Ц.Даваасүрэн: Олон түмэн томилгоонд эргэлздэггүй болсон цагт МАХН-ын жигүүр татан буугдана
2010.05.11

Ц.Даваасүрэн: Олон түмэн томилгоонд эргэлздэггүй болсон цагт МАХН-ын жигүүр татан буугдана

-МАХН-ын Бага хурлын XI хуралдааны үр дүнг та юу гэж үзэж байна вэ?davaasuren_ts_suugaa
-Жигүүр Ерөнхий сайдад зөвхөн захиргааны эрх мэдэл олгох нь 1996 оны улс төрийн алдааг давтах магадлалтай, Ерөнхий сайдад улс төрийн эрх мэдэл олгох нь зүйтэй гэдэг шаардлага тавьж байгаагаа илэрхийлж, мэдэгдэлдээ үүнийг дурдсан. С.Баяр намын даргын албан тушаалаа Ерөнхий сайд С.Батболдод шилжүүллээ. Бага хурлын өмнө жигүүрээс гаргасан мэдэгдэл үр дүнгээ өгсөн гэж бодож байна уу?-МАХН-ын Бага хурлын үр дүнгийн талаар өмнө хэвлэлд хэд хэдэн удаа ярилцлага өгсөн болохоор товчхон хариулъя. Намын Бага хурлаар Ерөнхий сайдын улс төрийн эрх мэдэл, үүрэх хариуцлагыг тодорхой болгож өгсөн. С.Баяр даргын хувьд өмнө намын XXV Их хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвших эрх авсны дараа ийм шаардлага тавьж байсан учраас цаашдаа Намын дарга байх нь ёс зүйн талаасаа зохимжгүй, олон нийтэд ойлгомжгүй байдал үүсгэх байсан болов уу. Улс төрд чанагдсан удирдагчийн хувьд үүнийг ухаарсан хэрэг.
-Та нэгэн ярилцлагадаа С.Баяр даргын үед МАХН-ын хамгийн үнэ цэнэтэй эрхэмлэх зүйл болох намын дотоод ардчилал бэхжиж хөгжсөн гэж хэлсэн. Танай жигүүр С.Баяр даргатай хамтарч ажиллаж чадаж байсан уу?
-С.Баяр намын дарга байсан хүний хувьд энэ намын түүхийн хуудсанд өөрийн гэсэн байр сууриа эзлэх нь тодорхой. Түүх үнэнээр бичигдэж үлдэх ёстой. Манайхан чинь хэт туйлшрах гээд байдагулс. Алдаа дутагдлыг нь хэлэхийн сацуу эерэг талыг нь бас дурдах л хэрэгтэй. Тэр хүний намын түүхэнд үлдээсэн нэг сайн үйлсэд намд жигүүр бий болж үйл ажиллагаагаа олон талаас нь харж үнэлж цэгнэдэг болсон явдал орно шүү. Миний мэдэж байгаагаар лав л өөрөө гараа өргөж байгуулчихаад одоо будаа болгоно гэж тавьтиргүй загнаагүй. Бид үзэл бодлоо чөлөөтэй л илэрхийлдэг байсан. Тэглээ гээд янз бүрийн дарамт шахалт үзүүлээд байсангүй. Энэ нь цаашид намын амьдралд сургамж болж үлдэх юм гэдэг агуулгаар би хэлсэн санагдана.
-МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд жигүүрийнхнийг хүлээн авч уулзсан. МАХН-ын шинэ дарга жигүүртэй хамтарч ажиллах талаар ярилцсан уу?
-Жигүүр өөрөө намын бүтцийн байгууллага учраас намын удирдлагадаа дэмжлэг үзүүлж, намынхаа эрхэм зорилгын төлөө явах учиртай. Гарч ирсэн бүхэнтэй үзэлцээд явах нь жигүүрийн ажил гэж ойлговол “буруу замаар будаа тээнэ” гэдэг нь болно. Бидний хувьд эхнээс нь зарчмаа тохироод, гажуудвал хэлээд, бүтэмжтэй байвал дэмжээд явна гэсэн бодолтой байгаа. Намын даргатай ажил хэрэгч уулзалт болсон. Тодорхой хэлбэл юун дээрээ санал зөрөлдөөд байна гэдгийг гаргаж ирэхийг оролдсон нээлттэй ярилцлага өрнүүлсэн. Хамгийн гол асуудал бол боловсон хүчний томилгоо, хариуцлага тооцох асуудал юм байна гэдэг дээр санал нийлж “хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг боловсон хүчнээ гаргаж ирдэг тогтолцоог бий болгох” тал дээр анхааръя гэж ярилцдаа. Бид хийж, бүтээе, нийтлэг эрх ашгаа эрхэмлэнэ гэсэн хүн бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байдаг.
-Жигүүрт эгдүүцэж, бүр татан буулгах хэрэгтэй гэсэн асуудлыг намын зарим гишүүн тавьдаг. Ер нь жигүүрийн гишүүдийг албан тушаал аваад л амаа үдүүлдэг гэсэн шүүмжлэл дагаад байдаг. Та үүнийг юу гэж хүлээн авч байна вэ?
