Р.Бурмаа сайд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.01.30

Р.Бурмаа сайд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Байгаль орчин, байгалийн нөөц, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга ноён Чингфенг Жаныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа Монгол Улсын хөгжлийн томоохон түнш Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзсандаа таатай байгаагаа илэрхийлээд манай улсын бүхий л салбарт, түүн дотроо улс орны эдийн засгийн суурь болох хөдөө аж ахуйн салбарыг сэргээн хөгжүүлэхэд зээл, буцалтгүй тусламж, зудын хүндрэлийг даван туулахад  дэмжиж ирсэнд гүн талархлаа илэрхийлэв. 

Мөн Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэх, 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг  эцэслэх хэлэлцээ хийгдэж байгаатай холбогдуулан Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарт Азийн хөгжлийн банкнаас олгох хөнгөлөлттэй зээл, техникийн буцалтгүй тусламж болон  хамрагдах төслийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, Хүнс, хөдөө аж ахуйн яам,  Аж үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлэх 50 сая ам.долларын “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”-ийн 2 дугаар үе шатны  баримт бичгийг эцэслэх хэлэлцээг  эрчимжүүлэн дуусгах  зэрэг асуудлын талаар ярилцлаа. 

Азийн хөгжлийн  банкны зүгээс Монголын  хөдөө аж ахуйн салбарт ирэх жилүүдэд  зээлийн нэмэлт эх үүсвэрүүд гаргахаар төлөвлөсөн байна.

Салбарын сайд  саналыг  таатай хүлээн авч,  малын гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг бий болгож, экспортод чиглэсэн Засгийн  газрын бодлого хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулахад тус банкны зээлийн хөнгөлөлттэй эх үүсвэрийг хэрхэн үр өгөөжтэй ашиглаж болохыг судалж үзэхээ илэрхийллээ.