Ц.Даваасүрэн: Жигүүр гэдэг төрд алба хаах эрхээ хасуулагчдын үүр биш
2010.04.16

Ц.Даваасүрэн: Жигүүр гэдэг төрд алба хаах эрхээ хасуулагчдын үүр биш

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, МАХН-ын Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс” жигүү рийн тэргүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-МАХН-ын ээлжит бага хурлын өмнөх өдөр танай жигүүрээс мэдэгдэл гаргасан. “Жигүүр амиллаа. Намынхаа эсрэг дуугарлаа. Жигүүр байх шаардлага өнөөдөр намд байхгүй” гэсэн багагүй шүүмж танай нам дотроос гарсан. МАХН-ыг дотор нь багагүй хөдөлгөөд ч авсан байх. Тэр шуугиантай мэдэгдэл үр дүнд хүрсэн үү?

-Нэлээд хугацаагаар хойшлоод байсан МАХН-ын Бага хурлын XI хуралдаанаас  гишүүд, дэмжигчид маань зарим нэг асуудал дээр тодорхой шийдэл гаргахыг хүлээж байсан. Тэдний хэлж, ярьж байсан асуудлыг жигүүр мэдэгдлээрээ илэрхийлсэн гэж хэлж болно. Хамгийн гол нь намын дотоод ардчилал, гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дүрмийн бус аргаар, намын дүрэмд өөрчлөлт оруулах замаар шийдэх гэж байсныг таслан зогсоолоо. Үүнд зарим нэг нь бачуурч үхэх гэж байх шиг байна билээ. Харин МАХН-ын шинэчлэлийн нэг гол хүчин зүйл болсон дотоод ардчиллыг бэхжүүлэхэд намын дарга асан С.Баяр өнгөрсөн хугацаанд тууштай байж ирснийг хэлэх ёстой. Мөн намын дүрмийн дагуу Ерөнхий сайдад улс төрийн эрх мэдлийг олгож, намын даргын албаа түүнд шилжүүллээ. Ерөнхий сайдад зөвхөн захиргааны эрх мэдэл олгох нь 1996 оны улс төрийн алдааг давтаж болзошгүй гэсэн болгоомжлол манай жигүүрт байсан юм. Мэдэгдэлд тавьсан бусад асуудлын хувьд заавал Бага хурлыг харалгүй нам дотроо ярилцаад шийдээд явах бололцоотой учраас тавьсан гол асуудлууд маань биелсэн гэж бодож байна.      

-С.Баяр дарга гэнэтийн шийдэл гаргаж Бага хурлын өмнө намын даргын албаа Ерөнхий сайд С.Батболдод шилжүүлэхээр болсон. Тэгэхдээ нэг айхтар ёгт агуулгатай  үг хэлсэн. “Тахиа донгодсон донгодоогүй үүр цайхдаа цайна” гэж.  Хэн нэгний шахалтаар бус өөрөө шийдээд л намын даргаа өглөө гэсэн утгаар...?

-Мэдээж хэрэг хувь хүний шийдэл хамгийн гол нь байсан. МАХН-ын даргыг солих уу, үгүй юү гэдэг дээр тэр хүний амыг харцгааж байсныг үгүйсгэж болохгүй. Намар тийшээ МАХН-ын Их хурлыг зарлаж байж энэ асуудлыг шийдэх юм гэсэн яриа ч гарч л байсан. Бүр Бага хурал болдог тэр өглөөг хүртэл тийм бодол олон хүнд байсан. Манайхны нэг муухай зан бол хүнийг хүчтэй байхад нь долоочих дөхөөд явсан хойно араас нь чулуу шидээд, олон юм ярьж баатар царайлах гээд байдаг шүү дээ. Тиймэрхүү “баатар”-уудыг л тахиатай зүйрлэсэн юм болов уу. Яагаад үүр цайлаа гэж ярьсныг би сайн ойлгоогүй. С.Баяр даргын үед харанхуй байгаад үүр цайж байна гэж би л лав хэлж чадахгүй.

-С.Баяр даргын үед харанхуй байсан гэсэн утгаар биш, харин түүний ажлаа өгснийг “миний эрийн сайнд, миний нөлөө, шахалтаар гаргасан шийдвэр” гэж зарим хүн эндүүрүүзэй гэсэндээ л зүйрлүүлж хэлсэн үг гэж би хувьдаа ойлгосон. Тахиа нь тэр эндүүрэгч хүн, үүр цайх нь ажлаа хүлээлгэж өгсөн шийдвэр л гэж бодож байгаа. Түүнээс биш намын амьдралыг түүгээр зүйрлээгүй байх. Ер нь С.Баяр даргын үед МАХН-ын дотоодод байдал ямар байсан бэ. Нэг үе шинэчлэлтийн бэлгэ тэмдэг байсан ч тэр үүргээ хангалттай биелүүлж чадаагүй санагддаг?

