Баярсайхан.Г 2014.04.30 | Сайт: UNEN.mn

Г.Баярсайхан намын гишүүний “амыг барих”-ыг эсэргүүцэв

Г.Баярсайхан намын гишүүний “амыг барих”-ыг эсэргүүцэв
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэнтэй холбоотойгоор АН дотор ихээхэн зөрчилдөөн үүссэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Бурмааг АН­аас хөөх  шийдвэрийг Хяналтын ерөнхий хороо нь гаргасан нь шүүмжлэл дагуулаад буй юм. Түүнийг намынх нь журмын нөхөд нь хамгаалж байр сууриа илэрхийлэх болсон нь зөрчилдөөнийг улам ширүүсгэж байгаа гэнэ.

Намын дарга, удирдлагуудын зүг хатуу үг чулуудаж, шүүмжлэлтэй ханддаг нэгэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан. Тэрээр УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх нь улс төрийн зохисгүй үйлдэл хэмээн үзэж буй ажээ.

    Г.Баярсайхан гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Хяналтын ерөнхий хорооны  шийдвэрийг дэмжихгүй байгаа. Манай улс ардчилсан орон. Гишүүд үзэл бодлоо  чөлөөтэй илэрхийлж, түүнийхээ дагуу  санал өгөх эрхтэй. УИХ-д  АН-аас сонгогдсон гишүүд намын удирдлагын шийдвэрээс үл хамаарч байр  сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстой.

АН  бол олон ургальч үзэлтэй нам. Засгийн  газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй  ханддаг гишүүд манайд бий. Энэ чинь  эрүүл үзэгдэл. Тэр дөрвөн гишүүнийг  би байр сууриа ямар нэг нөлөөнд автахгүйгээр илэрхийлсэн гэж ойлгож байгаа. Тойргоос, эсвэл намын жагсаалтаар  сонгогдсоноос үл хамаараад УИХ-ын гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж,  түүндээ үнэнч байх ёстой. Намын гишүүний “амыг барих” нь зохисгүй үйлдэл” гэжээ. Г.Баярсайхан намынхаа гишүүнийг ийнхүү өмөөрч эхэлсэн нь удирдлагуудад нь цохилт болсон гэнэ. Иймээс АН-ын дарга нар залуучуудаасаа болгоомжилж байгаа аж.