“Троллейбус” Жагаа
2016.02.25

“Троллейбус” Жагаа

         “Троллейбус” Жагаа хэмээн олонд танигдсан нэгэн хүнийг онцлон бичихийг зорилоо.

Учир нь энэ хүний талаар бичих нь түүн шиг бүтээгч нар Монголд ямар бэрхшээл, зовлон туулдагыг харуулж чадах тод жишээ болох юм. 1988 онд Чех улсад сураад ирсэн шинэхэн инженер Д.Жаргалсайхан “Цахилгаан тээвэр” компанид засварын мастераар орсон нь  энд өгүүлэх сонирхолтой түүхийн эхлэл байлаа. 

“JEA-800” төрөв

Зах зээлийн шилжилтийн хүнд үе нийтийн тээврийн салбарт тойрсонгүй. Социализмын үед авсан олонд “төмөр амбаар” гэгдэх болсон болхи хийцтэй тролейбусууд нэг нэгээрээ жагсаалаас гарсаар “Цахилгаан тээвэр” компани  татан буугдахдаа тулжээ. Хэрэв компани дампуурвал олон зуун ажилчид нь ажилгүйчүүдийн эгнээг нэмж, гудамжинд гарах байв.

Мөн Улаантбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ доголдож, иргэдэд хүндээр тусах байв. Тэр хүнд үед Жаргалсайхан инженер нөхдийн хамт гүйлтийн хугацаа нь хэтэрч,  актлагдах болоод удсан тролейбусуудыг засварлаж, сэлбэсээр шилжилтийн хүнд үеийг даван туулсан юм. Троллейбусуудыг гүйлтийн нормоос 2-3 дахин илүү явуулсан нь Геннисийн номонд орох үзүүлэлт байлаа. Улмаар тэр хамт олонтойгоо гар нийлэн “JEA-800” анхны тролейбусыг 2006 онд амжилттай угсарчээ.

Түүнээс хойш 80 тролейбус шинээр угсарч “Цахилгаан тээвэр” компаний парк шинэчлэлийг маш хямд өртөгөөр хийж чаджээ. Эдгээр тролейбусууд түрүүчээсээ 10 жилдээ үйлчилгээнд явж байна. Энэ хугацаанд ямар нэг ноцтой осол, аваар гаргасангүй. Хуучин тролейбусуудыг засварлаж үйлчилгээнд явуулсан өртөг, шинэ тролейбусууд худалдаж  авах өртөгийг тооцох юм бол олон тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ. 

Түшмэд таалсангүй

2011 онд Жаргалсайхан нөхдийн хамт J-800N загварын анхны автобусаа угсарч үйлдвэрлэлээ. Энэ бол Монголчуудын хувьд том амжилт байлаа. Гэвч түүний энэ амжилтыг эрх мэдэлтэнүүд таатай хүлээж авсангүй. Түшмэд таалахгүй байх  том шалтгаан байлаа. Учир нь улсын үйлдвэрийн газруудыг ашиггүй ажилладаг гэж шалтаглан томоохон объект, газруудыг үнэгүйдүүлж авах ашиг сонирхолтой нүүр тулав. Мөн төрд автобус өндөр үнэтэй шахдаг бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхолыг ч хөндөлсөв.

АТГ-аас шалгалт оруулж байсан ч түүнийг буруутгах үндэслэл олдоогүй юм

Тиймээс эрх мэдэлтэнүүд түүнд элдэв дарамт шахалт үзүүлэх болов. Түүнийг улсын өмчийн объектыг зориулалтын бусаар ашиглаж байна, мөнгө төгрөг идэж ууж байна гэх хэл ам зориуд гарган, байнга шалталт оруулна. АТГ-аас шалгалт оруулж байсан ч түүнийг буруутгах үндэслэл олдоогүй юм. Уг нь улсад олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн хүнийг шагнамаар. Гэтэл хийсэн, бүтээсэн хүнээ хяхаж хавчдаг нь Монголын эмгэнэл юм даа.

“Номин”-г “өөд” татав

Улсын өмчийн компаний байранд зориулалтын бус үйл ажиллагаа дур мэдэн явууллаа (уг нь тэнд тролейбус үйлдвэрлэж байгаа шүү дээ) гэх зэрэг элдэв хэл аманд өртөж, дарамтлуулах болсон Жаргалсайхан манай улсын топ компаниудын нэг “Номин”-гийн удирдлагуудтай ярилцаж, тэднээс багагүй хэмжээний  хөрөнгө оруулалт татаж чадсан нь түүнд “Экобус” үйлдвэрээ байгуулах боломжийг өгчээ.

