Үндсэн хуулийн дараа орох том бичиг баримт болгож батлах ёстой
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.04.02

Үндсэн хуулийн дараа орох том бичиг баримт болгож батлах ёстой

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого буюу 2015-2040 он хүртэл хөгжүүлэх төслийн эхний хувилбар бэлэн болж, хэлэлцүүлгийг нь хийлээ. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах Ажлын хэсгийг ахалсны хувьд та энэ талаар танилцуулахгүй юу. Өмнө нь гарч байсан бодлогын олон бичиг баримтаас юугаараа ялгаатай юм бэ?

Монгол Улс 1990 оноос хойш урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай явж ирсэн. 1992-2008 оны хугацаанд намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж дөрөв дөрвөн жилээр хөтөлбөр гаргаж, ялсан нам нь бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Харамсалтай нь сонгуулийн хугацаа дөрвөн жил учраас дараагийн сонгууль болоход ялсан нам нь өмнөх хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийг үгүйсгээд, өөрийн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж шинээр бүх зүйлийг эхлүүлдэг болсон.

Тэр байдлыг засах гэж 2008 онд “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” гэсэн урт хугацааны бодлогын бичиг баримтыг УИХ баталсан. Энэ дагуу урт хугацааны бодлоготой болоод, түүнийхээ төлөө явдаг болох гэсэн зорилго тавьж байсан боловч харамсалтай нь хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгч чадаагүйгээс хоосон цаас болж үлдсэн.

1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд УИХ, Засгийн газар, аймаг, орон нутгийн ИТХ болон холбогдох салбарын яамдын баталсан 400 гаруй хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрүүдийг аваад үзэхээр хамгийн том нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, хамгийн жижиг нь Аймгийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр байх жишээтэй. Хоорондоо ямар ч уялдаа холбоо байхгүй. Хаана, хэн нь юугаа хийж байгаа, тэр нь хуультай яаж холбогдож байгаа нь бүгд орхигдчихсон. Үүнийг шийдэж, Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох гэж тогтоолын төслийг би 2014 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан.

Анх удаа УИХ-ын бүх Байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэж, УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Мөн л анх удаа Ажлын хэсгийг гурван намын даргаар ахлуулсан. Ажлын хэсэг нэг жил гаруйн хугацаанд ажиллаад өнгөрсөн долоо хоногт бодлогын төсөл бэлэн болж, хэлэлцүүлгүүдийг эхлүүлсэн. Өнөөдөр дэд Ажлын хэсгийн хүрээний уулзаж, төслийг танилцууллаа. Дэд Ажлын хэсэгт бүх яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга нар орж ажилласан. Үндсэндээ бодлогын бичиг баримт маань эхний байдлаар бэлэн болж байна.

-Өнөөдрийн танилцуулсан төслийг та юу гэж үзэж байна вэ. Таны хүссэн хөтөлбөр боловсрогдож чадаж уу. МАН- ын зүгээс ямар саналууд оруулсан бэ?

Манай намын бүлгийн зүгээс тодорхои асуудал дэвшүүлж байгаа. 2013 оны арваннэгдүгаэр сард МАН-ын XXVII их хурал болсон. Тус хурлаар “Монгол Улс 2021” хөгжлийн зорилтууд, хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн Ажлын хэсгийг миний бие ахалж ажиллаж байсан. Энэ хүрээнд урт хугацааны бодлогыг дэвшүүлээд XXVII их хурлаас сайшааж. батлаад УИХ-аар оруулж хуулийн бичиг баримт болгох ёстой гэсэн. Тэр дагуу боловсруулсан саналаа бид нэмж өгөх ёстой.

Өнөөдрийн тухайд Үндэсний хөгжлийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн хугацаанд алдсан алдаа, сургамж, өнөөдрийн нөхцөл байдал, ирээдүйд болж бий болох хандлагуудыг хамруулан харьцуулсан маш сайн судалгаануудыг хийсэн байна. Судалгаан дээрээ асуудлыг дэвшүүлээд Монгол Улсын тэргүүлэх үндсэн нэг чиглэл, таван чиглэл, 26 дэд хэсэгтэй бодлого байна. Өмнө нь урт хугацааны хөгжлийн бичиг баримт судалж байсан хүний хувьд харахад ерөнхий- бүтэц нь болсон ч хэмжигдэхүйц үзүүлэлтүүдийг эхний ээлжинд оруулах ёстой гэж санагдсан.

