УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар ТАЗ-ийн шалгалтын явцтай танилцлаа
2023.03.20

УИХ-ын дарга Г.Занданшатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар ТАЗ-ийн шалгалтын явцтай танилцлаа

2023 оны нэгдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалт Монгол орон даяар нэгэн зэрэг эхэлсэн.

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан нар Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлтэд оролцож, шалгалтын явцтай танилцсан юм. Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолборт болж буй энэ удаагийн шалгалтад нийслэлийн 2050 иргэн оролцож байна. Харин улсын хэмжээнд нийт 5126 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн юм. 

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд нэгдүгээр улирлын шалгалт энэ сарын 15-17-ны хооронд нийт 3 өдөр үргэлжилж байгаа юм. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ТАЗ-ийн болон нийслэлийн салбар зөвлөлийн удирдлагууд төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шалгалтын явц, зарим шинэчилсэн зохицуулалтуудын талаар мэдээлэл солилцлоо. 

УИХ-ын дарга уулзалтын үеэр, төрийн албанд төрөл садан, танил талаараа дамжуулж биш, ур чадвар, хандлага, ёс зүйгээрээ сонгогддог байх ёстой гэдгийг онцлоод сонгон шалгаруулалт ил тод төдийгүй хүртээмжтэй байхад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэлээ. Энэ удаагийн ерөнхий шалгалтад оролцогчдын дундаж ирц, оноо харьцангуй өндөр байгаа төдийгүй иргэд биеийн давтагдашгүй өгөгдөл болох хурууны хээгээр бүртгүүлж оролцохоос гадна цахим үнэлгээний системээр онооны байдлыг нэгтгэн мэдээлж байна.