Ц.Оюундарь: Жагсаалтаар орж ирсэн гишүүн намын шийдвэрээ л дагах ёстой
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2014.04.28

Ц.Оюундарь: Жагсаалтаар орж ирсэн гишүүн намын шийдвэрээ л дагах ёстой

УИХ дахь АН-ын бүлэг түр завсарлаад байна. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Намын хариуцлагын журмын  3.4-ийн гуравдугаар бүлэгт  Хяналтын ерөнхий хорооны шийдвэр дангаараа хүчин төгөлдөр биш.  Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж баталгаажуулах ёстой.  Үүний дараа шийдвэр хүчин төгөлдөр болно гэсэн үг.  Тэгэхээр Хяналтын ерөнхий хороогоор Р.Бурмаа гишүүнийг авч хэлэлцсэн хурлын шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороо хэлэлцэж байж шийднэ. 

-Р.Бурмаа гишүүний ямар байр суурьтай холбож ийм шийдвэр гаргаж байгаа юм?

-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэдэг санал дээр Р.Бурмаа гишүүний өгсөн санал одоогийн Засгийн газрыг долдугаар сарын 1-нд дуусгах шийдвэр болчихож байгаа юм.  Тиймээс Засгийн газрыг огцруулах шийдвэрт санал өгсөн гэж үзэж байгаа. 

-Засгийн газрыг тогтвортой байлгахад АН ямар арга хэмжээ авах уу?

-Мэдээж Засгийн газрыг тогтвортой байлгах нь АН төдийгүй монголын ард түмний хүсэл.  Улс орон тогтвортой байж эдийн засгийн хөгжил урагшлана шүү дээ.  

-Ер нь бусад гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдах уу.  Тухайлбал, Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нар?

-Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд бол өөр л дөө.  Тэднийг олон нийт, ард түмэн нь сонгож байгаа. Тиймээс энэ бол тойргийн гишүүдийн өөрсдийнх нь эрхийн асуудал болж байгаа юм.  Харин жагсаалтаар орж ирсэн гишүүн намын шийдвэрийг дагах хэрэгтэй гэж үзэж байгаа.

Нэр бүхий 13 намын гишүүнээс ирсэн өргөдлийг Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцээд  Р.Бурмаа гишүүний өгсөн санал нь намын шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг огцруулах шийдвэрт саналаа өгсөн байна гэж үзсэн.

Үүнд нэг хуулийн цоорхой байгаа юм.  Улс төрийн намуудын тухай хууль 2005 онд батлагдсан.  Тухайн үед манайх можаритар системтэй байсан.  Харин 2012 оны сонгуулийн хуульд холимог систем орж ирсэн.  Тэгэхээр жагсаалтаар орсон гишүүнийг "ингэнэ" гэсэн заалт байхгүй. 

-Р.Бурмаа гишүүний хувьд яг ямар шийдвэр гарсан юм?

-Нэр бүхий 13 намын гишүүнээс ирсэн өргөдлийг Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцээд  Р.Бурмаа гишүүний өгсөн санал нь намын шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг огцруулах шийдвэрт саналаа өгсөн байна гэж үзсэн.  Энэ нь намын дүрмийг зөрчсөн үйлдэл.  Гэхдээ дахин хэлэхэд Хяналтын ерөнхий хорооны шийдвэр Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар баталгаажиж байж эцсийн шийдвэр болдог.  Тиймээс хэрвээ энэ шийдвэрийг цааш нь баталгаажуулья гэвэл ҮЗХ хуралдах ёстой. 

-ҮЗХ-ны хурлаа хэзээ зарлах вэ?

-Тэрийг  намын дүрэмд заасны дагуу намын дарга, эсвэл ҮЗХ-ны гуравны 1 нь санал өгснөөр шийднэ.