О.Содбилэг: Эдийн засгийн чуулган үр дүнтэй харагдахгүй байна
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2015.04.03

О.Содбилэг: Эдийн засгийн чуулган үр дүнтэй харагдахгүй байна

Эдийн засгийн чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Үдээс өмнө “Монгол улсын алсын хараа” сэдвээр чуулсан. Энэ үеэр  УИХ-ын гишүүн О.Содбилэг нарын хэлсэн үгийг хүргэж байна.

Энэ чуулган дээр ихэвчлэн Монголчууд ирж асуудлаа нээлттэй ил тод ярилцаж байгаа харагдаж байна.Гадаадын хөрөнгө оруулагч нарыг ийм чуулганаар шууд татах нь юу бол гэсэн эргэлзээ байна. Учир нь энд болж байгаа яриа, ярианы хэлбэр, хүмүүсийн асуудлыг авч хэлэлцэж байгаа байдал нь гарц гаргалгаатай, итгэл найдвар төрүүлсэн ирээдүй рүү харсан зүйл байхгүй харин байгаа асуудал, бухимдлаа ярьж байгаа болохоор хөндлөнгөөс харж байгаа хүнд толгой нь эргэсэн байдалтай харагдаад байна. Тийм болохоор энэ хүмүүс өөрсдийнхөө асуудлыг хэлэлцэж шийдэж чадаагүй юм бол би ийшээ орж ирээд яах вэ гэсэн байдалтай харагдаж байна.

Энэ форум бол асуудлаа ярьж зүг чигээ гаргаж байгаа учраас хэрэгтэй. Энэ удаагийн форум бол хөрөнгө оруулалтыг татаад итгэл найдвар төрөөд, төр засгаас яг ингэх гэж байгаа юм гэсэн зүг чиг бол сайн харагдахгүй байна. Бид нар хөрөнгө оруулагч нар бол мөнгө оруулаад ашгаа аваад гардаг гэдэг энгийн ойлголтоор хандаад байгаа юм. Хөрөнгө оруулагчид юу хардаг талаар зарим хөгжилтэй орнуудаар жишээ аваад хэлэхэд, тэнд хийгдэж байгаа бүх зүйл нь өөрсдийнх нь төлөө л байдаг.

Чанартай, өөрсдийнхөө төлөө хийж байгаа итгэл үнэмшил, эрмэлзэл нь бусдыг дагуулдаг. Энэ оронд очоод мөнгө хийхэд ямар ч байсан айлтгүй юм байна, миний оруулж байгаа хөрөнгийг сайн ашиглах юм байна гэсэн итгэл найдвар байдаг. Харин манайх шиг бүх зүйлд сул хандаж байвал хөрөнгө оруулагчид төдийлөн татагдахгүй, орж ирсэн нь зүгээр нэг өндөр ашигтай, өндөр эрсдэлтэй уул уурхайн нэг том орд олоод тэрийгээ бирж дээр гаргаад мөнгөө олж авдаг тийм л хөрөнгө оруулагчид ирж байгаа. Тэгэхээс биш үйлчилгээний салбарт, боловсролын салбарт бидэнд хэрэгтэй хөрөнгө оруулагчид төдийлөн орж ирэхгүй. Тэгэхээр бид эхлээд дотроо сайн учраа олох хэрэгтэй.