Даваасүрэн.Ц 2016.02.24 | Сайт: Shuud.mn

Хөнгөлөлтийг хөрөнгөтэй хүмүүст олгосон нь сайн зүйл биш

Хөнгөлөлтийг хөрөнгөтэй хүмүүст олгосон нь сайн зүйл биш
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын намрын чуулган завсарлаад байна. Намрын чуулганаар хэлэлцэн баталсан зарим хуулиудын хэрэгжилт, үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа. 

-НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт бүхий хэд хэдэн хуулийн төслийг баталсан. Энэ нь  төсөвтэй уялдсан болов уу? 

-Хөнгөлөлт чөлөөлөлт нь  сайн зүйл биш. Цалин,  тэтгэвэр нэмж чадахгүй байж татварын хөнгөлөлтийг хөрөнгөтэй хүмүүст олгоод байгаа нь  сайн зүйл биш. Би нэг жишээ хэлье. Онцгой албан татварын хуулинд 1 ам.долларыг 1450 төгрөгөөр тооцдог болох тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Би байнгын хороог ахалж байхдаа тэрхүү хуулийн төслийг гурван жил дарсан. Өнгөрсөн онд намайг ажлаа өгөнгүүт долоо хоногийн дотор энэ хуулийг оруулж ирээд баталсан. Өөрөөр хэлбэл, архи спирт, бензин шатахуун гэх зэрэг бараа бүтээгдэхүүнд 1 ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож төлдөг болчихож байгаа юм.

Гэтэл жирийн иргэн өнөөдөр 2039 төгрөгөөр төлж байгаа. Ийм л учраас татварын орчин иргэнээ туйлдуулж ядууруулсан, хөрөнгө чинээтэй улсуудын халамжилсан тогтолцоог бүрдүүлээд байна. Уг нь Төсвийн хуулинд, “Төсвийн жилд төсвийн орлогыг бууруулсан ямар нэг хуулийн төслийг хэлэлцэхгүй” гэсэн заалт байдаг. Гэтэл УИХ хэлэлцээд, хөнгөлөлт олгоод явж байна. Нам эвслийн бүлгүүд хүч түрэмгийлсэн байдлаар хуулийн төсөл баталдаг явдлаа зогсоох хэрэгтэй.  Татварын хөнгөлөлт дээр энэ мэт олон жишээ хэлж болохоор байгаа юм. Энэ чинь эцсийн дүнд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэрээ бууруулж байна гэсэн үг шүү дээ. 

-Ер нь  хуулиудыг төсөвтэй нь уяж баталсан эсэх дээр та ямар тайлбар хийх вэ? Ирэх онд Хамтын тэтгэврийн хууль хэрэгжинэ. Энэ хуулийг хэрэгжихэд төсөвт нэмэлт мөнгө санхүү шаардагдана. 

-Эдийн засагт ямар хүндрэл авчрах вэ гэдгийг бодолцохгүй байна. Улс төрд аятайхан харагдах өнцгийг нь сонгоод байна. УИХ дэргэдээ судалгааны институцитэй байх ёстой. Тэр байгууллага нь УИХ-ын гишүүдэд тухайн хуулийн төслүүд ямар нөхцөл байдал үүсгэхийг хэлж өгдөг, өгсөн зөвлөгөөний дагуу гишүүд ажилладаг байх ёстой. Өнөөдөр ирээдүйд юу болохыг урьдчилж харахгүй л байна л даа. 

-Бондын эргэн төлөлттэй холбоотой бэлтгэл ажлууд хийгдсэн болов уу? 

-Өр зээлийн асуудал яригдаж байхад өрийн асуудлын бүтцээ бий болгооч ээ, хэрхэн барагдуулах механизмаа бүрдүүлээч ээ гэж олон удаа хэлсэн боловч хүлээн аваагүй. Өнөөдрөөс эхлэн эрсдлийн сангаа байгуулах ёстой юм.