-Цаашид жигүүр намд шаардлагатай эсэхийг гишүүд, дэмжигчдийн дунд хэлэлцүүлэг хийх замаар шийдвэрлэвэл үр дүнтэй. Бидний хувьд асуудлыг өөр өнцгөөс харж бас болно шүү дээ. Хамгийн гол нь ойлголцоод л явах ёстой. Түүнээс биш өнөө маргаашгүй огцор гээд хэн нэгнийг шантаажлаад өдөөд байсан юм огт байхгүй. Энэ 50 оны нөхдүүд маань дуусчихаагүй, авах юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд хүндлээд л явж байна. Харин ах зах хүнээ гэсэн хүндлэлийг айлаа гэх мэтээр ойлговол эндүүрэл болно. Бид оролдоогүй байхад өөрсдийгөө л баллаад байна даа. Тэр албан тушаал авсан гээд байгаа жигүүрийн нөхдүүд маань өөрсдөө тайлбараа хийнэ биз дээ. Жигүүрийн зүгээс хангалттай тайлбарласан.Төрийн албан хаагч болсон хүмүүсийн хувьд улс төрийн ажилд оролцох эрхээ хасуулсан учраас дуугаа хураахгүй гээд яах ч билээ. Хууль нь төрийн албан хаагч хүн улс төрийн ямар нэг үйл ажиллагаанд оролцож болохгүй гэсэн юм чинь.

Харин улс төрд яваа нэг нь рекетлэсэн үгүйгээ хэлэх хэрэгтэй байх аа, дуугарахгүй болохоор хүмүүс бас нэг л буруугаар төсөөлөөд байх шиг байна. Гэтэл яригдаад байгаа ганц нэг нөхөд маань жигүүр ч үүргээ гүйцэтгэчихлээ гэх аястай зүйл цухуйлгахаар чинь бүр “албан тушаалтай болсон одоо боллоо” гэсэн агуулгатай болчих гээд байна. Намын ажилд шүүмжлэл дагуулаад байгаа асуудал бол дээр хэлсэн “эргэлзээтэй томилгоо” л юм билээ. Жигүүрийн хувьд энэ асуудлыг шийдвэрлэх гэж Намын XXV Их хурал дээр санаачилга гаргаж боловсон хүчний томилгоо хийх журмыг батлуулсан байдаг юм. Энэ журам хэрэгжиж, намын журмын нөхөд маань намд зүтгэснийхээ төлөө шударгаар өрсөлдөж томилогддог зарчимд орчихвол жигүүр үүргээ гүйцэтгэлээ гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний зөв зарчим үйлчилдэг, намын гишүүд, дэмжигчид томилгоонд эргэлздэггүй болсон цагт жигүүр татан буугдана.
-Өнгөрсөн Бага хурлын үеэр танд хариуцдага хүлээлгэх талаар ярилцсан юм уу. Учир нь нам доторх багахан зөрчлийг ил гаргалаа гэж хүлээн авах хүн олон байгаа гэсэн?
-Надад хариуцлага хүлээлгэх талаар уу. Тийм зүйл гараагүй. Миний хувьд хоёр удаа намын бодлогыг дагалгүй өөрийн гэх юм уу, сонгогчид, ард түмний төлөөлөл болсон хүний хувьд байр сууриа илэрхийлсэн. Түүнийгээ одоо ч гэсэн үгүйсгэж, урваж шарваад байдаггүй, зөв гэдэгт итгэлтэй байдаг. Тэр шатдаг шингэн авчирчихсан, шүдэнз зурж намын байр шатааж явсан хүмүүсийг өршөөх ёсгүй гэж үзэж Өршөөлийн хуулийг дэмжээгүй. Нөгөө нэг нь Оюутолгойн гэрээ манай талд ашиггүй байна, сайжруулах шаардлагатай гэсэн байр суурь баримталсан юмаа. Бага хурлын үеэр надад хариуцлага тооцох тухай биш харин үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэхийг хааж боогдуулах санаа бол цухалзсан. Тодруулбал, намын дүрэмд иймэрхүү намын ардчиллын эсрэг зохисгүй өөрчлөлт дүрмийн бус аргаар оруулах санал гараад дэмжигдээгүй.Ер нь тэгээд жирийн гишүүн байх үедээ намын дотоод ардчиллыг бэхжүүлэхийн төлөө байгаад өөрсдөө удирдлагад гарахаараа “бидний үгийг үг дуугүй дага” гэж болохгүй л дээ. Харин дотроо эхэлж яръя гэж байгаа нь зөв зүйл. Одоо тэгээд бидний үеийнхэн л намын удирдлагад гарлаа, ойлголцоод явна гэдэгт эргэлзэхгүй байна, Нам эрүүл, олон түмний дэмжлэгийг хүлээе гэвэл олон талаас нь асуудлыг авч ярьдаг байх хэрэгтэй л дээ.
