Б.ЭНХБАЯР: ЦАГДААГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ЭМЭГТЭЙЧҮҮД 8 ХУВЬ ЭЗЭЛЖ БАЙСНЫГ 20 БОЛГОН НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд оролцон, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн хүчин зүтгэж буй эмэгтэй ахлагч нарт талархал илэрхийлэв.
Чуулганаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд эмэгтэй ахлагч нарын манлайлал, оролцоо, ахлагч нарт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлохыг зорилоо.
Мөн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын боловсрол, мэргэжил, нийгмийн байдал, ахлагчийн албаны шинэчлэл” төслийн үр дүн, “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2027” төслийг хэлэлцэв.
Чуулганд 500 гаруй эмэгтэй ахлагч оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр чуулганыг хааж үг хэллээ. Тэрбээр, “Салбарт ажиллаж байгаа эмэгтэй албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд манлайлал үзүүлж ажиллахын төлөө байдаг. Цагдаагийн албан хаагчдын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд 8 хувь эзэлж байсныг Засгийн газрын тогтоолоор 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шүүх шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын нэмэгдэл цалин олгохтой холбоотой шийдвэр гарсан.
Эмэгтэй хүн илүү ачаалал авч явдгийг мэднэ. Тиймээс эмэгтэйчүүдийн ар гэр, үр хүүхэд, ажлын ачааллыг бодож, ойлгож хандаж байхыг эрэгтэй дарга нар, эрхэм генералуудаасаа хүсмээр байна. Хууль зүй, дотоод хэргийн салбараас удахгүй эмэгтэй генерал төрнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Чуулга уулзалтаар эмэгтэй алба хаагчдыг чадавхжуулах, тэдний манлайллыг дэмжих, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, соёл, ёс суртахуун, албаны нэр хүндийг дээшлүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахад бодлогын дэмжлэг үзүүлэх саналыг эмэгтэй ахлагч нар гаргав.