undefined 2015.12.18 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Төрийн өмчийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төрийн өмчийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өнөөдөр Монгол Улсад төрийн өмч нь төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг зэрэг нийт 400 гаруй бие даасан өмчид хуваагдаж, өмчлөгч бүр эрх мэдлийнхээ хүрээнд өмчөө бие даан захиран зарцуулдаг байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлд “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж заасан бөгөөд төрийн байгууламжийн нэгдмэл тогтолцоотой улсын хувьд төрийн өмчийг Засгийн газар өмчилж, Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу захиран зарцуулдаг байх, аймаг, нийслэл, төрийн өмчийг зөвхөн эзэмших эрхтэй байх шаардлага үүсчээ.

Үүний тулд аймаг, нийслэл, сум, дүүрэг тусдаа өмчтэй байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөн, төрийн өмчийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг Төрийн өмчийн тухай хууль болгон өөрчлөх, төрийн өмчит компанийг байгуулах нөхцөл, шаардлагыг хуулиар тогтоох, төрийн өмчит компани байгуулсан бол түүний үйл ажиллагаан дахь төрийн оролцоог дэлхийн бусад улсад хэрэглэдэг нийтлэг жишгийн дагуу зохицуулдаг болох шаардлагатай аж. Иймд Төрийн өмчийн тухай хуулийн төслийг 4 зүйлтэйгээр боловсруулсан болохоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын төрийн байгууламжийн нэгдмэл тогтолцоотой уялдсан төрийн өмчийн нэгдсэн тогтолцоо бий болж, төрийн өмчийг Засгийн газар өмчилдөг болох нөхцөл бүрдэх юм байна. Түүнчлэн төрийн өмчийн хяналт, нэгдсэн бодлого сайжрах, төрөөс төрийн өмчит компани байгуулах нөхцөл, журам тодорхой болох, төрийн өмчийн компани дахь төрийн төлөөллийг хэрэгжүүлэх арга хэлбэр болон байгууллагууд, тэдгээрийн эрх хэмжээ тодорхой, ойлгомжтой болох, зарим хууль хоорондын зөрчил арилах зэрэг эрх зүй, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой зохицуулалтууд хийгдэх юм байна