-Энэ хүний үед намын дотоод ардчилал бэхжсэн, хөгжсөн. Энэ бол МАХН-ын хамгийн үнэ цэнэтэй, эрхэмлэх зүйл. Тухайлбал, энэ хугацаанд нам жигүүртэй болсон. Харин хоёр дарга солигдох мөчид гишүүдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах тухай яриа гараад дарагдлаа. Цөөн хэдэн хүний  эрх ашигт баригдаад шүүмжлэлийг боймолдог болчихвол ардчилсан нийгэм дэх нам улс төрийн сонгуульд амжилт олохгүй шүү дээ.

-Танай жигүүрийг татан буулгах хэрэгтэй гэж зарим хүн Бага хурлын үеэр эрс мэдэгдсэн. Тухайлбал, Ц.Нямдорж сайд албан тушаалын рекэтчингүүд, албан тушаал авмагц амаа үдүүлдэг нөхөд. Улс төрийн нам дахь бохир үзэгдэл гэхчлэн  хэлсэн. Үнэхээр жигүүрээр алба ажлаа шийдүүлэх бороохой болгосон нөхөд танайд орогноод байна уу?

-Хүн л юм хойно хэн ч бай, арын амьдралтай, ажил төрөлтэй байж л амьдралынхаа орлогыг олж таарна аа даа. Жигүүр гэдэг чинь төрдөө алба хаах эрхээ хасуулагчдын үүр болсон газар биш шүү дээ. Өмнө нь сайд, дарга болсон хүмүүс бий л дээ. Би тэднийг муу ажиллаад, муу нэр зүүгээд байсныг санахгүй юм. Тэр хүмүүс үгээ хэлэх байлгүй дээ.

Ер нь энэ тал дээр няцаалт өгөхгүй бол жирийн иргэд жигүүрийг буруугаар ойлгоно. Тийм шантаажчид байсан юм бол түүнийг тэр албанд тавьсан, рекэтчин төрүүлсэн дарга нар бас буруутай. Ц.Нямдорж сайд өөрөө тэр улс төрийн шийдэл гаргадаг МАХН-ын Удирдах зөвлөлд сүүлийн арван жил байсан л хүн. Тэгээд яагаад иймэрхүү буруу алхмыг тэвчээд өдийг хүрчихэв ээ. Тэр үед нь саяынх шигээ хэвлэл мэдээлэлээр мэдэгдчихгүй яасан юм бол. Энэ нөхөр рекэтлэлээ, би ганцаардаад зогсоож чадсангүй гээд л мэдэгдэхгүй. Тэгсэн бол өнөөдөр үнэмшилтэй сонсогдохсон.

Миний хувьд жигүүрийн тэргүүн болохоосоо бүр өмнө УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдсон байсан. Хэн нэгнийг рекэтлэх шаардлага байгаагүй. УИХ-ын гишүүд маань дэмжээд л байнгын хороог тэргүүлэх үүрэг хүлээлгэсэн. Эсвэл сайд болоход, тэр тусмаа олон удаа улиран сайд болоход тэгж рекэтлэх шаардлага гардаг юм болов уу. Миний амьдралд тийм туршлага байгаагүй учраас би мэдэхгүй юм. Ер нь тэгээд бухимдсан болгоны хойноос нь хөөцөлдөөд явбал хайран цагаа үрэх байлгүй. Хэд хэдэн сонгуульд оролцох нас надад байна. Бухимдах, бачуурах шаардлага алга. Харин тухайн салбарыг олон жил авч явчихаад ахиц гаргахгүй байгаа сайд нарын хойноос бол хариуцлага тооцоод УИХ-д саналаа өргөн барьчих зориг бол гарна аа. Гишүүний эрхээ яаж эдлэхээ харин хэнээр ч заалгахгүй мэднэ шүү. Яахав, хэрэгтэй гэж үзвэл жигүүр цаашдаа намд шаардлагатай эсэхийг гишүүд, дэмжигчдийн дунд хэлэлцүүлэг хийх замаар шийдвэрлэвэл шударга болно. 

-МАХН доторх багахан зөрчлийг гадагш гаргаж тараалаа. “Олгой хагаравч тогоондоо” гэхчлэн жигүүрийн талаар гарсан шүүмжлэлийг ер нь танай гишүүд юу гэж хүлээж авсан бол?

