Бакей.А 2016.09.22 | Сонин: Засгийн газрын мэдээ

А.Бакей: Ардчилсан намын алдааг эрх баригчид давтаж болохгүй

А.Бакей: Ардчилсан намын алдааг эрх баригчид давтаж болохгүй
УИХ-ын гишүүн асан А.Бакей

Ардчилсан нам төрийн эрхийг барьж байхдаа нэлээн олон алдаа гаргасан

Ардчилсан намын  намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, ҮЗХ-ны хурлыг орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулах шийдвэрийг гаргасан. Ингэснээр ҮЗХ-ны хурал хоёр дахь удаа хойшлогдож буй. ҮЗХ-ны хойшлогдсон шалтгаан болон намын шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүн асан А.Бакейтай ярилцлаа.

-Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ҮЗХ-ны хурлыг орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулах шийдвэрийг гаргасан. Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа намын гишүүн олон байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал хоёр ч удаа хойшиллоо. Уг нь Ш.Түвдэндорж, О.Амгаланбаатар болон миний бие ҮЗХ-ны хурлын товыг гаргасан. Гэвч Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, товыг хойшлуулав.

Аливаа асуудлын шүүгч нь цаг хугацаа байдаг. Зарим тохиолдолд цаг хугацаатай уралдаж гаргасан шийдвэр зөв байдаг бол тунгааж бодсон шийдвэр ч оновчтой байх талтай.

Гэхдээ Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн дунд намын шинэчлэлийг яаралтай хийж, шинэ зохион байгуулалтад орж, ялагдлын хариуг нийгэмд өгөх ёстой гэсэн хүлээлт байх шиг байна. Энэ утгаараа ҮЗХ-ны хурал хойшлогдсон нь буруу. Харин өнгөрсөн хурлаас намын Их хурлын товыг гаргаж, хэлэлцэх асуудлын жагсаалтыг ч баталсан.

Нэгдүгээрт, Ардчилсан намын удирдлагын улс төрийн илтгэлийг хэлэлцэнэ. Хоёрдугаарт, намын үзэл баримтлал болон үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг жагсаасан. Гуравдугаарт, намын даргыг томилох асуудал багтсан. Эдгээр асуудлын шийдлийг олон нийт хүлээж байгаа учир хариуцлагатай хандах ёстой. Энэ талаараа ҮЗХ-ны хурлын товыг хойшлуулсан нь сайн талтай байх.

-УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дараа намын удирдлага болон гишүүд дэмжигчид ялагдлын шалтгааныг дор бүрнээ тодорхойлж, дүгнэсэн. Таны хувьд ялагдлын шалтгааныг хэрхэн дүгнэж байгаа вэ?

Сонгууль болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ялагдлын шалтгааныг Ардчилсан нам, МАН болон нийгмийн зүгээс олон янзаар тайлбарлалаа. Ийнхүү дүгнэлтийг дэлгэрэнгүй өгсөн учир дахин ярих шаардлагагүй байх гэж бодож байна. Намын гишүүний хувьд дүгнэхэд, Ардчилсан нам төрийн эрхийг барих хугацаандаа нэлээн олон алдаа гаргасан. Эдгээр алдаа нийгэмд таалагдаагүй учир сонгуульд ялагдал хүлээсэн.

-Тухайлбал?

Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эв нэгдэлтэй байж чадаагүй. Мөн гаргасан зарим шийдвэр алс хэтдээ үр өгөөжөө өгөх байсан ч сонгуулийн жилд тохиромжгүй байлаа. Өөрөөр хэлбэл, улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, улс төрийн эрх ашгийг орхигдуулсан нь алдаа болсон. Үүнд улсын төсөв болон нийгмийн халамжийн бодлого шийдвэрүүд багтаж буй. Үүнээс гадна сонгуулийн тогтолцоог өөрчилсөн нь нэг том алдаа.

Сонгуулийн санал хураалт дөхсөн үед Үндсэн хуулийн цэц хуульд хориг тавьж, ингэснээр тогтолцоонд өөрчлөлт оруулсан. Гэхдээ үүнийг ганцхан Ардчилсан нам хийгээгүй. Ардын нам ч ийм хэмжээний үнэмлэхүй ялалт байгуулна гэж төсөөлөөгүй. Товчхондоо, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дараа Ардын нам шоконд орсон.

Ард түмэн сонголтоо хийгээд нэг тийш хэтэрхий хэлбийсэн үед зулгаагаад ч нэмэр байсангүй. Үүнээс гадна зөндөө жижиг алдаа байсан. Гэхдээ аливаа алдаа дутагдал дараагийн их амжилтын эхлэл байдаг гэдгийг санах хэрэгтэй. Ардчилсан намын алдааг эрх баригчид давтаж болохгүй.

-Сонгуулийн дүн гарсан цагаас Ардчилсан намын удирдлага болон гишүүд дэмжигчид шинэчлэлийн талаар ярьж эхэлсэн. Тухайлбал, намын удирдлага болон ҮЗХ-ны гишүүдийг татан буулгаж, шинээр томилох нь намын шинэчлэл хэмээн үзэх хүмүүс байгаа. Гэхдээ бас үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай гишүүд ч байна. Ардчилсан нам шинэчлэгдэхийн тулд нэн тэргүүнд ямар алхам хийх ёстой вэ?

