

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар “БОДЛОГОТОЙ ХӨГЖЬЕ” хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай тогтоолын төслийн үндэслэлийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулсан билээ. Түүнийг илтгэлийг хүргэж байна.

УИХ-ын дарга аа, 
УИХ-ын эрхэм гишүүд ээ!

Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд хорь гаруй жилийн нүүрийг үзэж байна. Монголчууд бидний сонгосон зам зөв байсан гэдэгт хүн бүр итгэлтэй байдаг. Гэхдээ энэхүү сонгосон нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоогоо Монголын төр зөв бодлогоор удирдаж, улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ сэтгэл хангалуун амьдруулж хараахан чадахгүй байна.

Дэлхийн хөгжилтэй улс орнууд өөрсдийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн онцлогт тохирсон дунд, урт хугацааны хөгжлийн зорилт, бодлогоо тодорхойлон улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, эдийн засгийн өсөлтөө хурдасгаж, улс орныхоо нөөц бололцоог зөв хуваарилан ард иргэдээ ажилтай, орлоготой, сайн сайхан амьдруулж чадаж байгааг олон орны жишээ харуулж байна.

Хувь хүн төдийгүй улс орныг бүхэлд нь өөрчилж чадахуйц хэрэгсэл бол бодлого, төлөвлөлт юм.

Хурдацтай хөгжиж буй улс орнуудын туршлага, хөгжлийн сургамжаас харахад макро түвшний болон дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг бий болтол төр нь нэгдсэн бодлого, төлөвлөгөөгөөр эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэн улмаар түүнээс хойш чадавхижсан хувийн хэвшил болон томоохон корпорациуд нь улс орны эдийн засгийг авч явдаг аж. Энэ үед төлөвлөлт нэн чухал биш болж, төр нь зөвхөн төсвийн бодлого, санхүүгийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулдаг байна.

“БОДЛОГОТОЙ ХӨГЖЬЕ” хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай тогтоолын төсөл

Монгол Улсын хувьд 1990-2008 он хүртэл хөгжлийн урт хугацааны бодлогогүй, Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөөр улс орны хөгжлийн бодлого, чиглэл тодорхойлогдож ирсэн. Харин 2008 онд “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” боловсруулагдан батлагдсан нь манайд байгаа хамгийн урт хугацааны буюу 2021 он хүртэл дагаж мөрдөх бодлогын баримт бичиг юм.

Гэвч 2008 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эдийн засаг, нийгэмд гарсан өөрчлөлт, гадаад дотоод орчны нөлөөллийг харгалзан,

1-рт, Үндэсний хөгжлийн цогц бодлогоо тодотгон, дунд, урт хугацаанд Монгол Улсаа хөгжүүлэх бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах,

2-рт, Улс орноо хөгжүүлэх нэгдмэл зорилтуудыг тодорхойлох,

3-рт, Өмнө батлагдсан бодлогын баримт бичгүүдэд шинжилгээ хийж,   
           үнэлэлт дүгнэлт өгөх,

4-рт, Хөгжлийн баримт бичгийг улс төрийн нөлөөллөөс хамааралгүйгээр дагаж мөрдөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Хөгжлийн бодлогын энэ асуудал өнөөдөр гэнэт ярьж байгаа асуудал биш ээ. Өмнөх Засгийн газрын үед хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байсан /2012 оны тавдугаар сарын 11-ний өдөр/. Энэхүү хуулийг боловсронгуй болгоно, сайжруулна гэсээр цаг маш их алдаж байна.

Өнөөдөр Монгол  Улсын  хэмжээнд  400 гаруй бодлого, хөтөлбөрүүд байгаа ба эдгээр нь хоорондоо уялдаагүй, тэргүүлэх чиглэл нь тогтоогүй, хөрөнгийн эх үүсвэр нь тэр бүр шийдэгдээгүй байгаа нь хөгжлийн нэгдмэл бодлого, нэгдмэл зорилтыг тодорхойлж, хөгжлийн бодлогыг улс төрөөс ангид байлгах зүй ёсны шаардлага тулгарч байгааг харуулж байна.

