Гишүүдээ байнга идэвхжүүлж, эргэх холбоо үүсгэгч Монголын Бизнесийн Зөвлөл
Монголын Бизнесийн Зөвлөл
2016.09.01

Гишүүдээ байнга идэвхжүүлж, эргэх холбоо үүсгэгч Монголын Бизнесийн Зөвлөл

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед аливаа компанид зөв шийдвэр гаргахад мэдээлэл хамгийн чухал байдаг. Бизнесийн зөв шийдэл гаргахын тулд нэг компани дотроо шийдэх бус бизнесүүд хоорондоо уулзаж, ярилцаж, хэлэлцэх нь илүү үр дүнтэй.

Энэ ч үүднээс Монголын Бизнесийн Зөвлөл сар бүр гишүүддээ хоорондоо уулзаж, ярилцах боломж олгодог. Өчигдөр тус зөвлөлийн 8 дугаар сарын ээлжит хурал болж өнгөрлөө. 

Монголын Бизнесийн Зөвлөлийн 8 дугаар сарын хуралд оролцогч зөвлөлийн гишүүд

Өнгөрсөн 4 дүгээр сарын 21-нд тус зөвлөл бүх гишүүн байгууллагуудаа оролцуулсан анхдугаар чуулган зохион байгуулсан. Анхдугаар чуулганаар бизнесүүдийг дэмжих, хөрөнгө оруулалт татахад ямар ямар асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй вэ гэдгийг хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрсэн. Энэ бүхнээ эмхэтгэж, саналын хураангуй хэвлэн УИХ, Засгийн газарт хүргүүлжээ.

Анхдугаар чуулганаас гарсан саналуудыг эмхэтгэжээ

Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн

Энэ удаагийн Монголын Бизнесийн Зөвлөлийн сарын хурлын эхэнд тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн анхдугаар чуулганаас гарсан саналыг нэгтгэсэн баримт бичгийн талаар товч дурдсан. Тогтвортой байдал, нөөц ба чадавхи, бизнесийн орчныг сайжруулах гэсэн үндсэн гурван бүлэг, 16 асуудал бүхий уг саналын хураангуйд олон үнэ цэнэтэй санал багтсан байсныг энд дурдах нь зүйтэй. Мөн ноён Ч.Мэргэн ирэх саруудад өрнөх улс төр, эдийн засаг, бизнесийн арга хэмжээнүүдийн товыг танилцуулж, цаашид Бизнесийн зөвлөл ямар стратеги төлөвлөлтөөр ажиллахыг нийт гишүүддээ тайлагнасан.

Монголын Бизнесийн Зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтаас гарсан санал: Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар болон УИХ-д хүргүүлэх баримт бичиг

Зургаан гишүүн шинээр элслээ

Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэний танилцуулгын дараа уламжлал ёсоор тус зөвлөлд 8 дугаар сард шинээр элссэн гишүүд өөрсдийн компаниа 2 минутад багтааж танилцуулсан. Энэ нь шинэ гишүүдийн хувьд ихээхэн хариуцлагатай мөч бөгөөд танилцуулга хэр болсноос шалтгаалан зөвлөлд хэр даацтай байр суурь эзлэх вэ гэдгийг нэг талаар харуулж өгдөг, бусаддаа танигдах эхний алхам гэж болно.

Зөвлөлийн шинэ гишүүн болох Дейл Карнеги сургалтын танилцуулгын үеэр

B production, Dale Carnegie, Development Solutions, Free Good Era, Kempinski Hotel & Khan palace, The Morning Star Land гэсэн өөр өөр салбарынх боловч Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүн болох нэг хүсэл зорилготой компаниуд тус зөвлөлийн шинэ гишүүн боллоо. 

Монголын Бизнесийн Зөвлөл бол том боломж

Эдгээр компанийн хувьд мэдээлэл, гадаад харилцаа, хөрөнгө оруулалт зэрэг ашиг сонирхлоор Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүн болсноо арга хэмжээний үеэр илэрхийлж байлаа.

“Морнинг Стар Лэнд” ХХК-ийн маркетингийн менежер Д.Наранбаатар

"BCM"-д нэгдсэнээр танай бизнест яаж нөлөөлнө гэж бодож байна?

"Зөвлөлийн гишүүд сүүлийн үед улс төр, эдийн засгийн орчинд өрнөж буй мэдээллийг цаг алдалгүй авч чаддаг. Зөвлөлийн нэг зорилготой компаниудтай хамт байж, хамтран ажиллахыг хүсч байна. Барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг тус зөвлөлөөр дамжуулан, шийдвэр гаргагчдад хүргэх боломжтой болно."

“BP” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Азбаяр

Ямар давуу тал олж харсаны үндсэн дээр энэхүү компаниудын өргөн хүрээний нэгдэл болсон зөвлөлд гишүүнээр элсэх болов?

