Баярсайхан.Г 2014.06.04 | Сайт: News.mn

Г.Баярсайхан: Би АН-даа байгаа

Г.Баярсайхан: Би АН-даа байгаа
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан

УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.

-УИХ-д “Элсний 13”-ын гурав дахь үе бий болж, эрх баригч хүчнээс Г.Баярсайхан гишүүн элсэх нь тодорхой боллоо гэсэн мэдээлэл цацагдлаа. Та үнэхээр Ардчилсан намын бүлгээс гарахаар шийдээ юу?  

-Эрх баригч хүчнийг дотор нь хагаралдуулах гэсэн хэн нэгний явуулга гэж би хувьдаа харж байна. Миний мэдэхээр “Элсний-13” Засгийн газраар “тоглож” УИХ-ын сонгуульд намаа ялагдуулж байснаас өөр гавьяагүй. Ийм асуудлыг би дэмжихгүй. Би бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн байсан, одоо ч байгаа, цаашдаа ч байх болно. Хэдийгээр намын бүлгийн гишүүд дунд үзэл бодлын зөрүү байдаг ч гэлээ олонхиор асуудлаа шийдэж ирсэн улстөрийн хүчин. Үүнийг улстөржүүлэх шаардлагагүй гэж бодож байна.

-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад таны нэр дэвшсэн ч МоАХ фракциас зөвхөн сайдыг гаргаж ирнэ гэх хуваарилалтаар та түрэгдэж, түүнээсээ болж “Элсний 13-т” элсэхээр шийдсэн гэх юм?

-Намайг өдөөд байна уу, хатгаад байна уу, ямарваа нэг явуулга яваад байна л гэж харж байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын алба бол манай МоАХ-н фракцийн квот гэж ойлгох хэрэгтэй. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ш.Түвдэндорж гишүүнийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байгаа. Ийм байхад Г.Баярсайхан гэдэг хүний нэрийг дунд нь хавчуулж “Элсний-13”-т наах нь цаанаасаа зохион байгуулалттай, намын гишүүдийг дунд нь хагаралдуулах гэсэн л явуургүй ажиллагаа. Үүнд хөтлөгдөхгүй.

Тэгээд ч би  1990 оны хоёрдугаар сарын 18-нд Ардчилсан намын анхдугаар чөлөөт их хуралд тэр үеийн Анагаах ухааны их сургуулийн оюутнуудаа төлөөлөөд оролцож байсан . Энэ үеэс намынхаа үйл хэргийн төлөө үзэл баримтлалдаа тууштай явж ирсэн.  Цаашдаа ч тууштай зогсоно. Юун “Элсний -13”, 13 бол муу ёрын тоо.

-Ер нь та Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн өгөх вэ. Хааяадаа та ширүүхэн үгийг хаягладаг болохоор Н.Алтанхуягийн танхимын сайд нарыг хөдөлгөх сонирхол “Шонхор” фракцид байна уу гэж хардахад хүргэдэг?

-Монгол Улс өнөөдөр хөгжлийн хамгийн эгзэгтэй үедээ ирээд байна. Ийм үед бид хоорондоо эв түнжингүй байж таарахгүй. Тэр тусмаа Засгийн газарт шантааж үзүүлж болохгүй. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж, эдийн засгийн хүндрэл бий болсон. Хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар 100 хоногийн хөтөлбөр дэвшүүлээд ажиллаж байна. Энэ хүрээнд уул уурхайн салбартаа либераль бодлого хэрэгжүүлье, хайгуулын лицензээ олгоё гээд ажлууд явж байна.

Өнгөрсөн хугацаанд маш олон хайгуулын компани үйл ажиллагаагаа зогсоосноор уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт саарсан.

Тийм учраас Ашигт малтмалын тухай хуулиа яаралтай батлах шаардлагатай байна. Мөн төмөр замаа тавьж, Газрын тосны тухай хуулиа яаралтай баталж, хөрөнгө оруулагч нарт хүлээлт үүсгэмгүй байна. Хийх ажил асар их байна шүү дээ. Засгийн газрын бодлогыг дэмжээд ажиллах ёстой, олонхийн бүлэг. Хааяадаа Засгийн газрын алдааг нь хэлдэг минь үнэн. Гэхдээ бүх зүйл дээр шантааж хийж, бүх зүйл дээр популиз лоозонгоор хандаж таарахгүй. Ингэлээ гээд хэн хожих юм. Харамсалтай нь, ийм нөхдүүд манай парламентад бий болсон.

-Популист гэх ангилалд Ардын намыхныг оруулаад байна уу, аль эсвэл бие даагчдыг хамруулаад байна уу?

- Монголын эдийн засгийг энэ хэвээр нь сэргээхгүй унагаах зорилго гадна, дотноос их ирж байгаа. Энэний илрэл нь “Элсний-13” байна гэж би хувьдаа харж байна.

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх тухай асуудлыг байнгын хороогоор маргааш /өнөөдөр/ хэлэлцэнэ. Та хувьдаа ямар байр суурьтай байгаа вэ?

-Эдийн засагт хүндрэл үүссэн нь ганц сайд Н.Батбаярын ажилтай холбоотой юм биш шүү дээ. Асар олон зүйл нөлөөлсөн. Харин ч тэр “Чингис бонд”-ыг олон улсын зах зээлээс босгож ирснээр 2012 оны сүүл үеэс эдийн засаг хүндэрч болзошгүй байхад нь түүнээс сэргийлж, бас ч гэж ажил хийсэн сайд. Юун дээр алдсан бэ гэвэл төслөө бэлэн болгоогүй байж 1.5 тэрбум ам долларын бонд гаргасан. Гэхдээ “Чингис бонд”-ын жилийн хүү нь 4.123- 5.125 хувь. Одоо ийм хүүтэй бонд “босгоно” гэвэл чадахгүй. Түүнд хариуцлага тооцоход оройтохгүй. Ямар ч байсан 100 хоногт юу хийхийг нь харъя. Ардын намынхан яах вэ, хариуцлага тооцно барина гэж л байна. Хийх ажилгүй болохоор байсхийгээд сайд огцруулах тухай асуудал оруулж ирж “шоуддаг” нөхдүүд шүү дээ.

-Ерөнхий сайд асан Ц.Бямбасүрэн “Ардчилсан нам 2 жил Засгийн эрхийг барихдаа эдийн засгийг унагаж дуусгалаа, үүнийгээ 100 хоногт сэргээж чадахгүй” гэж ярьсан байна лээ.

-Үр дүн гарна, эдийн засагт түлхэц өгнө гэдэгт би эргэлзэхгүй байна.