Засгийн эрх авсан нам, эвсэл сонгуулиас сонгуулийн хооронд богино настай, хэт улстөржсөн байдлаар хөгжлийн бодлогыг тодорхойлж, энэ нь эдийн засаг, бизнесийн эрүүл бус тогтолцоог бүрдүүлж байгаа явдлыг таслах зогсоох цаг хэдийнээ болжээ.

Парламент дөрвөн жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулдгаас 1,5 жил нь УИХ, орон нутаг, ерөнхийлөгчийн сонгууль хийсээр өнгөрдөг. Үүний үр дүнд шинэ Засгийн газар нь гарч ирээд өмнө нь хэрэгжээд явж байсан бодлого, үйл ажиллагааг үгүйсгэж, бүхнийг шинээр эхэлж байгаа мэтээр аашилдаг, ажилладагаа болъцгооё. Хөгжлийн бодлого, салбарын бодлого, орон нутгийн хөгжлийн бодлого ч ялгаагүй улс төрөөс хамаарал багатай, залгамж чанартай, аль ч нам нь засгийн эрхэнд гарсан суурь бодлогоо болгоод мөрдөн ажилладаг, эхэлдэг, дуусдаг, үр дүнг нь үздэг баймаар байна. Өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн бодлого, хөтөлбөр өнөөдөр цаас болоод хэвтэж баймааргүй байна.

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд улсын хөгжил дөрвөн жилээр тодорхойлогдож байгаа юм бол ард түмний 40 хувийн төлөөллийг хэрэгжүүлж буй МАН-ын мөрийн хөтөлбөрөөс тусгасангүйд харамсч байна. Олонхи өөрсдийнхөө асуудлыг оруулж ирээд олонхиороо шийдээд л явсан. Өмнөх Засгийн газраас баталсан, малчдад хамгийн хэрэгтэй “Монгол мал” хөтөлбөрийг хүртэл огтхон ч дурдаагүй орхисон байсан. Бодлогын залгамж чанар энэ мэт алдагдаж байна.

Өнөөдөр Монгол Улс ямар нийгэмд хүрэхээр зорьж байгаагаа ч мэдэхээ болилоо. Үндсэн хуулиараа хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлооно гэж тодорхойлсон ч, яг тэр нийгэм рүүгээ явж чадаж байна уу үгүй юу? Хөгжлийн тэргүүлэх чиглэл, стратегиа хэрхэн тодорхойлж байгаа нь ч харагдахгүй байна.
    
Эдүгээ манай улсын ДНБ-ий 20 хувь, аж үйлдвэрлэлийн 60 хувь, экспортын 90 орчим хувийг ашигт малтмалын салбар бүрдүүлж байгаа болохоор хүссэн хүсээгүй энэ салбар наанадаж ойрын 10 жилдээ манай эдийн засгийн зүтгүүр хэвээр байх дүр зураг харагдаж байна. Уул уурхайгаас хэт хамааралтай байхын сөрөг талыг манай улсын эдийн засагт дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ ханш хангалттай мэдрүүлсээр ирсэн тул бид одоо хөгжлийн бодлого зураглалаа шинэчлэн тодорхойлох цаг болжээ.

Иймээс өнгөрөгч зургадугаар сард А.Бакей, С.Батболд, Д.Батцогт, Ц.Даваасүрэн, С.Дэмбэрэл, С.Одонтуяа, Д.Оюунхорол, Г.Уянга нарын гишүүдтэй хамтран “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” тогтоолын төслийг санаачилсан. Тогтоолын төслийн агуулга нь: 1/ Өмнө батлагдсан бодлогын баримт бичгүүдэд шинжилгээ, дүгнэлт хийх, 2/ дунд, урт хугацаанд Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг салбаруудын уялдаатай боловсруулах, 3/ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой.

