Энхбаяр.Ж 2015.06.11 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болов

Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болов
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Гадаад хэргийн яам хамтран  "Олон улсын гэрээний тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.06.11/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд,  төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудын олон улсын гэрээ, хэлэлцээрт голлон оролцдог  мэргэжилтнүүд оролцож санал солилцлоо.

Тус хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газрын захирал А.Төмөр хөтлөн явуулж, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын дарга Ж.Энхбаяр нээж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж, олон улсын тавцанд нэр хүнд өсөхийн хамт олон талт гэрээнд нэгдэн орох, хоёр талт гэрээ байгуулах хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдсээр байгаа энэ цаг үед энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг хийж байгаа нь онцлог юм. Хуулийн төсөл батлагдсанаар олон улсын гэрээ байгуулах үйл явцын зохицуулалт илүү тодорхой болж, хууль зүйн болоод практик асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээгээр боловсронгуй болно " гэдгийг  онцлон тэмдэглэлээ.   

Мөн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганхуяг хэлсэн үгэндээ, "Гадаад бодлого, харилцааны бодит илрэл, үр дүн болсон олон улсын гэрээ байгуулах идэвхтэй, процедурын харилцааг зохицуулж буй Олон улсын гэрээний тухай хуулийн төслийг шинэчлэн найруулах хууль зүйн үндэслэл, практик шаардлага олон байна.

Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг дахин тодотгох, олон улсын гэрээ үйлдэх хэл, орчуулга хийх, орчуулгыг хянах харилцааны зохицуулалтыг тодорхой болгох, олон улсын гэрээнд хоёр аргаар нэгдэн ордог буруу практикийг халах, хоёр талт гэрээ байгуулах, олон талт гэрээг хэлэлцэн тохиролцогч талын хувьд байгуулах, эсхүл хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох харилцааны зохицуулалтыг зааглах, үүнтэй уялдаатайгаар хүчин төгөлдөр, гарын үсэг зурах хугацаа нь дууссан, эсхүл боломжгүй гэрээнд гарын үсэг зурах эрхийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцсөний дараагаар өгдөг.  

Ингэснээр гэрээнд нэгдэн орох асуудлуудыг Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо хоёр удаа хэлэлцдэг, олон улсын гэрээг хэвлэн нийтлэх хуулийн зохицуулалт хэрэгжихгүй байгааг тодорхой болгох, олон улсын гэрээгээр хүлээсэн үндэсний хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл шинээр хууль батлах үүргээ хангалтгүй биелүүлж байгаа дутагдлыг эрх зүйн зохицуулалтаар сайжруулах зэрэг олон асуудал байгаа гэдгийг  дурдав.   

Үүний дараа Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга Н.Анхбаяр хийсэн юм. Тэрээр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад хуулийн нэр томьёоны зарим тодорхойлолтыг тодотгов.

Тухайлбал, уг хуулийн 3.1.8.-д зааснаар “үзэглэх” гэж олон улсын гэрээний төслийг гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай эцэслэн тохиролцсоныг нотлох зорилгоор эрх олгогдсон албан тушаалтан өөрийн овог, нэрийн эхний үсгээр гэрээний төслийн хуудас бүрт хийсэн тэмдэглэгээг заана гэдгийг тайлбарласан юм.   

Хэлэлцүүлгийн явцад оролцогчид хуулийн төсөлтэй холбогдуулан өөрсдийн санал бодлоо илэрхийлж, зарим зүйл, заалтыг тодотгож хариулт авлаа  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.