Мэдээж Үндэсний хөгжлийн хүрээлэнгийнхэн маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан. Төсөл маань дөнгөж эхний байдлаар бэлэн болж байгаа. Тиймээс үүнийг цаашид яамд, орон нутаг, бүс нутаг, салбаруудын түвшинд болоод эрдэмтэн судлаачид, энэ чиглэлээр ажиллаж байсан ахмадуудын дунд хэлэлцүүлэг хийж байж УИХ-д өргөн барина.

-Үндсэн хуулийн дараа тооцогдох томоохон бичиг баримт гэж Та онцолж байсан?

УИХ-ын Ажлын  хэсгийн түвшинд бид ярьж байгаа. Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо цоо шинэ бодлого гаргаж ирэх бус, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны энэ бодлогыг хурдан хугацаанд, үр дүнтэй, улс орны эрх ашигт нийцүүлж, ард иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө мөрийн хөтөлбөртөө тусгаж, тэр бодлогоороо өрсөлдөж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зорилт тавьдаг болох ёстой.

Хоёрдугаарт, УИХ буюу хууль тогтоох байгууллага ямар нэгэн хууль батлахдаа энэ бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө, энэ бодлоготой хууль нь нийцэж байна уу, үгүй юү гэдэг шалгуур тавьдаг ёстой. Нийцэхгүй байвал тэр хуулийг баталдаггүй, эсвэл нийцүүлэн засаж, өөрчилдөг болъё. Гуравдугаарт, энэ бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар, орон нутгийн түвшинд ажилладаг байя. Ийм байдлаар Үндсэн хуулийн дараа орох том бичиг баримт болгож батлах ёстой гэж үзэж байгаа.

-Дөрвөн жилийн настай Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр хөгжих ёсгүй, тогтвортой хөгжлийн "ТУГ" бодлоготой болж, түүндээ ард түмнийхээ санал бодлыг тусгах ёстой гэж та хэлсэн байсан. “ТУГ” гэсэн бодлогынхоо талаар тайлбарлахгүй юу?

Монгол Улс нэгдсэн нэг бодлоготой байх ёстой. Бид өнөөдөр нэг л Монгол. Нэг эрх ашиг, нэг зорилготой, бүгдээрээ л монгол хүн. Тийм болохоор төрийн бодлого гэж нэг бодлого гаргая. Түүндээ хүрэхийн тулд бүгдээрээ тэмүүлж ажиллая. Нэг төрийн дуулал, нэг төрийн далбаатай. Тийм бол МАН-ын туган дор жагсаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ больё. АН ч гэсэн.

Монгол Улсын төрийн далбаа руу тэмүүлж, түүн дор жагсаж, төрийн бодлогыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлье гэдэг үүднээс Монголын төрд “ТУГ” болсон бодлого хэрэгтэй байна гэж хэлсэн юм. “ТУГ” гэдгийг тайлбарлавал төрийн бодлого тодорхой, тогтвортой, тууштай байх, тэр нь урт хугацааны, уялдаа холбоо сайтай, уян хатан,  тэгээд гарц гаргалгаатай байх ёстой. Ингээд ТУГ болсон нэг л бодлоготой байя гэсэн асуудал дэвшүүлж байгаа юм.

-Хаврын чуулган ирэх долоо хоногт эхлэх гэж байна. Энэ чуулганаас Та ямар үр дүн хүлээж байна вэ?

Энэ чуулганаас хамгийн том хүлээж байгаа үр дүн бол Монголын төрийн нэг бодлого, “ТУГ” болсон бодлого' л баталж гаргаасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийн тухай хууль, Худалдааны тухай зэрэг эдийн засгийн хүндрэлтэй үед зайлшгүй батлах шаардлагатай, ард иргэдийн амьдралд нөлөөлөх хуулиудад бид анхаарах ёстой. Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга гэсэн нийгмийн шинжтэй томоохон хуулиас гадна бид төрийн байгууламжийг боловсронгуй болгох, засаглалыг хариуцлагатай болгох чигЛэлээр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн

найруулга, Хяналтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль гэх мэт бие даасан томоохон хуулиудыг батлах ёстой. Улс төрийн сонгуулийг тогтвортой болгох, улс төрийн намуудыг хөгжүүлэх чиглэлээр төрийн бодлогыг тогтвортой болгох үүднээс Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэх ёстой.