Аливаа шинэчлэл сэтгэлгээний өөрчлөлтөд тулгуурлан хийгдэх ёстой. Ардчилсан намыг бүрдүүлж байгаа бүхий л гишүүд, дэмжигчид болон олон жилийн туршид удирдан жолоодож байгаа хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах нь чухал. Түүнээс биш нэг даргыг нөгөө даргаар сольсноор шинэчлэл явагдахгүй. Сэтгэлгээний өөрчлөлтийн угтвар нөхцөл нь сонгуулийн ялагдал гэж үзэж байна.

Хэрэв өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулсан бол шинэчлэгдэж чадахгүй намагт улам шигдэх байсан байх. Харин ч тэрхүү намгаас гарах шинэчлэлийн суурь тавигдсан сонгууль боллоо гэж өөдрөгөөр харж байгаа. Нэн тэргүүнд Ардчилсан намын ахмад үеийнхэн тэргүүн эгнээнд байх ёстой гэж бодохоо болих хэрэгтэй.

Дунд болон залуу үеийнхэн сэлэм эргүүлээд бүхнийг өөрчилж болно гэж сэтгэж болохгүй. Аль ч үеийнхэн эрүүл ухаанаар бодож байж Ардчилсан намын шинэчлэлийг хамтдаа хийх ёстой. Хамтдаа байна гэдэг нь нэг тогтолцоог бүхэлд нь нураана гэсэн үг биш. Бүхэлд нь өөрчилнө гэдэг нь өөрөө өөрийгөө үгүйсгэх, нураахтай адил зүйл. Тэгэх шаардлага байхгүй.

» Аливаа алдаа дутагдал дараагийн их амжилтын эхлэл байдаг гэдгийг санах хэрэгтэй.
» Хэрэв өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулсан бол шинэчлэгдэж чадахгүй намагт улам шигдэх байсан байх.
» Ардчилсан намын даргыг сонгохдоо аль нэг фракцын эрх ашгаас бус эрүүл ухаанаар бодох хэрэгтэй.

Хамгийн түрүүнд намын үзэл баримтлалаа эргэж харах хэрэгтэй. Үүнд тулгуурлан намын дүрэмд өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна. Цөөн хэдэн хүн бодлого тодорхойлж, шийдвэр гаргадаг энэ арга барилаас салах хэрэгтэй. Олон ургальч үзэл баримтлалд тулгуурлан шийдвэр гаргадаг байх нь чухал. Үүнийг ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах Их хурлаар хийх хэрэгтэй. Гэхдээ Их хурлын бүрэлдэхүүнийг илүү өргөн болгох нь чухал гэж бодож байна. Үүний төлөө өөрсдийн явцуу эрх ашгаа мартмаар байгаа юм.

-Намын гишүүд дэмжигчид болон зарим лидер хариуцлага тооцох эздийн эрэлд гарчихлаа. Тухайлбал, нийслэлийн Ардчилсан намын хорооны дарга Э.Бат-Үүлийг үүрэгт ажлаасаа огцрох шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлэх хүн цөөнгүй байна. Ардчилсан намын ялагдлын хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ?

Хариуцлага гэдэг нь аливаа нэг хурал дээр хэн нэгнийг буруутгаж, газар доогуур ортол нь шүүмжлэхийг хэлэхгүй. Хариуцлага үүрэх ёстой хүмүүс нь нийтийн өмнө гарч ирээд алдаатай арга барилаар ажилласнаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйх ёстой.

Энэ алдааг давтахгүйн төлөө дараа дараагийн намын удирдлага, залуу үеийнхэнтэйгээ хамтарч ажиллана гэж хэлэх нь хариуцлага хүлээж байгаагийн төгс хувилбар юм. Өөрөөр хэлбэл, хариуцлага хүлээх ёстой хүн нь нийгэмд үлгэр дууриалал бий болгох хэрэгтэй.

-Тэгвэл танай зарим гишүүнд арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаас намын даргаар сонгогдох нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эхний шат гэж хараад байгаатай та санал нийлэх үү?

Их хурлаас хариуцлагатай шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаа. Тиймээс Их хурлаас гарсан шийдвэр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн дүнд нөлөөлнө. Цаашлаад Ардчилсан намын шинэчлэлд ч чухал ач холбогдолтой. Намын даргад тавигдах шаардлага байх ёстой.

Тухайлбал, фракцын эрх ашгаас ангид, олон түмнийг манлайлан удирдах чадвартай, шударга хүн байх хэрэгтэй гэж бодож байна. Мөн менежментийн хувьд шинэлэг арга барилаар ажиллаж чадахаас гадна Их хурлаас баталсан намын шинэчлэлийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх л хүн байх ёстой.

Энэхүү шаардлагыг хангаж чадна гэж үзэж байгаа хүмүүс мөрийн хөтөлбөрөө боловсруулаад нэр дэвших эрх нь нээлттэй байгаа. Ардчилсан намын даргыг сонгохдоо аль нэг фракцын эрх ашиг бус эрүүл ухаанаар бодох хэрэгтэй.

Аль ч улс төрийн хүчинд өөрийн гэсэн стратеги тактик байгаа. Магадгүй манай намын хувьд намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ хэмээн тооцох ч хэрэггүй байх. Тухайлбал, намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвших албагүй