Үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлнэ
2016.05.31

Үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлнэ

Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, гүйцэтгэл болон үр ашгийг сайжруулах шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд үндэсний хөтөлбөр 12, стратеги 19, төрөөс баримтлах бодлого 5 батлагдан гарсан байна. Хэдийгээр олон тооны бодлогын баримт бичигт эмнэлгийн салбарт шинэчлэл хийх хэрэгцээ байгааг дурдсан боловч эдгээрт нэгдмэл санаа алсын хараа дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл одоогоос 10 жилийн цааш хугацаанд эмнэлгийн салбар ямар байх вэ гэдэг дээр нэгдмэл зөвшилцөл бий болоогүй байна.

Өнөөгийн улсын эмнэлгүүдийн зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо шинэлэг бус, үр ашиггүй байгаагаас хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж дутмаг, эрүүл мэндийн салбарт чиглэсэн бодлого, дэмжлэг сул байна. Үүнээс үүдэн олон хүн гадаад оронд эмчлүүлэх, өвчний улмаас амиа алдах, хүнд өвчин туссаны улмаас айл өрх ядууралд нэрвэгдэх нь улам ихэсч байна.

6 бүлэг, 53 зүйлтэй энэ хууль нь эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт авчирна гэж хууль санаачлагчид үзэж байна. Учир нь хуулиар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын засаглалын асуудлыг тодорхой болгосон бөгөөд салбарын сайд, эмнэлгийн дарга солигдохоос үл хамааран боловсон хүчин, хүний нөөцийн бодлого тогтвортой байна.

Эмнэлгийн засаглал, бие даасан байдал гэдэг нь эмнэлгийг хувьчлах асуудал биш. Зах зээлийн хямралын үед төрөөс төсвийг захиран зарцуулах эрх мэдэл, хариуцлагыг хамтад нь эрүүл мэндийн байгууллага, удирдах зөвлөлд өгч, санхүүжилтийг бие даасан байдал руу шилжүүлэх замаар тусламж үйлчилгээг сайжруулж, цаашид бие даан хөгжих эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ гэсэн үг.

... Өмчийн хэлбэр үл хамааран санхүүгийн тодорхой эрх мэдэл өгснөөр улсын, хувийн эмнэлэг гэлтгүй зах зээлийн харилцаанд түшиглэн хөгжих боломжтой болж байна ....

Тухайн эмнэлэг эмч, ажилчдынхаа цалин, урамшууллыг бодитой үнэлэх, улс, орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сан зэрэг санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн эмнэлэгтээ татан төвлөрүүлэх боломжтой. Хууль батлагдсанаар олон улсын жишигт нийцсэн “үйлчлүүлэгч төвтэй” эмнэлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ хөгжиж, улмаар Монголын эрүүл мэндийн салбарт тодорхой ахиц гарч, нийтээрээ эрүүл аж төрөх боломж бүрдэнэ.