Шаардлагатай бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ мэтчилэн маш чухал хуулиудыг энэ хаврын чуулганаар хэлэлцэх учраас аль болох бага улстөржиж, Монгол төрийн төлөө, аль болох улсынхаа эрх ашигт нийдсэн шийдвэр гаргахын тулд нэлээд ажил хэрэгч байгаасай гэж бодож байна.

-Намууд хамтарч Шийдлийн Засгийн газар байгуулаад багагүй хугацаанд ажиллачихлаа. Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?

Шинэ байгуулагдсан Засгийн газар маань сайн ажиллах ёстой. Яагаад гэвэл өмнөх Засгийн газрыг хариуцлагагүй ажилласан, эдийн засгийн хямралд оруулсан учраас хариуцлага тооцож, шинэ Засгийн газрыг байгуулсан. Тиймээс өмнөх Засгийн газраас илүү сайн ажиллаж, ард иргэдийн амьдраЛыг хүнд байдлаас нь гаргах, сайжруулах ёстой. Эдийн засгийг хямралаас гаргах төлөвлөгөөг УИХ батлаад өгчихсөн байгаа. Үүнийгээ хурдан хэрэгжүүлж бодитой үр дүнд хүрэх ёстой

-МАН Засгийн газраас гарна гэсэн яриа зарим гишүүнээс цухалзаад авсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ ?

Бид хамтарч ажиллахдаа тодорхой асуудлуудыг шийдвэрлэнэ гэж хамтарсан. Гэрээ байгуулсан. Гэрээн дотроо хямралыг давах хөтөлбөрийг эхний ээлжинд байгуулж, хурдан давах ёстой, Монгол Улсын өрийг нэмэгдүүлэхгүй байх ёстой, Сонгуулийн хуулийг батлах ёстой гэх зэргээр хэд хэдэн томоохон зүйлүүдийг тусгасан.

Гэрээнд заасан заалтуудаа хэрэгжүүлээд, улс орныхоо эрх ашигт нийцсэн шийдвэрээ гаргаад, ард иргэдийн амьдралыг сайжруулаад явах юм бол бидэнд Засгийн газраас гарах шаардлага байхгүй. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавихгүй, асуудал шийдэхгүй байвал бид өөрөөр ажиллахаас аргагүй болно.

-Сонгуулийн тухай хуулийн төсөл бэлэн болсон байсан. Хуулийн төслийн талаар Та юу гэж бодож байна вэ?

Саяхан би Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зургаан суманд ажиллалаа. Өмнө нь Ховд аймагт нутагтаа очиж ажилласан. Хаврын чуулганаар хэлэлцэх гол гол хуулиудын талаар, зарчмын ямар байр суурьтай байгаагаа танилцуулж, алийг нь дэмжиж, алийг нь дэмжихгүй байгаа саналыг нь энэ үеэр иргэдээс асууж, сонсож явсан. Энэ дундаас онцлох нэг асуудал нь Сонгуулийн тухай хууль, түүний тогтолцоотой холбоотой асуудал байгаа.

Ард түмнээс сонгогддог можаритар систем нь дээр гэж үзэж байна уу, эсвэл өнөөдрийн ашиглаж байгаа холимог буюу нэг хэсэг нь ард түмнээс, нөгөө хэсэг нь намын жагсаалтаар сонгогддог систем нь дээр гэж үзэж байна уу гэж асуухад дийлэнх олонх буюу бараг 100 хувь нь ард түмнээсээ сонгогдох нь дээр, Үндсэн хуульд ч УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогдоно гэж заасан байхад яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ гэж хэлж байсан. Тиймээс нэгэнт олонхын хүсэл, иргэд сонгогчдын шаардлага тийм байгаа бол түүнд нийцсэн хуулийг л УИХ-аар батлах ёстой гэж үзэж байгаа.

-Одоо байгаа төсөл дээрээ холимог системээр явуулна гээд тусгачихсан байсан?

Төсөл УИХ-д өргөн барина, Их хурлаар хэлэлцэнэ. Тийм болохоор Ажлын хэсгийн хүрээнд төслөө өөрчилж болно. Ажлын хэсэг өөрчлөхгүй бол бид УИХ дээр зарчмын зөрүүтэй санал гаргаад өөрчлөх боломж нь нээлттэй.