Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн яам
2015.01.19

Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар нар Япон улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзлаа.

Япон улсын Засгийн газраас Монгол Улсад тэр дундаа эрүүл мэндийн салбарт олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч энэ салбарт тулгамдаж байгаа асуудал бүрийг хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд ЭМСЯ-тай хамтран шийдвэрлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байх болно гэдгээ элчин сайд Такэнори Шимизү хэлж байлаа.

Тухайлбал энэ онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт Япон Монголын сургалтын эмнэлэг байгуулахаар болж, Жайкагийн хамтын ажиллагааны хүрээнд боловсон хүчнийг бэлтгэх ажил төлөвлөгдсөн байгааг танилцууллаа.

Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх тэр дундаа төгсөлтийн дараах боловсон хүчнийг бэлтгэн бэхжүүлэх тал дээр анхаарлаа хандуулан ажиллана гэлээ.

Уулзалтын үеэр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар нар Япон улсаас эрүүл мэндийн салбарт үр дүнгээ өгсөн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаад талархаад тун удахгүй батлагдах Япон Монголын эдийн засгийн түшлэлийн хэлэлцээрт анхаарлаа хандуулан, хамтран ажиллах болно гэдгээ хэлсэн.

Мөн энэ үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатарт хандан хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шат дараатай уулзалтуудыг хийх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.