Мөн өнгөрөгч аравдугаар сард хуралдсан МАН 27 дугаар Их хурлаасаа Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг тодорхойлж,  уриалга гаргасан. Улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдтэйгээ хамтран улс орны хөгжлийн бодлого, зорилт, хөгжлийн загвараа тодорхойлж, түүнийгээ аль ч улс төрийн хүчин ялсан дагаж мөрддөг, хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг байхыг уриалсан. Зөвхөн уриалаад орхихгүй, үүнийгээ ажил хэрэг болгож, Монгол Улсын хөгжлийн загвар, алсын хараа, зорилтуудыг тодорхой болгохын төлөө өнөөдөр энэхүү тогтоолын төслийг хэлэлцүүлж байна.  

Монгол Улсын Төрийн тэргүүний санаачилгаар 11 дүгээр сард зохион байгуулагдсан “Том төрөөс ухаалаг төр рүү” зөвлөлдөх уулзалтын үеэр ч хөгжлийн зорилтуудаа тодорхойлох, нэгдсэн бодлоготой болох ёстойг баталгаажуулсан. Дэлхийн хөгжингүй улс орнуудын хөгжлийн бодлого нь аливаа улс төрийн хүчин, төрийн эрх барих хүчний харьцаанаас үл хамааран тогтвортой хэрэгжиж, зөвхөн хуульд заасан үндэслэлээр л түүнд өөрчлөлт оруулж болдог байхаар зохицуулалт хийсэн байдаг.

Мөн улс орон бүр хөгжлийн хараагаа тодорхойлж, түүндээ нийцсэн бодлого зорилтуудыг дэвшүүлдэг. Тухайлбал:

  •     Англи- Бүгдэд тэгш боломж
  •     Япон-Эрчимтэй хөгжлийн шинэ эрин 2030
  •     Ирланд-Тогтвортой өсөлт
  •     Хятад-Таатай нийгэм 2020
  •     Сингапур-Эрчимтэй хөгжиж буй глобал хот 2018
  •   Солонгос-Эв эетэй итгэлтэй үндэстэн гэх мэт хөгжлийн зорилтуудыг дэвшүүлжээ.

     Монгол орныхоо хөгжлийн загварыг бодитоор тодорхойлохын тулд бид бусад улс орны туршлагыг бүтээлчээр судлан үзэж, өөрсдийн онцлогт тохирсон, тогтвортой хөгжлийн номлолд зохицож, салбаруудын болоод бүс нутгийн төлөвлөлтийн харилцан уялдааг хангасан, нэгдмэл байдлаар асуудалд хандах ёстой.  
 
Азийн “бар”,”луу” гэгдэж буй орнуудын хөгжлийн загварыг хөгжиж буй олон улс орон түүний дотор Африк, Өмнөд Америкийн орнууд ихэд сонирхох болжээ. Сүүлийн 30 гаруй жилийн туршид дэлхийн эдийн засагт байр сууриа улам эрчтэй нэмэгдүүлсээр байгаа Зүүн хойд болон Зүүн Өмнөд Азийн орнуудыг хөгжлийн загварынх нь хувьд Күнзийн бүх нийтийн сайн сайхан нийгмийн орнууд гэж нэрлэж байгаа бол Дани, Швед, Норвеги, Финлянд, Исланд улсуудыг багтаадаг Умардын орнуудын өндөр хөгжил, төрийн санхүүжилт бүхий нийгмийн хамгааллын тогтолцоонд тулгуурлан нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлж чадсан социал демократ маягийн загвараас ч суралцах зүйл их байгаа.

Энэ мэтчилэн Монгол Улс маань ямар алсын хараатайгаар, ямар хөгжлийн загвараар, ямар бодлого зорилготойгоор хөгжих гэж буйгаа нэгдмэл байр сууринаас тодорхойлж, зарчмын томоохон асуудлуудаа гарган тавьж, улс төрийн хүчнүүд бодлогын зөвшилцөд хүрэх цаг нь ирсэн гэж, энэхүү тогтоолын төслийг санаачилсан гишүүд болон УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд үзэж байна.

Иймээс Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилго бүхий энэхүү тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж өгнө үү.