-Намдаа тусалж дэмжих зорилгоо дан ганц “ажил хийхгүй байна” гэх шүүмжлэлээр хязгаарлах бус, ажил хэрэгч, бүтээлч хандлагаар үзэл бодлоо илэрхийлдэгийг анхаарах ёстой. Жигүүр маань дан ганц хүмүүс ирж гомдлоо илэрхийлж, бухимдалаа тайлдаг газар болчихвол үндсэн зарчмаасаа хазайна шүү дээ. Ажил хэрэгч, зарчимч шүүмжлэлийн зэрэгцээ бүтээлч ажлаар намдаа туслах нь бидний гол үүрэг байх ёстой. Бид нэг л гэрт амьдарч байгаа. Гэр дотроо ярих асуудал гэж бас бий. Тэр тусмаа гэрээ нураагаад хамтдаа гудамжинд гарчихаж болохгүйг аль аль талаасаа ухаарах л учиртай. МАХН-ын удирдлагатай уулзахдаа жигүүрийнхэн тэгж л тохиролцсон, тэр зарчмаасаа бид өдийг хүртэл хазайгаагүй.
Жигүүрийг хурлаар авч ярьснаар олон нийтээс зөв үнэлгээ авна гэвэл ташаарал болно. Бидний хэлж, ярьж байгааг шүүн тунгаагч нь жирийн иргэд, МАХН-ын гишүүд, дэмжигчид. Тэдний яриад байгааг л илэрхийлж байгаа учраас бид тэгж хэлж байна л даа. Нөгөө талаар бид ч гэсэн дан ганц шүүмжлэлээр асуудлыг шийдээд, алдаа гаргасан нөхдөө ухааруулаад, засаад явна гэвэл худлаа болов уу. Зөвшилцөл, хэлцэл, үйл ажиллагаараа түүнийгээ харуулаад явах гарц хаа нэгтээ байж л таараа. Ер нь МАХН дотор жигүүр ямар хариуцлага, үүрэг хүлээж, эрх эдлэхийг дүрэмдээ тодорхой болгож өгөх хэрэгтэй байх шиг. Аль аль талаасаа л ухаалаг, хүлээцтэй хандлага гаргах хэрэгтэй болов уу. Нэг талаасаа цэрвээд л, нөгөө талаасаа дайраад л байвал жигүүр үүрэг, хариуцлагаа гүйцэтгэхэд хүндрэлтэй. Жигүүртээ бас хойд ээжийн зангаар хандаад байж болохгүй. Яагаад ойлголцож болохгүй гэж. 

-Жигүүр үүргээ гүйцэтгэсэн гэж хэлэх хүн танай нам дотор цөөнгүй байдаг. Та нар өөрсдөө үүнийг юу гэж үздэг вэ?