"Миний хувьд Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлд Америкт байхдаа ажиллаж байлаа. Тиймээс Бизнесийн зөвлөлийн гишүүн байхын давуу талуудыг сайн мэднэ. Тиймээс ч Монголдоо ирээд BP ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, компанидаа зөвлөлийн гишүүн байхын давуу талыг нэвтрүүлье гэж зорьсон. Мөн Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн миний сайн найз гэдэг  ч бас нөлөөлсөн."

“Дейл Карнеги” сургалтын маркетингийн менежер Г.Ашиг

Яагаад Бизнесийн Зөвлөлийн гишүүн болохоор  шийдэв?

"Дейл Карнеги гэсэн сургалтын байгууллага байгуулагдсан тухайгаа олон нийтэд танилцуулах, сургалтынхаа онцлог, давуу талыг зөвлөлийн бусад гишүүдэд таниулах зорилготой гишүүнээр элссэн. Нөгөө талаар Дейл Карнеги нь бизнес эрхлэгчдэд чиглэсэн сургалтуудаараа дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг учраас манай зах зээлд энд байна. Тэдэнд дэлхийн түвшний бизнесийн сургалтуудыг санал болгох зорилгоор зөвлөлийн гишүүн болж байна."

Шинэ гишүүдэд танилцуулгын төгсгөлд зөвлөлд гишүүнээр элссэнийг батлах сертификат гардуулсан юм.

Монголын Бизнесийн Зөвлөлийн 8 дугаар сарын хурлын дараагийн хэсэг “Эдийн засгийн нөхцөл байдал ба түүнд өгөх зөвлөмж” гэсэн экспертүүдийн хэсгээр үргэлжилсэн.

Эдийн засаг хүнд байгааг зөвлөлийн гишүүд сайн ойлгож байна

Энэ хэсгийн даргалагчаар “Tarva Investment & Advisory” ХХК-ийн гүйцэтгэх захирал Камерон Мкрэй, экспертүүдээр Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, доктор В.Энхболд, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал, доктор Ч.Хашчулуун, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нгуен нар оролцсон юм.

Монголын Бизнесийн Зөвлөлийн 8 дугаар сарын хуралд оролцсон экспертүүд

Доктор Ч.Хашчулууны хувьд эдийн засгийн байдал хүнд байна. Бизнесүүдийн зүгээс эдийн засаг сайжраасай гэсэн хүлээлттэй байна. Тиймээс төсвийн тодотгол тойрсон асуудалд анхаарлаа хандуулахаас гадна Засгийн газрын зүгээс ирэх жилүүдэд хэрэгжүүлэх томоохон бодлого, төсөл хөтөлбөрөө ярьж, шийдвэрлээсэй гэдгийг хэлж байлаа. Мөн цаашид хэрэгжүүлбэл зохистой арга зам, стратегийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.

Тэгвэл Засгийн газрыг төлөөлөн оролцсон ноён В.Энхболд сүүлийн хоёр жилд Монгол Улсын эдийн засаг огцом уналтад орсон, гадаадын хөрөнгө оруулалт тасалдсан зэргийг дурдаад бизнесүүдээ дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг ач холбогдлын дарааллаар хэрэгжүүлвэл эдийн засаг сэргэх боломжтой болохыг хэлсэн юм.

Ноён Туен Нгуений хувьд Олон улсын санхүүгийн корпорациас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг Монгол Улс хэрхэн өөрт ашигтайгаар татах боломж, Оюутолгой хийгээд Тавантолгойн төслүүдийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж байлаа.

Монголын Бизнесийн Зөвлөлийн 8 дугаар сарын хуралд оролцсон экспертүүд, тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэний хамт

Макро эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын ерөнхий төлөв байдлыг танилцуулсан илтгэлийг сонссон зөвлөлийн гишүүд үүссэн нөхцөл байдлыг сайн ойлгоод зогсохгүй эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах, тухайлбал, Олон улсын валютын сантай хамтрах уу, гадаад орнуудын тусламж, зээлээр эдийн засгаа санхүүжүүлэх үү гэх зэрэг асуултуудыг экспертүүдээс асууж байлаа.

Монголын Бизнесийн Зөвлөлийн 8 дугаар сарын хуралд оролцогчид экспертүүдээс асуулт асууж байгаа нь

Ийнхүү эдийн засгийн томоохон сорилтийг хэрхэн даван туулах талаар экспертүүдийн санал шүүмжээр баялаг, шинэ гишүүдийн халуун уур амьсгал, Монгол Улсын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй зөвлөлийн туршлагатай гишүүдийн яриа өрнөсөн үр дүнтэй хурал болж өнгөрлөө.