Тэр өөрөө ч банкнаас өндөр хүүтэй нилээд их хэмжээний зээл аван “Экобус” үйлдвэртэй хөрөнгө оруулжээ. Ингэснээр тэр улсаас нэг ч төгрөг авалгүй, ямар ч хөнгөлөлт эдлэлгүй Монголдоо автомашин үйлдвэрлэлийн суурийг тавьж чадсан. Энэ бол зүгээр нэг үйлдвэр байгуулагдсан үйл явдал биш юм. Энэ бол инженерийн  мэдлэг, ухааныг практиктай хослон хөгжүүлэх үнэлэж баршгүй чухал оюуны уурхай юм. Гэвч энэ нь түүний урагшлах замыг улам их саад бэрхшээлтэй тулгарна гэдгийг яахан мэдэх билээ. Төрд зайдалсан түшмэдүүдийн хүнд суртал, дарамт шахалт, залхаалтыг сөрөн чадлаараа тэмцэн үйл ажиллагаагаа явуулж буй “Экобус” үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн нь “Номин”-гийн хувьд хамгийн муу хөрөнгө оруулалт байж мэдэх юм. 

Тендерт сөхөрсөн нь

2014 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж 20 тэрбум төгрөгийн тендер зарлалаа. Тендерт Солонгос, Хятад, Белоруссийн автобусуудыг нийлүүлэхээр найман компани өрсөлдсөнөөс “Экобус” үйлдвэр хамгийн бага үнийн санал өгсөн байдаг.  Гэвч тендер хорооны түшмэд тендер шалгаруултын хамгийн гол шалгуурыг  хэрэгссэнгүй.  “Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд давуу нөхцөл олгоно” гэсэн тендер шалгаруулалтын бас нэг чухал заалтыг мөн л авч хэлэлцсэнгүй.

Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд давуу нөхцөл олгоно” гэсэн тендер шалгаруулалтын бас нэг чухал заалтыг мөн л авч хэлэлцсэнгүй.

“Экобус” үйлдвэрийн автобусын бусад автобусуудаас давуу олон үзүүлэлтүүдийг ч бас харгалзан үзэхийг тэд хүссэнгүй. Солонгосын “Хьюндай”, Белорусийн “МАЗ” автобусуудыг  илт дэмжиж, “Экобус” үйлдвэрийг аудитаар баталгаажсан тайланг өгсөөр байтал аудитаар баталгаажуулаагүй тайланг дагалдуулж өгсөнгүй гэдэг хөгийн тайлбар хийн хасчээ. Тендерийн хорооны түшмэд хуулиас том толгойлж, үндэсний үйлдвэрлэгчидээ хэрхэн хяхаж, хавчдагын тод жишээ энэ байлаа. Энэ бол дөнгөж хөлд орж байгаа үндэснийхээ “нялх” үйлдвэрийг хөлд ороогүй байхад нь няц дэвсэж байгаа “аллага” юм. Энэ бол монгол инженерүүдээ цээрлүүлж байгаа шийтгэл юм.  Энэ бол олон зуун Монгол ажилчдын амьдралыг булааж байгаа дээрэм юм.

 

Тендер шалгаруулалтын явцад анхаарал татсан нэг зүйл бол нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниудын үйлдэл байлаа. Уг нь энэ тендер өөрсөд нь огт хамаагүй юм. Тэд юуны учир Жаргалсайхан гэдэг хүн рүү ноцох болов. Төр өөртөө  автобус худалдаж авах гэж байгаа шүү дээ. Гэтэл тэд өөрсөд нь автобус хүчээр шахах гэж байгаа юм шиг авирлав. Тэд хэвлэлээр “Экобус”-ын автобус Хятад, Солонгос автобусаас хамаагүй үнэтэй, ийм өндөр үнэтэй автобус шахах  гэж байна хэмээн  баахан харааж зүхэв. Гэвч энэ худал болохыг тендерт өгсөн үнийн саналуудаас тодорхой болсон юм.

Төрд шантаажлагчид

Дэлхийн аль ч хотод нийтийн тээврийн салбар хувьд байдаггүй. Учир нь энэ салбар ашгийн бус учраас хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийдэггүй. Гэтэл манайд хувийн хэвшлийн компаниуд улам бүр олширсоор байгаа ба энэ салбарт орох сонирхолтой байна. Тэгсэн мөртлөө тэд ашиггүй ажиллаж байна хэмээн байнга гомдоллоно. Байн байн үнээ нэмнэ, ажил хаялт зарлана. Тэр болгонд ард иргэд хохирдог.

Тэд ашиггүй ажиллаж байгаагаа шагширдаг мөртөө нийтийн тээврээс гарахгүй зууралдсаар. Автобусуудынхаа тоог нэмсээр. Яагаад “ашиггүй” салбараас тэд гарахгүй дургүй байгаагын учир түрүүчээсээ тодорхой болж байна.   Тэдний дунд ард түмний мөнгийг хулгайлдаг бүлэг үүрлэдэг байсан нь саяхан илэрсэн. Тэд зөвхөн нэг улиралд 3.6 тэрбум төгрөг хулгайлдаг байсан нь мөрдөн байцаалтаар тодорхой болсон. Нийтийн тээвэр мөнгө завшигчдын том саалын үнээ байсан нь ингэж ил болгосон юм.  

