Ой хээрийн түймэр хэрэг биш болж хувирдаг
Онцгой Байдлын Ерөнхий Газар
2014.05.05

Ой хээрийн түймэр хэрэг биш болж хувирдаг

ХСИС байгуулагдсаны 80, Онцгой байдлын алба байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан ‘Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн баасан гаригт Хууль зүйн үндэсний төвд боллоо.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, шинжлэх ухааны доктор, профессор О.Үржин, П.Цэдэв, Онцгой байдлын сургуулийн захирал доктор, хурандаа П.Баттогтох нарьш 30 шахам эрдэмтэн сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Манай улсад сүүлчийн жилүүдэд бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн тархалт ихэсч, Монгол орны ойн нөөц баялаг түймэрт их хэмжээгээр өртөж байгааг эрдэмтэд онцолсон. Мөн ой хээрийн түймрийн эрсдлийг тооцож, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадахгүй байгаа, хор уршгийг арилгах талаар хүндрэлтэй байгааг шийдэх арга замыг ярилцсан юм.

Одоо цагдаагийн байгууллага, ОБЕГ ажлаа уялдуулах ёстой.

Гал түймрийн гэмт хэргийг илрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” илтгэл тавьсан ОБС-ийн дэд профессор, дэд хурандаа Б.Машбатаас гал түймэр тарьсан этгээдийг илрүүлэхэд ямар хүндрэл учирдаг талаар тодрууллаа.

Тэрбээр “Аливаа түймрийг хэргээр тавьдаггүй. Хүмүүс гэнэн болгоомжгүйгээсээ гал алддаг. Одоо цагдаагийн байгууллага, ОБЕГ ажлаа уялдуулах ёстой. Шинжээчдээ мэргэшүүлж чадахгүй байна. Хөдөөд шинжээч тун цөөн.

Гал гарахад төвөөс явуулсан шинжээч хугацаа алдаж очдог нь хохирлын үнэлгээг        тогтооход хүндрэл учруулдаг. Ой хээрийн түймэр хэрэг биш болж хувирдаг. Шийтгүүлсэн хүн тун цөөн байдаг даа. Эцэст нь төр хохироод өнгөрдөг. Шууд, шууд бус хохирол гэж байдаг. Тиймээс манайд гал түймрээс урьдчилан сэргийлэх аргад иргэдийг сургах хэрэгтэй байна.