-МАХН-ын XXV Их хурлаас “Жигүүр намд шинэчлэлийг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан” гэж дүгнээд намын шинэчлэлийн талаар 12 заалт бүхий 06 тоот тогтоол гаргасан юм. Одоо энэ тогтоолын зөвхөн хоёр заалт л хэрэгжих шатандаа бусад нь бараг үнэр ч алга гэхэд хэтрүүлэг болохгүй. Манай МАХН-аас эхлүүлээд буй “Иргэдээ сонсъё“ аяны хүрээнд иргэдийн дунд явуулсан судалгаагаар нийт оролцогчдын 80 хувь нь МАХН-д шинэчлэлийг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, намын шинэчлэлийн талаар МАХН-ын XXV Их хурлаас тавьсан зорилтуудын хэрэгжилт хангалтгүй байгаагаас иргэд маань ийм дүгнэлт хийж байгаа хэрэг л дээ. Их хурлаараа тодорхойлж гаргасан сул талуудаа өнөөг хүртэл бүрэн залруулж шийдвэрлэж чадаагүй байна  гэж ойлгож болох талтай. Товчоор хэлбэл, шинэчлэлийн талаар тавьсан зорилтууд маань амьдрал дээр ажил хэрэг болох нь удаан байна гэсэн үг юм. Энэ нь бол жигүүрийн үүрэг хэвээр байгаагийн нэг илрэл, харин ч биднийг үйл ажиллагаагаа идэвхижүүлэх нэг нөхцөл болж байна. Тиймээс бид улс орны хэмжээнд, намын хүрээнд баримтлах зургаан гол зорилго, зарчмаа тодорхойлж олон нийтэд танилцуулсан.
Жигүүрийн хувьд Боловсролыг эрхэмлэсэн хөгжлийн загварыг сонгох, шилдгээ сонгож ажиллуулдаг боловсон хүчний тогтолцоог бий болгох, хариуцлага, ёс зүйтэй төрийг төлөвшүүлэх, өргөн олон түмний дэмжлэгийг хүлээсэн, гишүүд, дэмжигчдээ сонсдог нам байлгах, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлээд явж байна. Өөрөөр хэлбэл, бид ажил хэрэгч, бүтээлч хандлагыг эрхэмлэж байна.
Намынхаа явуулж буй үйл ажиллагааг олон талаас нь харъя, алдаатай зүйлээ нээлттэй ярилцаад, засаад явж байя гэдэг бол жигүүрийн хүлээх нэг үүрэг мөн. Гишүүд, дэмжигчдийнхээ санаа бодолд тулгуурласан, нээлттэй, олон түмний дэмжлэгийг хүлээсэн нам байлгая гэхэд юунд нь бухимдаад байдгийг ойлгохгүй л байна. Нэг хэсэг хүн байнга ээлжгүй сайд, дарга хийдэг, тэгээд өнгөрсөн 20 жилийн үр дүнд нь олон нийт тийм ч тааламжтай ханддаггүйг тэгвэл ярья л даа. Яагаад гэмт хэргийн гаралт буурдаггүй, олон түмэн сэтгэл түгшихгүй амьдарч чадахгүй байгаа юм бэ гээд “байгуулсан гавьяа”-гаа ярья гэвэл олон асуудал гарна. Жигүүр рүү дайрч улс төр хийж байгаа бол алдаж байна. Жигүүр олон нийт, гишүүд, дэмжигчдийн дунд гардаг яриаг л намын удирдлагад илэрхийлж хэлдэг юм шүү дээ. Тэрнээс биш өөрсдөө зохиодоггүй юм. Хурлын заалны хүрээнд биш гадагшаа гарч олон түмэнтэй уулзаж улс төр хийвэл цаг үетэйгээ зохицоно гэдгийг удирдлагад сануулахад илүүдэхгүй болов уу.

-МАХН-ын шинэ дарга С.Батболд жигүүрт хандлагаа илэрхийлсэн үү. Та бүхэн түүнийг хэр дэмжиж байгаа вэ?

-Жигүүр гаргасан мэдэгдэлдээ Ерөнхий сайдад улс төрийн эрх мэдлийг өгөх шаардлага тавьсан нь биелсэн. Одоо Засгийн газрын тэргүүнд ажлаа сайн хийх л үлдлээ. Итгэж байна. Бид дэмжээд, ойлголцоод явна гэдэгт эргэлзэх юм алга. Жигүүр хөгжлийн гарц бол хүний хөгжүүлэх гэж үзэж байгаатай Ерөнхий сайдын хөгжлийн үзэл баримтлал нийцэж байгаад бид талархалтай хандаж  байгаа. Өндөр боловсролтой, ёс суртахуунтай иргэн төлөвшүүлэх замаар өнөөдрийн яриад, шийдэж чадахгүй байгаа олон бэрхшээлийн ард гарна. Иргэний нийгэм байгуулж байж хуулийг дээдэлдэг, харьцангуй шударга, зөв төр, сайн засаглалыг бий болгоно. Нэг их олон хууль гаргаснаар зовлонтой асуудлуудаа шийдчихгүй юм байна.

-Та бол УИХ дотор үзэл бодлоо нэлээд хурц илэрхийлдэг гишүүдийн нэг. Таныг намын бодлого, шийдвэр зөрчсөн учраас хариуцлага хүлээлгэх тухай ярьсан гэж дуулсан...?

-Яг ч тийм яриа болоогүй. Ер нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн гишүүдийг шүүмжлэх аястай хандлага бол гарсан. УИХ-ын гишүүний Үндсэн хуулийн дагуу олгосон иргэдээ төлөөлөх мандатын эрхийг хязгаарлаж, намын шийдвэрийг хэт аялдан дагуулах бодлого барьвал цаашдаа МАХН олон нийтийн дэмжлэг авахад хүндрэлтэй болно шүү дээ. Миний хувьд Оюутолгойн гэрээ, Өршөөлийн хуулийг хэлэлцэхэд намын бодлогоо дэмжээгүй зөрсөн тохиолдол гарч байсаан. МАХН-ын байрыг шатаасан хүмүүсийг би хэзээ ч өршөөхгүй гэдгээ хэлээд ганцаараа дэмжээгүй. Миний бодол шүү дээ. Оюутолгойн гэрээний хувьд одоо байгаагаас сайжруулах бололцоо байсан гэдэгт огт эргэлздэггүй. Цаг хугацаа шүүнэ биз дээ. Би өөрийнхөө байр суурийг зөв байсан, МАХН-ын эрх ашигт хохирол учруулаагүй гэдэгт итгэлтэй байдаг.