 

Угсралт бол үйлдвэрлэл 

Автомашины үйлдвэрлэл нь усралт дээр суурилдаг. Дэлхийд бүх эд ангиа өөрөө үйдвэрлэдэг нэг ч автомашин үйлдвэрлэгч байхгүй.  Автомашины акулууд эд ангиудаа бусад үйлдвэрүүдэд захиалж хийлгээд өөрийн үйлдвэртээ угсардаг. Түүнээс биш “Тоёота”-ын төмрийн үйлдвэр, дугуйны үйлдвэр, шилний үйлдвэр, тэр бүү хэл моторын үйлдвэр ч байхгүй. Бүгдийг бэлтгэн нийлүүлэгчдэд захиалан хийлгэдэг. Усралт нь автоматжсан өндөр хүчин чадалтай дамжлагаар явагддаг болохоос гараар угсрахтай адил горимтой. Гэтэл манайд өрөөсгөл ойлголттой хүмүүс цөөнгүй бий. Тэд “Монголд автобус хийнэ гэж юу байх вэ ердөө л угсарч байгаа ш дээ” гэж гоочлох нь олон.

Зарим нь “Хадаасаа хийж чадахгүй байж юун автобус хийх” гэлцэнэ. Хадаас үйлдвэрлэх амархан. Асуудал үйлдвэрлэхдээ биш бүтээгдэхүүний өртөгт бий.

Монголд хадаасыг Хятад хадааснаас хямд хийж чадах уу. Хэрэв үгүй бол хадаасны үйлдвэр байгуулагдахгүй. Харин Монголдоо угсарч байгаа автобус Хятад, Солонгосоос импортлох автобусаас хямд өртөгтэй байж чадаж байна. Дэлхийд алдартай лимузен, чопперыг гараар угсарч хийдэг. Олон зуун жижиг үйлдвэрлэгчдийн хүч хөдөлмөрөөр лимузен, чоппер Америкийн бахархалт брэнд болж чадсан юм.

 

Төрийн худалдан авалт

Төрийн худалдан авалт бол үндэсний үйлдвэрлэлээ хөл дээр нь босгох маш  чухал арга хэрэгсэл юм. Дэлхийн аль ч улс орон үндэсний үйлдвэрлэгчиддээ дэмжиж, тэдэнд давуу эрх олгодог. Харин манайд эсрэгээр үндэсний үйлдвэрлэгчдээ  хаасан, боосон тендерийн дүрэм журам зохиочоод, тэр өндөр босгыг нь даваад гараад ирсэн нэгнийг нь шалихгүй зүйлээр шалтаглан үйлдвэрлэгчидээ хяхаж, хавчдаг тогтолцоо бий болжээ. Хамгийн чөлөөт эдийн засагтай гэх АНУ-д  цагдаа нар “Тоёота”, “Хьюндэй”, “VW”-ийн машин унаж байгааг та олж  харахгүй. Тэд “Ford”, “Chevrolet”, Cadillac “Escalade”  хөлөглөдөг.   Эх оронч худалдан авалтаараа гайхагддаг Солонгост бол энэ тухай ярих нь бүр илүүц. 

Жаргалсайхан гэдэг хүн үндэсний үйлдвэрлэлээ дэмж гэж бусдаас илүү хөнгөлөлт, нөхцөл шаардаагүй. Тэр нөөцийн мах, үнэ тогтворжуулах хөтөлбөр, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэрээр олон арван тэрбум төгрөг олигархиуд шиг аваагүй. Үйлдвэр байгуулах нэрээр олон тэрбум төгрөг улсаас авч завшаагүй. Тэртэй тэргүй гадаадаас авах л байсан автобусуудыг Монголоосоо хямд үнээр авдаг байхыг хүссэн.

Энэ тийм хүлээж авшгүй тулгалт уу?! Тод жишээ нь Жаргалсайхан болохоос олны анхааралд өртөөгүй олон зуун үндэсний үйлдвэрлэгчид цаана нь бий. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр сувдаг түшмэдүүд үндэсний үйлдвэрлэлийг хамгийн их боомилогчид болчоод байна. Тэднийг зайлуулаагүй цагт үндэсний үйлдвэрлэгчид мөддөө нар харах шинжгүй. 

Би “Экобус” үйлдвэрийн ирээдүйд итгэдэг. Хэдэн жилийн дараа энэ үйлдвэр олон нийтэд хувьцаагаа гаргаж, олон арван мянган хүний хамтын өмчлөлтэй үндэсний том компани болно гэдэгт итгэдэг. Монголыг гадныхан хөгжүүлэхгүй, Монголыг монголчууд өөрсдөө л хөгжүүлнэ. Жаргалсайхан гуай шиг бүтээгч нартаа итгэж, тэднийгээ дэмжсэнээр бид хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох нь маргашгүй үнэн билээ.