-Жигүүрийн үүргийн талаар та юу гэж үзэж байна вэ. Жигүүр улс орны хөгжилд нөлөөлөх зарчим, бодлогын шинж чанартай асуудал тавьдаггүй. Харин жижиг зүйлийг өлгөж улс төрийн тоглолт хийх зарчмаар асуудалд хандаад байна гэсэн шүүмжлэлт нийтлэлүүд ч гарч байна. Та үүнд хариулт хэлэхгүй юу?
-Өмнө би нэг сонинд өгсөн ярилцлагадаа “Жигүүр маань дан ганц хүмүүс ирж гомдлоо илэрхийлж, бухимдлаа тайлдаг газар болбол үндсэн зарчмаасаа хазайна шүү” гэж хэлснээ санаж байна. Ажил хэрэгч, зарчимч шүүмжлэлийн зэрэгцээ хамгийн чухал нь бүтээлч ажлаар намдаа туслах нь бидний гол үүрэг байх ёстой гэж бид үздэг. Бид нэг гэрт л амьдарч байгаа. Гэр дотроо ярих асуудал гэж бас байна. Тэр тусмаа гэрээ нураагаад хамтдаа гудамжинд гарчихаж болохгүйг аль аль талаасаа ухаарч байгаа гэж ойлгож байна. Нөгөө талаар бид ч гэсэн дан ганц шүүмжлэлээр асуудлыг шийдээд, алдаа гаргасан нөхдөө ухааруулаад, засаад явна гэвэл худлаа болов уу.Зөвшилцөл, хэлцэл, үйл ажиллагаараа харуулаад явах гарц хаа нэгтээ байж л таараа. Бидний явуулж байгаа үйл ажиллагаа жирийн иргэд, намын гишүүд, дэмжигчдийн санал бодол дээр тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, тэдний яриад байгааг л илэрхийлж байдаг. Мөн жигүүрийн зүгээс хөгжлийн гол хүчин зүйл хүний хөгжил гэж тодорхойлж, шилдгээ гаргаж ирээд зүтгүүрээ болгодог боловсон хүчний тогтолцоог эрхэмлэе, төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье, манай намын нэг давуу тал болсон ахмадаа сонсъё гэх мэт зорилгыг үйл ажиллагаандаа дэвшүүлээд явж байна. Гэхдээ жигүүр намаас гадна нам шиг ажиллаж бас болохгүй, уялдуулах шаардлага байна. Ер нь нам дотор жигүүр ямар хариуцлага, үүрэг хүлээж, эрх эдлэхийг тодорхой болгож өгөх хэрэгтэй байх шиг. Харин зарчимч, улс төр шингээгүй шүүмжлэлийг сонсож алдаа, дутагдлаа засахын төлөө байна аа.
-Иргэний нийгмийн төлөөллүүдээс зохион байгуулсан 4 дүгээр сарын 5-ны жагсаал дээр жигүүрийн удирдах зөвлөлийн гишүүн Батсайхан гэдэг хүн мэдэгдэл хийсэн гэсэн. Энэ хүн хувь хүний байр сууриа илэрхийлсэн үү. Эсвэл жигүүрийн оролцоо байсан уу?
-Манай Батсайхан цэргийн офицер цолтой, нийгмийн идэвхтэй хүн. Тэр чиглэлээр чөлөөнд гарсан офицер нарын “Миний эх орон-Монгол” гэдэг төрийн бус байгууллагын идэвхтэй гишүүн. Тэр байгууллагаа төлөөлж цуглаанд оролцсон юм билээ. Харин жигүүрийн зүгээс ямар нэг оролцоо байгаагүй.
-Таныг саяхан нэг сонинд “Зоос” банкнаас 800 сая төгрөг зувчуулсан гэсэн байсан. Үүнд Та ямар хариулт өгөх вэ?
-Одоо ч ер нь нэгнийгээ шууд гүтгэчихдэг болж дээ. Зарим нэг хүн бусдыг гутгэж нэр хүндийг нь унагаж, өөрийгөө авч гарах гарц олох юм шиг буруу төсөөлөөд байх юм. Ийм арга зам ч хол явахгүй дээ. Миний болоод манай гэр бүлийн хэн нэг хүний оролцоотой “Нэмүт констракшн”гэдэг компани байхгүй.Тийм компанийн огт холбогдолгүй 600 гаруй сая төгрөгийн зээлийг надтай холбосон байна билээ. Арай хэтэрсэн хэрэг. Миний хувьцаа эзэмшдэг компанийн нэртэй ижил төстэй болгоныг холбоод, гүтгээд байж болмооргүй санагдана. Орон сууцны удаан жилийн хугацаатай, төлбөрийг нь цаг хугацаанд нь төлөөд явдаг 100 гаруй сая төгрөгийн зээл бол байгаа. Түүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн шүү дээ. Би тэр сонинд нь хандаж залруулга гаргаарай гэсэн. Залруулга гаргахыг нь харж байна. Гүтгэлэгт бас хариуцлага гэж байдаг байлгүй дээ. Цаана нь байгаа хүнийг мэдэж байна. Хариу баривал барьсан шиг барина аа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.