-МАХН-ын Бага хурлаар хөндсөн сахилга хариуцлага тооцдог болох асуудлын цаана Үндсэн хуульд өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог өөрчлөх санаа явсан гэдэг үнэн үү?

-Өөрийн чинь хэлснийг огт үгүйсгэхгүй байна. Сахилга, хариуцлагыг чангатгах болон сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал нэгэн зэрэг яригдаад байгааг харахад үнэний ортой. Одоо УИХ-ын гишүүн болох сонирхолтой хүмүүс өөрийн нэрээрээ хаа нэгтээ очоод, өрсөлдөөд сонгогдох бололцоогүй, тэгж чадахгүй гэдгээ ухаарахаараа намын нэрээр санал хураалгаад, намынхаа авсан хэдэн хувь дотор багтаж Их Хурлын гишүүнээр насан туршдаа суугаад байя гэх хувийн эрх ашиг агуулж байгааг үгүйсгэхгүй.  Ингэж бусдынхаа эрх ашгаас өөрийнхийг дээгүүр тавьчихаж болохгүй л дээ. Амьдрал цаашдаа үргэлжилнэ, дараагийн үе гэж байж л таарна шүү дээ. Цөөхөн хэдхэн хүний эрх ашгийг хангадаг нам болчихвол олон түмний дэмжлэгийг алдаж хувь заяа нь цаашдаа бүдгэрэх аюултай.

-Та пропорциональ системийг шүүмжилж байна уу. Түүний муу тал нь юу гэж?

- Нам төвтэй, даргаа шүтсэн, намын даргыг тойрон хүрээлэгчдийг бий болгосон, ардчилал муутай хувилбар гэж би пропорциональ тогтолцоог үздэг. Намын даргыг тойрсон нөхөд л УИХ-ын гишүүн болох нөхцөл бүрдэнэ шүү дээ. Сонгогч бол нэр дэвшигчийг биш зүгээр л намыг сонгоно. Тэдний өгсөн саналын хувь дээр намын дарга тойрон хүрээлэгчдээ тавина. Ийм л юм. Пропорциональ тогтолцооны хувилбар ийм маягаар намын ирээдүйд аюул дагуулна. Энэ тогтолцоо руу явбал Христосын ч гэх юм уу, сонин нэртэй намууд төрөх нөхцөл бүрдэнэ. Шүтэн бишрэгчид нь тэр намыг сонгоод, намын дарга нь хүмүүсээ УИХ-д суулгана. Сонгуулийн тогтолцооны аль ч хувилбар бай, ард түмэн төлөөллөөрөө дамжуулж  төр барих Үндсэн хуулийн эрхийг хадгалах ёстой. Өөрөөр хэлбэл, дахин нам төвтэй төр рүү хэрхэвч явж болохгүй. УИХ-аар хүч түрж сонгуулийн тогтолцоог өөрчиллөө гэхэд ард түмэн, Цэц үүнийг зөвшөөрөхгүй. Тэр тусмаа нийгэм ийм бухимдалтай байгаа үед төр барих, сонгох эрхийг нь хязгаарлаж дахин нам төвтэй төртэй болно гэвэл гал дээр тос нэмсэнтэй адил болно шүү дээ.

-Хамгийн сүүлд ярианыхаа сэдвээс хазайж тойргийн чанартай ганц асуулт тавья. Хөвсгөлийн Могойн голд  Хятадын хөрөнгө оруулалтаар Дулааны цахилгаан станц барих тухай асуудал гарсан. Үүнийг УИХ-ын гишүүн  Л.Гүндалай, Ц.Сэдванчиг та гурав эсэргүүцсэн байсан. Яагаад ингэх болов?

-Дулааны станц бариулахыг бол эсэргүүцээгүй.  Хөрөнгө оруулсан хятадууд түүнийг эзэмшинэ гэдэгт л асуудал үүсээд байгаа юм. Сонгогчид, нутгийн иргэд болохоор Монголынхоо хоймор болсон нутгийн алга дарам битгий хэл сөөм газрыг ч харийнханд эзэмшүүлэхгүй. Шадар ван Чингүнжавынхаа 300 жилийн ойгоор төрсөн нутагтаа харийн тосгоны  суурь тавихгүй гээд  бидэнд хандаад байгаа. Хятадууд эргэн төлөгдөх нөхцөлөөр станц барьж өгөөд л буцна биз гэсэн байлдлаар гэрээндээ өөрчлөлт оруул гээд байгаа юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.